Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Олимпын Хороо халдварт өвчний мэргэжилтнүүдийг Зика вируснээс сэргийлэх зөвлөмж гаргуулахаар хөлсөлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Олимпын Хороо халдварт өвчин судлаач хоёр мэргэжилтнийг хөлсөлж ирэх зун болох олимпын тоглолтын үеэр Зика вирусны эсрэг хэрхэх тухай зөвлөмж гаргуулахаар болжээ.

Хорооны гүйцэтгэх захирал Скот Блэкман халдварт өвчний талаар санаа зовж байгаа тамирчиддаа Лхагва гарагт захидал илгээсэн байна. Тэр захидалдаа “Бразилд тархаж байгаа Зика вирусын халдвар та бүхний санааг зовоож байгааг би мэдэж байна” гээд “бид ч гэсэн үүнд нэгэн адил санаа зовж байгаа бөгөөд та бүхний аюулгүй байдал бидний хамгийн чухал санаа тавих зүйл мөн” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр Sports Illustrated сэтгүүлд ярилцлага өгсөн АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэй багийн хаалгач Хоуп Соло “хэрвээ олимпын наадам яг одоо болно гэвэл би явж чадахгүй” гэж мэдэгдсэн юм. Тэр бас “гэхдээ олимп хүртэл зургаан сарын зай байна. Энэ хооронд бидний эргэлзээ арилна гэж найдаж байна” гэсэн байна.

Блэкман Сологийн хэлсэн үгийн талаар хэлэхдээ “энэ нь бидэнд болон манай тамирчдад нарийн, тодорхой мэдээлэл хэрэгтэй байгааг харуулж байна” гэжээ.

Тиймээс Олимпын Хороо хоёр мэргэжилтэн ажиллуулж зөвлөмж гаргуулахаар болсон бөгөөд мэргэжилтнүүдийн нэг нь эмэгтэй хүн байх гэнэ.

Учир нь Зика вирусны эрсдэл төрөх насны эмэгтэйчүүдэд илүү хүнд тусаж, хэрвээ хүүхэд төрүүлбэл хөгжлийн гажигтай байх магадлал нэмэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com