Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаяр: Ажиллангаа боловсрол эзэмших боломжтой

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 2
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Сургалт судалгаа, шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяртай ярилцлаа.

-СЭЗДС нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болсон. Ингэснээр танай сургуулийг сонгон суралцаж буй оюутнуудад ямар давуу тал үүсэж байна вэ?

-АНУ-ын боловсролын яамны хүлээн зөвшөөрсөн ACBSP (Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл) магадлан итгэмжлэлийн байгууллага байдаг. 2012 онд манай сургууль Монгол Улсад анх удаа энэ байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

Энэ нь СЭЗДС-ийн сургалтын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрсэн гэдгийг илтгэн харуулж байгаа юм.  Ингэснээр төгсөгчдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөж олон улсын зах зээлд ажиллах, суралцах боломж нээгдсэн. Түүнчлэн оюутнууд маань ACBSP-ын гишүүн 1,000 гаруй их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, сонирхсон мэргэжлээрээ хүссэн гаднын сургуульд шилжин суралцах боломж нээгдэж буй.

-ACBSP-ын итгэмжлэлийг авахад ямар шаардлага тавьдаг юм бол?

-ACBSP-ын магадлан итгэмжлэлийн үндсэн зарчим нь сургууль нь сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй боловсронгуй болгодог, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулдаг байх ёстой байдаг. Зургаан үндсэн стандартын шаардлагыг хангаж байж магадлан итгэмжлэгддэг. Манлайлал, стратегийн төлөвлөлт, оролцогч талуудын оролцоо, сургалтын үр дүнгийн шинжилгээ, хүний нөөц, процессын менежмент гэсэн стандарт тус бүрээр систем тогтсон эсэхийг харгалзан үздэг.

-Гадаад хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ. Ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ?

-Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан, солилцооны, шилжин суралцах зэрэг олон  хөтөлбөр хэрэгжиж байна. 2+2 хөтөлбөрийн хувьд манай сургууль 10 гаран жилийн туршлагатай бөгөөд СЭЗДС-д хоёр жил суралцаад, дараагийн хоёр жил нь манай сургуультай гэрээтэй олон улсын их, дээд сургуулиудад шилжин суралцах боломж олгож буй.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан, солилцооны, шилжин суралцах зэрэг олон  хөтөлбөр хэрэгжиж байна.

Цаашид илүү уян хатан 1+1+1+1, 2+1+1 гэсэн хэлбэрүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайн оюутан СЭЗДС болон тухайн шилжин суралцсан сургуулийн гээд хоёр дипломтой төгсөнө.

Сонирхуулахад, өнгөрсөн жил манай сургуулийн нэг оюутан Монголдоо хоёр, Тайваны Азийн их сургуульд нэг, Их Британын Сандерлэндийн их сургуульд нэг жил гээд гурван сургууль дүүргээд гурван сургуулийн дипломтой төгссөн байх жишээтэй.

Энэ мэтчилэн оюутан, залуучуудад маш олон төрлийн боломж нээлттэй байгаа. Мэдээж эдгээр хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн оюутан өөрөө сайн сурлагатай, хэлний мэдлэгтэй байх ёстой. ACBSP-ийн гишүүн 1,000 гаран их сургуулиас гадна 10 гаруй орны 30 орчим  их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. 

-Танай сургуулийг сонгон суралцсанаар өөр ямар боломжууд нээлттэй байдаг вэ?

-Бид өнгөрсөн намраас академик англи хэлний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь оюутан нэг, хоёрдугаар курсдээ дөрвөн түвшний англи хэлний хичээл үзэж, улмаар хоёрдугаар курс төгсөхдөө англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй төгсөх юм. Энэ нь олон улсын стандарт түвшний оноотой дүйцүүлбэл дунджаар зургаа орчим IELTS-ын оноотой дүйнэ. Хэлний өндөр мэдлэг шаарддаг болсон өнөө цагт энэ хөтөлбөр маш үр дүнтэй гэж харж байгаа.

Гаднын оронд суралцах хүсэлтэй залуус болон үргэлжлүүлэн эх орондоо суралцах оюутнуудад аль алинд нь тун өгөөжтэй. Гурав, дөрөвдүгээр дүгээр курсдээ мэргэжлийн хичээлүүд судлах үед мэргэжлийн ном, сурах бичиг, судалгааны ажлуудыг англи хэлээр ашиглах, бусад орны оюутнуудтай хамтран бие даалт, судалгаа хийхэд хэлний чадвар чухал нөлөөтэй.

Энэ хичээлийн жилд оюутнуудын мэдлэгт хөрөнгө оруулах үүднээс цахим мэдээллийн сангийн үйлчилгээг авахад 47 орчим сая төгрөг зарцуулсан.

Тухайлбал EBSCO Discovery Service буюу нэгдсэн хайлтын системийг энэ оны нэгдүгээр сараас хэрэглэж эхлээд байна. EBSCO Discovery Service нь 133 нэр төрлийн мэдээллийн сан бүхий 464,001 гаруй ном зохиол, сурах бичиг тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний илтгэл, судалгаа байдаг.

Дэлхийн эрдэмтдийн судалгааны ажлууд, бүтээл, шинжлэх ухааны нээлт,  хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цахим эх сурвалжаас ажиллах боломжийг бид оюутнууддаа олгож буйн нэг жишээ юм. 

Мөн МҮХАТ, НЖДҮГ хамтран “Оюутан зөвлөх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд уг хөтөлбөрийн зорилго нь оюутан маань төгсөхдөө ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн байх юм. 

-Танай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь сургуулиа төгсөөд ажлын байртай болдог вэ. Мэргэжилтэн бэлтгэхдээ тухайн жилийнхээ эрэлт хэрэгцээг судалж, оюутан элсүүлэх тоогоо тогтоодог уу?

-Бид төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн судалгааг тасралтгүй хийдэг. СЭЗДС төгсөгчдийн 43 хувь нь сургуулиа төгсөхөөсөө өмнө ажилд орсон бол 44 хувь нь төгссөнийхөө дараа зургаан сарын дотор ажилд орсон байдаг. Энэ тоог нэгтгэвэл СЭЗДС-ийг төгсөгчдийн 87 хувь нь төгсөөд ажлын байртай болдог. Түүнчлэн үлдсэн 13 хувь нь яагаад ажилгүй байгааг ч судалсан. Ингэхэд зарим нь үргэлжлүүлэн магистрын зэрэг горилох болон гадагшаа сургуульд явж байгаагаас үүдэлтэй байна. Мөн хувийн шалтгаанууд ч нөлөөлсөн гэж гарсан. 

Манай сургууль жил бүр мэргэжил бүрээр элсүүлэх оюутны шалгуур, тоо болон тухайн мэргэжлийн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тогтсон системтэй. Энэ дагуу бид зах зээлийн судалгааг тогтмол хийдэг. Тухайн мэргэжил Монголын бизнесийн орчинд ямар эрэлт хэрэгцээтэй байгаа, дэлхийн чиг хандлага хааш явж байгаа зэрэгт тулгуурлан сургалтынхаа хөтөлбөрийг боловсронгуй болгодог.

Боловсролын хөндлөнгийн үнэлгээ хийдэг байгууллагаар бид үнэлүүлэхэд 2014-2015 оны хичээлийн жилд манай оюутнуудын үнэлгээ Монголын их, дээд сургуулийн дундаж үнэлгээнээс 3.6, ACBSP-ын гишүүн сургуулиудаас 3.1 хувиар өндөр гарсан. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л манай оюутнууд нягтлан бодох бүртгэл,  маркетинг, банкны улсын олимпиадын тэргүүн байрыг эзэлсэн сайхан мэдээ дуулгахад таатай байна.

-Өнгөрсөн жилээс цахим ухаалаг сургалтыг туршиж эхэлсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-1980-аад оноос дэлхий нийтээр цахим сургалт руу хошуурч эхэлсэн. Гэхдээ амьд харилцаа байхгүй учраас төдийлэн үр дүнд хүрээгүй. Харин энэхүү орон зайд уламжлалт танхимын сургалтыг цахим сургалтын давуу талтай хослуулан хэрэгжүүлдэг холимог хэлбэрийн сургалтын технологи өнөөгийн их, дээд сургуулийн жишиг болж байна.

Бид энэ сургалтын технологийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа ба “Цахим ухаалаг” сургалт гэж нэрлээд буй. 

1980-аад оноос дэлхий нийтээр цахим сургалт руу хошуурч эхэлсэн.

Цахим ухаалаг сургалтыг бид гадаадад амьдарч буй монголчууд болон орой, эчнээ хөтөлбөрийн оюутнууддаа санал болгож эхлээд байна. Ирэх хичээлийн жилд өдрийн хөтөлбөрийг цахим ухаалаг сургалт руу шилжүүлэхээр төлөвлөсөн.

Ингэснээр оюутнууд тухайн сургалтын удирдлагын системийг ашиглан хичээлтэй холбоотой материалаа судлах, лекцээ видеогоор үзэх, хичээлдээ урьдчилан бэлтгэх, багшаас зөвлөгөө авах зэргээр сургалтын үйл ажиллагааг илүү хөнгөвчлөх боломж гарна.

Технологи ашигласнаар оюутнуудад маань илүү сонирхолтойгоор, тасралтгүй суралцах боломжтой болохоос гадна танхимд зарцуулах байсан цагаа практик дээр ур чадвараа дээшлүүлэх, бүтээлчээр суралцахад зарцуулах боломжтой болох юм. 

-Энэ хичээлийн жилд хэчнээн оюутан төгсөж байна вэ. Мөн босго оноогоо тогтоосон уу. Төлбөр нэмэгдэх үү?

-Энэ жилийн хувьд бакалавр, магистр, докторын зэргээр 10 төрлийн мэргэжлээр 4,000 гаруй оюутан суралцаж байна. Энэ жилийн босго оноо дунджаар 620 байхаар журамд тусгасан. Сүүлийн хэдэн жил ч ийм байсан. Төлбөр нэмэхгүй байх бодлого барьж байгаа.  Энэ жил шинэ хэлбэрийн хөтөлбөрийг санал болгож байгаа.

Энэ нь ажиллангаа боловсрол эзэмших шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөр юм. Энэ нь борлуулалтын ажилтан, оффис менежер, нярав, теллер, компьютерийн техник хангамж,  зочлохуйн үйлчилгээний ажилтан зэрэг үндсэн мэргэжлээр нэг жил СЭЗДС-д суралцаад мэргэжлийн үнэмлэх гардана.

Ингээд манай сургуультай гэрээтэй байгууллагад ажилд орно. Практик дээр дадлагажсан хүн үргэлжлүүлэн суралцаж, зэрэг горилох бүрэн боломжтой.

Ажиллаж байгаа хүнд хэрэгцээ үүсэх тул сурахад илүү таатай орчин бүрдэнэ. 

Ажиллаж байгаа хүнд хэрэгцээ үүсэх тул сурахад илүү таатай орчин бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, санхүүгийн хувьд асуудалгүй болж байгаа юм.

Ер нь байгууллагуудын хүний нөөцийн бодлого нь ажилтнаа хамгийн доод түвшнээс нь эхлэн сургаж, дэвшүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл дөрвөн жил сурсан хүүхдүүд зарим гүйцэтгэх түвшний ажлыг голдог.

Тэгэхээр байгууллагын хүний нөөцийн бодлого хүүхдүүдийн хүлээлт хоёр зөрчилдөж байгаа юм. Иймд шаталсан сургалтыг сонговол ийм зөрчил үүсгэхгүй байх талтай. Суралцах хугацаандаа бүх ажлыг нь гүйцэтгээд сурчихна. Харин төгсөхдөө хүсэн хүлээсэн түвшинд хүрчих боломжтой.  

-Залуусд гадаадад суралцах сонирхол түлхүү байдаг. Монголдоо сурахын давуу тал юу байна?

-Монголдоо сурах нь мэдээж олон давуу талтай. Монголынхоо орчин, нөхцөл байдлыг сурахынхаа явцад судалж, таньж мэднэ. Ажлын орчин, систем, зохион байгуулалтын тухай ойлголт зөв тогтоно. Эх хэл дээрээ мэргэжлийнхээ суурийг авна гээд олон давуу тал хэлж болно.

Гадаадад суралцаад ирж байгаа залуусын хувьд тухайн улс орны хөгжлийн түвшин, боловсролын бодлогоос шалтгаалан хандлага, ур чадвар нь харилцан адилгүй байдаг. Тиймээс Монголын бизнесийн орчинд тохирох нь ч бий тохирохгүй нь ч бас байна. Тиймээс л бид  2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм шүү дээ. 

-Энэ жилийн элсэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?

-СЭЗДС дээрээ энэ сарын 30-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Энэ үеэр манай сургуулиас санал болгож буй бүх мэргэжил, хөтөлбөрийг танилцуулна. Тавдугаар сарын 2-ноос манай сургуулийн элсэлтийн бүртгэл орон даяар цахимаар эхэлж, зургадугаар сарын 30-нд дуусна. Ийм урт хугацаанд бүртгэлээ явуулж буйн шалтгаан нь тавдугаар сарын 2-ноос хоёр төрлийн цахим ухаалаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой.

Тодруулбал, өөрийгөө сорих цахим ухаалаг хөтөлбөрийг манай сургуулийг сонгон суралцах гэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд явуулна. Хөтөлбөрийн хүрээнд математик, англи хэл, нийгэм, монгол хэл гэсэн дөрвөн чиглэлээр долоо хоног бүр сорилд хамрагдаж, гарсан үр дүнгийн дагуу зөвлөмж өгнө. Хоёр дахь нь мэргэжилтэйгээ танилцах цахим ухаалаг хөтөлбөр. Мэргэжлийн сонголтоо зөв хийхэд нь туслах зорилготой.

Жишээлбэл, нягтлан бодох бүртгэлээр сурвал ямар төрлийн ажил хийдэг, төгсөхдөө юу мэддэг, юу чаддаг хүн болох вэ, сургалтаа хэрхэн явуулдаг вэ гэх мэт маш олон асуултад хариулт авах боломжтой. 

Ингээд ЭЕШ-ын дүн гармагц орон даяар жагсаалт гаргаж, өөрсдийн болзлын дагуу элсэгчдээ шалгаруулж авна. Хөдөө орон нутгийн элсэгчид мэдэхгүй өнгөрчихдөг асуудал гардаг. СЭЗДС-ийн бүртгэл 2016 оны тавдугаар сарын 2-ноос орон даяар elselt.ife.edu.mn цахим хуудсаар явагдана. 

-Одоо шалгалтаа өгөөд мэргэжлээ сонгох гэж байгаа залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хувь хүнийхээ хувьд ямар давуу, сул талтайгаа, юуг илүү чаддаг вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. “Би аль чиглэлээр явбал илүү үр дүнд хүрэх вэ” гэдгээ мэддэг байх учиртай. Дараа нь боломжийг харна. Аль салбар илүү ирээдүйтэй байна вэ гэдгийг харгалзан аль чиглэлээр суралцах шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.