Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

МАНАН-гийн тохиролцоо жижиг намуудыг өөрсдийнх нь хаяаг түшихэд хүргэв

Б.Төрбат
2016 оны 5 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Улс төрийн хоёр том намын тохиролцоо жижиг нам, эвслүүдэд боломж олгосонгүй. Үүгээр барахгүй тэднийг өөрсдийнх нь хаяаг хүссэн, хүсээгүй түшилцэхэд хүргэв. 

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентын сонгуульд дангаараа, эсвэл ямар нэгэн намтай эвсэж оролцохоо эртнээс илэрхийлж байсан зарим жижиг нам, эвсэл сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Үүнээс гадна тэд хоёр том намын аль нэгийг нь дэмжиж ажиллахаа ч мэдэгдэв. 

Тэд ийм шийдвэрт хүрэх болсон нь өнгөрсөн сарын 22-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбоотой. Учир нь, Цэцийн гишүүд сонгуулийн холимог тогтолцоог хууль зөрчсөн. Нэг үгээр хэлбэл, парламентад жагсаалтаар орж ирэх нь буруу гэж үзсэн юм.

Гэхдээ өнөөгийн улс төрийн өрнөл, үйл явцыг ажиглахад жижиг нам, эвслүүд МАН, АН-ын аль нэгийг нь дэмжиж, ирэх сонгуульд оролцохоос өөр сонголтгүй болгож байгаа нь “МАНАН-гийнхан хаалганы цаана наймаалцаж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн” гэх олон нийтийн хардлагыг баталж байх шиг дүр зураг харагдаж байна. 

Жижиг намын удирдлагууд дээрх Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, “МАНАН-гийн захиалга” хэмээн тайлбарлаж байсан. Энэхүү байр сууриндаа УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн бат зогсож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн шийдвэрийг хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авсан бол бусад жижиг намын дарга нар ч өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байв. 

Тухайлбал, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Энэ бол хоёр том намын хийж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, МАН, АН-ынхан өөр намуудыг гаргахгүй байх үүднээс ийм үйлдэл гаргаж байх шиг байна” гэх тайлбарыг өгч байсан бол МҮАН-ын дарга М.Энхсайхан “Жижиг нам, эвслүүдийг хавчсан тогтолцоонд гулсаж орж байгаа нь харамсалтай.

Мэдээж энэхүү асуудлыг жижиг намууд хоорондоо ярилцана. Бид идэвхтэй сөрж зогсохыг эрмэлзэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Гэсэн ч өнөөдөр удахгүй болох УИХ-ын сонгуульд дангаараа болон эвсэж орохоор сэтгэл шулуудаад байсан жижиг нам, эвслүүд МАН, АН-ыг бараадаж эхэлсэн хоёр том намын тохиролцоо, тэдний хүсэл ногоон гэрлээр батлагдах нь тодорхой боллоо. 

МАХН-ын хувьд дээрх жижиг намуудтай эвсэж сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан.

Үнэндээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нам, эвслүүд Үндэсний аудитын газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлж дууссан.

Өнөөдрийн байдлаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд 14 нам, 85 бие даагч оролцохоо мэдэгдээд байсан бол дөрвөн жижиг нам Ардчилсан намыг дэмжиж оролцохоо илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, тэд энэ удаагийн парламентийн сонгуульд оролцохгүй, өнөөгийн эрх барьж буй намыг дэмжиж оролцохоор болжээ. 

Тодруулбал, “ИЗНН”, “МҮАН”, “ХҮН” болон “Эх орон” намууд АН-ыг бараадаж, сонгуулийн өмнө болон хойно УИХ болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд удирдлагуудаа шургуулан оруулах боломжийг хайж, тохиролцоонд хүрэх нь тодорхой болов. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тус намын нэр дээр ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүтэй таван гишүүн парламентын сонгуульд, гурван гишүүн нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр болжээ.

Харин МҮАН-аас УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар ирэх сонгуульд АН-ын нэр дээр хүч үзэхээр шийдсэн гэнэ. Үүнээс гадна Эх орон намын дарга Б.Эрдэнэбат ч тус намыг дэмжиж сонгуульд оролцохоо мэдэгдсэн бөгөөд дотроо зөрчилтэй байгаа Хөдөлмөрийн үндэсний нам ч гэсэн өнөөгийн эрх барьж буй намыг дэмжиж, сонгуульд оролцохоо мэдэгджээ. 

Харин МАХН-ын хувьд дээрх жижиг намуудтай эвсэж сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Үүнээс гадна МАН-тай эвсэх асуудал хүчтэй яригдаж байсан ч тодорхой шалтгааны улмаас хоёр нам тус тусдаа сонгуульд оролцохоор болж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнгөрсөн Баасан гарагт хүргэж өгсөн билээ. 

Зураг