Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр: Малчны зээл нь экспортын гинжин хэлхээний эхлэлийн цэг, хөшүүрэг болно

ikon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн 10 хувийн хүүтэй зээлийн талаар Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Мөнхбаярын "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


 

“Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн шалгуурыг хангасан малчдад 10 хувийн хүүтэй зээлийг гуравдугаар сарын 15-наас олгож эхэлсэн.
Судалгаанаас харахад, нийт зээлийн 33 хувийг малын тэжээл авах, 27-г хашаа, саравч шинэчлэх, засах, 12-ыг үржлийн мал худалдан авах, есийг малын өвөлжөө, хаваржаа барих, худалдан авахад зарцуулжээ.
Монголбанкнаас малчны зээлийн мэдээг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд өдөр бүр хүргэж байгаа.
Дэд хөтөлбөрт гурван гол шаардлага тавьж байгаа.
Нэгдүгээрт, банкинд “Малчин данс”-тай, орлого, зарлагаа уг дансаар дамжуулан тогтмол хийдэг байх.
Хоёрдугаарт, малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалын  шимтгэлээ төлдөг байх шалгуур тавина.
Гуравдугаарт, малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд тогтмол хийсэн байх ёстой.
Дүгнэж хэлэхэд, гурван шалгуур нь үйлдвэрлэл эрхэлж буй хүний хувьд энгийн хэдий ч үр дүн нь том, хэвшүүлж сургах, зуршил болгох шаардлагатай ажил.
Монголбанкнаас бүх аймагт олгосон зээлийн материалыг шалгасны зэрэгцээ 636 малчин, Төрийн банкны 405 зээлийн эдийн засагч, 224 сумын Засаг даргаас түүвэр судалгаа авсан.
Судалгаанаас харахад үндсэн гурван дүгнэлт  хийж болохоор байна.
Нэгдүгээрт, цаг хугацааны хүчин зүйл зээл олголтод нөлөөлж байна. Тухайлбал, хөтөлбөр эхэлсэн цаг хугацаа нь мал төлөлт, ноос, ноолуураа зарж, орлоготой болдог үетэй давхцжээ.
Хоёрдугаарт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг хэрхэн сайжруулах, энэ чиглэлээр ямар ажил хийх, зээл авах төсөв, төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх зэрэг чадвар дутмаг байгаа нь анзаарагдаж байна.
Гуравдугаарт, малчдад нийгмийн даатгалын ач холбогдлын талаарх ойлголт дутмаг байна.
Зээлийн хэмжээ олон малтай малчдын хувьд шаардагдах хэмжээнээс нь бага, үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй сурч заншсанаараа хэрэглээний зээлээ авах сонирхолтой байгаа зэрэг сөрөг хүчин зүйл байна.
Бодлогын түвшинд анхаарах, сайжруулах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, малын эрүүл мэндийн дэвтрийг хөтлүүлж хэвшүүлэх, мал аж ахуйн статистикийг илүү бизнес хэрэглээ рүү чиглүүлэх хэрэгтэй.
Мөн үйлдвэр угсаа сайтай малын зах зээлийн мэдээллийг түгээх зэрэг энэ салбарыг зах зээлийн орчинтой болгох арга хэмжээг авах шаардлагатай.
Монголбанк инфляцийн түвшингээ урт хугацаанд тогтвортой, нам түвшинд байлгахын тулд энэ хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь оролцож байна.
Мөнгөний бодлогоор дамжуулан эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг арилгах, хуримтлалгүй, эмзэг, уул уурхайд суурилсан эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчлөх бодлого хэрэгжүүлж байгаа.
Хэрэглээг бус хуримтлалыг, ажлын байрыг, мэдлэг, технологийг дэмжихэд хүүгийн бодлогыг чиглүүлж, хүнс, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого баримталж буй.

Энгийнээр хэлбэл, Монгол малчны хотноос арлын Япон айлд гэсэн экспортын гинжин хэлхээний эхний цэг, хөшүүргээ Засгийн газартай хамтран эхлүүлээд явж байна.


Эх сурвалж: Өнөөдөр сонин