Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХОНИНЫ СЭЭР ЯСЫГ ХЭРХЭН НУГАЛАХ ВЭ?

МОНСУДАР
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хонины мохоо хүзүүний үе, харцага нурууны үе хоёрыг холбосон байх бөгөөд хоёр хажуунаас нь хавирганы бураа залгалдан орших сэрвээтэй 12 ясыг сээр гэнэ. Хонины сээрийг нэг нэгээр жиргэж зочинд өгөхийг цээрлэнэ.

Тиймээс сээр ясны хэлхээсийг үелэн хөндөж, үеийг нь булгалалгүйгээр чанаж, сээрийн толгой талыг зочиндоо хандуулан хөндлөн тавьдаг заншилтай. Харин өөрсдөө идэх энгийн үедээ сээрийг нэг нэгээр нь юмуу 2-3 үеэр нугалж чанаж хүртдэг.

БҮРДЭЛ:

-    Хар сээр (I үе) – мохоо хүзүүтэй залгалдсан анхдугаар сээрийг хар сээр буюу мухар сээр гэдэг. Мөн мохоо сээр гэх нь ч бий. Учир нь жижигхэн хэсэг яс байдаг.

-    Зожиг сээр (II үе) – хар сээрийг бодвол нэлээд өндөр боловч бусад сээрээсээ зайсхан байрладаг тул зожиг сээр гэжээ. Гэхдээ сээрийн эхний үеүдийг нийтэд нь хар сээр гэдэг.

-    Мэгжин сээр (III-VII үе) – энэ нь 3-7 дугаар үе хүртэлх сээр. Үүнийг өөрөөр өндөр сээр гэнэ.

-    Нуруун сээр (VIII-XII үе) – нуруутай залгалддаг хамгийн сүүлчийн сээр. Мөн богино сээр, сээрлэг нуруу, буян сээр гэх мэтээр нэрлэдэг.

ХЭРХЭН НУГАЛАХ:

Хонины сээрийг хос хосоор нь 5-6 хэсэг эсвэл нэжгээдээр нь 10-12 хэсэг болгон салгахыг сээр нугалах гэнэ.

Эхлээд сээрийн хар махыг тэнцүүлэн огтолж бэлтгэнэ. Ингэхдээ ясыг нь хэрзийтэл шулахыг цээрлэнэ.

Дараа нь сээрийн сэрвээ хойшоо налуу байдаг тул богино, хар, өндөр сээрийн сэрвээний толгойн үеэр дарж, чихнийх угт тултал лав огтлоод, эргүүлэн мушгиж салгадаг.

Монголчууд сээрийн махаар ихэвчлэн шөл хийдэг бөгөөд баяр наадмын үеэр бүхэл шүүсэнд ууцны харцаган доор хөндлөн тавина. 

Хонины сээр ясны бүтцийн нэршлийг доорх зургаас үзнэ үү.

 

 

1. Сээрийн шилбэ
2. Сээрийн магнай
3. Сээрийн нум
4. Сээрийн чих
5. Сээрийн эрүү
6. Сээрийн хонгисго
7. Бурааны хонхор
8. Сээрийн гишүү

Монгол нүүдэлчдийн тайлбар толь-II боть “Идээ ундааны тайлбар толь” номоос бэлтгэв.