Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэлмүүн: Зорилгоо биелүүлж Фулбрайтын ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Америкийн Нэгдсэн Улсын Корнеллийн их сургуульд Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт Фулбрайтын тэтгэлгээр суралцаж байгаа Б.Тэлмүүнтэй ярилцлаа.

Тэрбээр МУИС-ийг Олон улсын эрх зүйн магистр, Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр, СЭЗДС-ийг Санхүүгийн удирдлагын бакалавр мэргэжлээр тус тус дүүргэсэн. Одоо Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Корнеллийн их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлого чиглэлээр Төрийн удирдлага магистрын хөтөлбөрт суралцаж байна. 

Түүний Фулбрайтын тэтгэлэг авах хүртэлх замнал

Тэрбээр Америкт тэтгэлэг авч ирэх хүртэл ойролцоогоор дөрвөн жилийн хугацаа зарцуулсан аж. Энэ хугацаанд GRE, GMAT, IELTS шалгалтуудыг тус бүр нэг удаа, TOEFL-ын шалгалтыг таван ч удаа өгч, дөрвөн төрлийн тэтгэлэгт 11 удаа хүсэлт гаргасан. Үүнээс Фулбрайтын хөтөлбөрт дөрөв дэх удаагаа материалаа өгч тэнцсэн хариу авсан. Энэ хооронд нийт 6 сургуулиас /ихэнхдээ тэтгэлэггүй/ тэнцсэн гэсэн урилга авсан. 

- Сайн байна уу. Цагийн зөрүүтэй ч гэсэн зав гарган онлайнаар ярилцаж байгаад баярлалаа. Америкт амьдарч, сурахад ямар байна вэ?

- Америкт өнгөрүүлж байгаа эхний жил маань адал явдалтай аялал шиг их сонирхолтой өнгөрч байна. Сургуулийн хувьд чамгүй ачаалалтай, унших судлах, бичих ажил ихтэй. Хамгийн багадаа өдөрт 60-70 хуудас материал унших шаардлагатай. Хоёрхон жил суралцах учраас сургууль дээр болж байгаа шинэ мэдээлэл, ярилцлага, арга хэмжээнд бас аль болох хамрагдахыг хичээж байгаа. Түүнчлэн, сургуулийнхаа Оюутны зөвлөлийн дэд тэргүүн болсноос хойш улам завгүй болоод байна. Энд ирээд мундаг хүмүүстэй танилцаж, хичээл номоо үзэх тусам өөрийгөө юу мэдэхгүй, чадахгүй байгаагаа улам бүр мэдэрч, өөртөө их санаа зовж, илүү их хичээх хэрэгтэй гэдгээ алхам тутамдаа ойлгож байгаа. 

- Заавал яагаад АНУ-г сонгох болсон бэ? Анхнаасаа шилдэг гэсэн сургуульд орох мөрөөдөлтэй байсан уу?

- Би Сангийн яамд ажиллаж байх үед гадаад дотоодын олон мундаг мэргэжилтнүүд, зөвлөхүүдтэй ажиллаж тэдний чадвар, мэдлэгээс суралцах боломж олдсон. Тухайн үед бусдын л нэгэн адил гадны өндөр хөгжилтэй оронд сурч, тэдэн шиг болох ёстой, өөр зам байхгүй гэж боддог байсан

Үндсэндээ гурван том шалтгаан байсан. Нэгдүгээрт, Англи хэлийг академик түвшинд сайтар эзэмших. Хоёрдугаарт, өөрийн сул талуудыг хөгжүүлэх. Тухайлбал, олон санаа бодол дунд дүгнэлт хийх, шүүмжлэлтэй хандах, эконометрикс, судалгааны арга зүй гэх мэт техникийн чадваруудаа сайжруулах. Гуравдугаарт, танилын хүрээгээ тэлэх. Өөрийгөө хаана яваа, энэ дэлхий ертөнц яаж эргээд байгаа, бусад хүмүүс яаж амьдарч, сурч, ажиллаж байгааг харж, тэдний сэтгэлгээ, онцлогоос суралцахыг хүссэн. 

 Адилхан л хүн байж яагаад шилдэг гээд байдаг сургуульд суралцаж болохгүй гэж бодож эхэлсэн

Эхлээд бол ямар ч байсан гадаадад сурна гэж боддог байсан. Сүүлдээ адилхан л хүн байж яагаад шилдэг гээд байдаг сургуульд суралцаж болохгүй гэж бодож эхэлсэн. Хамгийн муугаар бодоход татгалзлаа гэсэн хариу авна биз гэж бодсон шүү.

Хүн ер нь тултал нь том мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд  өөрийгөө тэр дунд байна гэж харж, харьцуулж, тэмүүлж байж урагш алхдаг байх. Англи хэлэнд "shoot for the moon even if you miss you'll land among stars" буюу том зүйл руу онилоод үз, алдсан ч гэсэн сум чинь нэлээд хол туссан байна гэх утгатай үг байдаг. Жижиг зүйл рүү онилбол, сум нь явж өгөхгүй унах юм уу даа. Үүнтэй ижил, хүсэл, зүтгэл байвал хүний боломж, чадалд хязгаар байхгүй шүү дээ. Хүсэл чинь боломжгүй мэт санагдахгүй бол хэзээ ч чи том зүйлд хүрэхгүй.

- Таны Англи хэлний түвшин ямар байсан бэ?

- Англи хэл сайн байгаагүй ээ. Одоо ч гэсэн хангалттай сайн болоогүй. 2010 онд анх TOEFL-ын шалгалт өгөөд 83 оноо авсан. Сангийн яаманд ажиллах хугацаандаа Дэлхийн банк, Олон Улсын Валютын сангийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байсан маань хэрэглээний англи хэл сайжрахад чухал нөлөө үзүүлсэн.

Сурах эсэх бол зөвхөн та биднээс хамаарна

Одоо үед Англи хэл нь мэдлэг гэхээс илүү хүнд заавал байх ёстой энгийн нэг чадвар болж байх шиг. Англиар авч болох мэдээллийг Монголтой харьцуулшгүй том. Монголоос гарч өрсөлдөнө гэвэл цаана чинь байгаа өрсөлдөгч нар хамгийн багадаа 2, 3 хэлтэй. Тэгэхээр англи хэл байтугайг эзэмшихгүй бол бусадтайгаа ӨРСӨЛДӨХ боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, бусадтай өрсөлдөхийн тулд танд сурахаас өөр ямар ч УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ шүү. Сурах эсэх бол зөвхөн та биднээс хамаарна.

 

-  Өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд дөрвөн жилийн турш бэлдсэн гэж өөрийн блог дээрээ бичсэн байсан. Ажлын хажуугаар хэрхэн бэлддэг байсан бэ?  

- Хамгийн гол нь хүсэх хэрэгтэй. Үнэхээр хүсч байхад ажил их байх, хийж амжихгүй гэсэн шалтгаанууд гарсан ч хүн өөртөө цаг зав гаргаж чаддаг юм билээ.

Улсын төсөв боловсруулах 8, 9 сарын үед Сангийн яам маш завгүй болдог. Өдөр шөнөгүй, амралтын өдөргүй шахам ажиллаж, шөнө дунд харих нь тэнд хэвийн үзэгдэл. Яг энэ үеэр GRE, IBT зэрэг гол шалгалтуудаа өгч таарсан. Зуун хувь надаас шалтгаалж байгаа болохоор ухрах зам байхгүй. Яаж ч нойргүй хоносон цайны цаг, ажлын зав чөлөө, гэртээ хариад шууд номоо эргүүлдэг байсан. Олон ч шөнө номоо дэрлээд унтах эсвэл ажилтайгаа холиод зүүдэлдэг байсан даа.

Олон шөнө номоо дэрлээд, гэрлээ асаалттай унтахнэг ч хуудас эргүүлээгүй унтах, ажилтайгаа холиод зүүдэлсэн

Аль болох тогтмол бэлдээд ирэхээр өөрийнхөө сул талыг сайн анзаардаг санагдсан. Тэгээд өөртэйгөө ажиллаад, сайжирч байгаагаа мэдрэхэд урамтай шүү. Бэлдэх арга бол хүн бүрт өөр байх, хамгийн гол нь хэр зэрэг хүсч байгаа гэдэг чинь чухал.

Мэдээж ганцаараа бэлдээд байхаас илүү сайн хамтрагч, дэмжих хамт олонтой байна гэдэг маш чухал. Ганцаараа бэлдээд эсвэл мундагтаа тэтгэлэг, сургуульд явна гэсэн шиг худлаа юм байхгүй. Миний хувьд найзтайгаа хамтран Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдсэн. Эцэст нь хоёулаа тэтгэлэгтээ тэнцэж, сургуульдаа орсон. 

Хүсч байхад ажил их байх, хийж амжихгүй гэсэн шалтгаанууд гарсан ч хүн өөртөө цаг зав гаргаж чаддаг

Үүнээс гадна Сангийн яаманд залуучууд ихтэй, халуун дулаан ажлын уур амьсгал бүрдсэн байдаг. Хамт олондоо хүсэл, зорилгоо хэлж "ингэмээр байна, тэгмээр байна" гэхэд их дэмжиж, тусалдаг байсан. Тиймээс ч сургууль соёл гээд олон хүмүүст яриад яваад байдаг, тэтгэлэгт унаад байхад шар хөдлөөд, улам их хичээхээс өөр аргагүй болсон. Өөрийгөө хөшүүрэгдэж байгаа нь тэр биз.

- Ярих, бичих, унших, сонсох гэсэн чадваруудаа хэрхэн хөгжүүлж байсан талаар хуваалцаач?

- TOEFL, IELTS гэх мэт эдгээр стандарт шалгалтууд бол тэр чигээрээ арга барил, дадал, техник. Өндөр оноо авахын тулд заавал төгс хэлтэй байх бас шаардлагагүй. Үнэхээр зөв техник эзэмшээд, аргыг нь олвол та хангалттай өндөр оноогоо авах боломжтой

  • Ярих: Өөрийнхөө ярьж байгааг бичээд, сонсох нь үр дүнтэй байсан. Алдаагаа их сайн олж хардаг. Ер нь бусадтай ярихгүйгээр ярианы чадвар сайжрах боломжгүй.
     
  • Унших: Аливаа текстийн загварыг хараад логик дараалал, бүтцийг анхаарч ойлгох нь чухал. Мөн академик үгийн баялгаа нэмэгдүүлж , ашиглаж сурвал ямар ч шалгалтад тустай. Дахиад л маш их уншихгүйгээр сайжрах боломжгүй. Уншихдаа чанартай материал сонгох нь чухал. Миний хувьд The Economist сэтгүүл захиалж уншдаг байсан. Түүнчлэн, Google scholar-аас академик судалгааны материал уншихад их зүйл сурах байх гэж бодож байна.
     
  • Бичих: Унших чадвартай их холбоотой. Дүрмээс илүү бүтэц, найруулга, логик нь чухал санагддаг. Академик англи хэлэнд сунжирсан урт өгүүлбэр бичихээс зайлсхийдэг. Тиймээс маш тодорхой, энгийн бичих нь чухал. Догол мөр бүрийн эхний өгүүлбэрийг уншихад л гол санаа ойлгогддог байх хэрэгтэй. Үүний тулд чанартай нийтлэл, материалууд унших нь чухал.
     
  • Сонсох: Төрөл бүрийн баримтат кино их үздэг байсан. Хэлний стандарт шалгалтуудад янз бүрийн сэдэв ирнэ. Молекул эсээс авахуулаад амьтны ертөнц, архитектур, сансар огторгуй гэх мэт. Иймд төрөл бүрийн баримтат кино үзэж, салбар бүрийн талаар ойлголттой байх нь чухал бас сонирхолтой байх болов уу. 

- Таны хувьд дөрвөн жилийн хугацаанд 11 удаа тэтгэлэгт тэнцээгүй гэсэн хариу авсан. Яагаад шантралгүй өдийг хүртэл ирсэн гэж боддог вэ?

 "Би чадахгүй юм байна больё" гэж өөртөө ялагдах тухай бодохыг ч хүсээгүй

- Тухайн үед "би чадахгүй юм байна больё" гэж өөртөө ялагдах тухай бодохыг ч хүсээгүй. Адилхан хөл гартай хүмүүс явж болоод байдаг би болох л ёстой гээд хүсэл тэмүүлэлдээ шатаад, шар хөдлөөд, өөрийн эрхгүй биеэ дайчилж байсан. Тухайн үед шантрах гэхээс илүү өөрөөсөө л их ичсэн. Яагаад гэвэл бусдад яриад, амлаад байсан учраас тэр. 

Нэг удаа тэнцээгүй гэсэн ээлжит хариугаа аваад ажлын ах хүүд хэлэхэд шарыг минь малтаад их хурцалж өгсөн. Би ч шарандаа заавал тэнцэх болно гэж амлалт өгч байсан. Удалгүй тэнцээд, урилгаа авахад тэр ах маань надаас дутуугүй баярлаж байсан.

- Яагаад тэтгэлэгт тэнцээгүй гэсэн хариу авсан гэж дүгнэсэн бэ?

- Нэгдүгээрт, өөрийгөө хангалттай илэрхийлж чадаагүй. Хоёрдугаарт, өөрийгөө сайн таньж мэдээгүй. Гуравдугаарт, хүнд сэтгэгдэл төрүүлэх хэмжээнд хүртэл эссе материалаа бэлдэж чадаагүй, бэлтгэл дутуу байна гэж дүгнэж байсан.

 

- Ингэхэд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог юу вэ?

- Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас 60 жилийн турш 140 гаруй улс оронд хэрэгжүүлж ирсэн хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр нь юм. Уг тэтгэлэг нь улс орнуудын хоорондын соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл уламжлалаа бусдад сурталчлах боломжийг олгох зорилготой. Бүгдээрээ хамт хөгжье, бие биенээсээ суралцъя, тусалъя гэсэн үндсэн санаа байх шиг байгаа юм. Тэтгэлгийн талаар албан ёсны бүх мэдээлэл нэгдсэн байдлаар АНУ-ын Элчин сайдын яамны сайт дээр тавигддаг. Манай улсын хувьд жилд 13-15 орчим хүн тэнцдэг бөгөөд суралцах хугацааны бүх зардлыг тэтгэлгийн сангаас санхүүжүүлдэг. 

- Корнеллийн их сургуулиа төгсөөд яах вэ?

- Төгсөөд Монголдоо очих бодолтой байгаа. Би тангараг өргөн төрийн албанд ажиллаж байсандаа их баяртай, үргэлж бахархаж явдаг. Тиймээс энд хийж байгаа судалгаа, даалгавар бүрээ Монголтой холбож, Монголын нөхцөлд ямар байх бол гэсэн өнцгөөс харахыг оролдож байна. Таны ярьж байгаа чинь ингээд болдоггүй юм, АНУ чинь бусдаас өөр гээд л багш нартай маргах үе зөндөө. Төгсөөд төрийн албанд буцаж ороод өөрийгөө зориулах таатай боломж гарвал ажиллах хүсэлтэй байна шүү.

- Таны мөрөөдөл юу вэ?

- Хүний зорилго хүсэл мөрөөдөл байнга дээшилж, өөрчлөгдөж байдаг шүү дээ. Үүнтэй адил жил гэлтгүй өчигдрийн Тэлмүүнийг харахаар гэнэн ч юм шиг, дутуу бодож байсан ч юм шиг санагддаг

Сургуульд ирэх тухай боддог байсан бол одоо ямар их зүйл мэддэггүй, чаддаггүй болохоо ойлгож улам ихийг сурахыг хүсч байна

Эдийн засагт "new normal" тогтох гэсэн ойлголт байдаг. Биелэгдсэн хүсэл, алхсан шат чинь тэр даруй байх ёстой хэвийн зүйл мэт санагдаж дараагийн алхмаа төлөвлөдөг. Хүн давруу амьтан гэдэг шиг. Үүн шиг сургуульд ирэх тухай боддог байсан бол одоо ямар их зүйл мэддэггүй, чаддаггүй болохоо ойлгож улам ихийг сурахыг хүсч байна. Миний хувьд сургууль минь шинэ нормал нь болоод байгаа юм уу даа. Ингээд бодохоор том мөрөөдөлтэй байхаас гадна цаг үргэлж өөрийнхөө "normal"-ийг шинэчилж явах нь чухал мэт. Магадгүй төгсөх үедээ анх тэтгэлэгт бэлдэж байсан үеэсээ ч илүү цангасан амьтан болох байх.

Ирээдүйд гэр бүл, ойр дотнынхон, найз нөхөд, дүү нар, дараа үеэ өнөөдрөөс илүү МАРГААШ гэсэн дэвшилттэй орчинд амьдруулахын тулд бага ч болтугай хувь нэмрээ оруулахыг, залуусыг өндөр мэдлэг, чадвартай болж, боловсролын үнэ цэнийг ойлгодог, хүндэтгэдэг болоосой гэж хүсдэг шүү.

- Эцэст нь гадаадад БОЛОВСРОЛ эзэмших хүсэлтэй, мөрөөдөлтэй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

- Нэгдүгээрт, өөрөөсөө би үнэхээр хүсч байна уу гэж асуугаад үз. Тэгээд дотор байгаа хүнээсээ амлалт авах хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнхөө давуу, сул тал, дуртай, дургүй зүйлсээ ажиглаж, туршиж, мэдэх нь чухал. Гуравдугаарт, хүмүүсээс тусламж асуухаас битгий цааргал гэж хэлмээр байна. Ганц мод гал болохгүй гэдэг шиг. Бусдаас тусламж, зөвлөгөө авахаасаа санаа зовохгүй, нээлттэй байх хэрэгтэй байх гэж хэлмээр байна. Хүсэл л байвал бусад зүйлс нь БҮТЭЭД явчихна шүү дээ.

Хүсэл л байвал бусад зүйлс нь БҮТЭЭД явчихна

Үүнээс гадна бусдад үргэлж өөрийнхөө зорилгоо хэлж байх, өөртөө ч бас сануулж байгаарай. Энэ мэт хөшүүрэг таныг зорилго руу чинь түлхэж, улам бүр хичээх сэдэл болох болно. 

Дашрамд хэлэхэд, гадаадад сурдаг ихэнх залуучууд бүгд хэн нэгэнд тусалчих юм сан гэж хүсдэг. Тиймээс тэдэнтэй сайн холбогдож асууж, зөвлөж байгаарай. Маш олон блог, зөвлөгөө байгаа. Эндхийн монгол оюутны холбоо Best University Opportunity Program гэж зохион байгуулдаг. MBA хийх хүсэлтэй хүмүүс Mongol MBA гээд цуврал ярилцлагууд үзэх хэрэгтэй байх. Надаас ч бас блогоор маань дамжуулах асуух боломжтой шүү.

- Таны хичээл сурлагад тань амжилт хүсье. Зав гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Танай хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсье.