Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Автотээврийн үндэсний төвөөс авав

Сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.

- Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал хэр байсан бэ, өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын замууудын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсдэг байсан байх аа?

- Баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд Энхтайваны өргөн чөлөө хөдөлгөөн багатай сийрэг байсан бөгөөд зүүнээсээ баруун тийш 5 шар орчимд хөдөлгөөний ачаалалтай байлаа.

Түүнчлэн 7-н буудал, 32-н тойрог, Толгойт, 21 дүгээр хороолол, Баянхошуу чиглэлийн замууд ачаалалтай байсан ч хөдөлгөөнгүй зогсож түгжирсэн асуудал гараагүй.

Жолооч нар маань өмнөх жилүүдийг бодвол замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ биелүүлэн, урсгал сөрөөгүй учраас хөдөлгөөнгүй зогссон түгжрэл бий болсонгүй.

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил баярын өдрүүдэд нэмэгддэг. Энэ жилийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэдэн тохиолдол гарсан бэ?

- Энэ жилийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байлаа.

Нийт 75 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн.

  • Битүүнд 7,
  • Шинийн 1-нд 13,
  • Шинийн 2-нд 14,
  • Шинийн 3-нд 41 согтуу жолоочийн эрхийг хасч торгосон.

Мөн согтуугаар машин жолоодож яваад осол гаргасан есөн хэрэг бүртгэгдсэн бөгөөд баярын өдрүүдэд дөрвөн хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан хэрэг гарлаа. Хүн амиа алдсан ослууд бүгд орон нутгийн замд гарсан.

- Баярын өдрүүдэд хэчнээн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бэ?

- Битүүн, шинийн 1, 2, 3-н гээд дөрвөн өдөр ЗЦГ-ын бүх бие бүрэдлэхүүн, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид болон хэв журмын цагдаа гээд 560 гаруй хүн үүрэг гүйцэтгэсэн.