Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хоригдлын хомсдолд орсон Нидерланд улс шоронгуудаа хаахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ажиллуулахад хэт их зардалтай болсон тул Нидерланд улс ойрын хэдэн жилд таван шоронгоо хаахаар болсон байна.

Үнэндээ зардал мөнгөндөө биш, тус улсад гэмт хэргийн гаралт тогтмол буурч байгаагаас олон мянган шоронгийн өрөөнүүд ашиглагдахаа больжээ.

Энэ мэдээллийг Нидерландын The Telegraaf сонин засгийн газрын бичиг баримтаас олж авснаа анх мэдээлсэн байна.

Үүнээс гадна шоронгийн 1,900 ажилтан удахгүй ажлын байргүй болохыг тус баримтанд дурдсан байжээ.

Нидерландын хууль зүй, аюулгүй байдлын сайд Ард ван дер Стюрийн хэлснээр сүүлийн жилүүдэд тус улсад ноцтой гэмт хэрэг гарахаа больж, дундаж хоригдох хугацаа эрс богиноссон бөгөөд жил бүрийн гэмт хэргийн бууралт дунджаар 0.9 хувьтай байгаа гэнэ.

Уг асуудал нь Нидерландын хувьд цоо шинэ зүйл биш бөгөөд 2009 онд шоронгийн ашиглалт буурснаас наймыг нь хааж байсан бол 2014 онд 19-ийг хаасан байна.

Харин хөрш Норвеги улс Нидерландын хоосон шоронг ашиглаж 2015 онд 1,000 орчим хоригдлоо байрлуулж байжээ.

Нидерланд нь бас ганцаараа ийм асуудалтай тулгарсан орон биш. Швед улсын шоронгийн тоо 2004-2011 онд жил бүр 1 хувиар буурсан байна. Сүүлд 2011-2012 онд бүр 6 хувь буурч байжээ. 2013 онд Шведийн эрх баригчид дөрвөн шорон, нэг засан хүмүүжүүлэх төвийг ашиглалтгүйн улмаас хааж байгаагаа зарлаж байв.

Үүнд 2011 онд гаргасан Шведийн дээд шүүхийн шийдвэр нэг талаас нөлөөлсөн гэж үздэг. Тэр үед Швед хар тамхины хэрэгтэй хүмүүст хөнгөн ял оноож богино хугацааг торны цаана үлдээхээр шийдсэн юм.

 

Эх сурвалж: Quartz