Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт БНПУ-ын Элчин сайдын яам нээгдэнэ

ГХЯ
2016 оны 3 сарын 3
iKon.MN

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковскитэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.

 

Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов.

Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдлээ.

Энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.

Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байна.

Эх сурвалж: ГХЯ