Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ ЦУВРАЛ: Бичвэрийн тэмдэг хэрэглэх тухайд

МОНСУДАР
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Цэг, таслал, давхар цэг гэхчилэн бичвэрийн тэмдэг бүр тодорхой үүрэгтэй байдаг бөгөөд эдгээрийг тодруулбал:

Цэг (.)

  • Хүүрнэсэн ба ерийн захирсан өгүүлбэрийн эцэст цэг тавина. 
          Тэхийн зогсоол дээр юу байгааг хар даа хүү минь.
  • Хүний эцэг (эх)-ийн нэрийг эхний үсгээр эсвэл үеэр товчилсон бол уг үсэг, үеийн ард цэг тавина.
          Г.Дэлгэрбаяр, Э.Тэмүүлэл
  • Дугаарласан дэс тоо, үсгийн ард цэг тавина.
         1. Бат                          а. Үндсэн хууль
         2. Сүхболд                 б. Төрийн сүлд
         3. Болд                       в. Төрийн далбаа
  • Огноо бичихэд он сар өдрийг цэгээр зааглана.
         2016.02.12

Цэгтэй таслал (;)

  • Өгүүлбэрийн доторх хоорондоо таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар ангилахын тулд цэгтэй таслал тавина.
         Гэрийн тэжээмэл амьтанд: хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ; нохой, гахай, муур  зэрэг амьтан орно.  
  • Тус тусдаа бие даасан өгүүлбэр боловч нийлээд ерөнхий нэг агуулгыг илэрхийлэх, тоочсон шинжтэй өгүүлбэр бүрийн ард цэгтэй таслал тавина.

     Халх аялгуу нь монголын бусад нутгийн аялгуунаас дараах шинжээрээ давуутай тул суурь аялгуу болно. Үүнд:

  1. Олон хүн халх аялгуугаар ярьдаг;
  2. Халх аялгуу ихээхэн нэгдмэл шинжтэй;
  3. Монголын олон нутгийн аялгуу төв аялгуундаа ойртон нийлж, хоорондоо ялгаа нь улам бүр багасаж байгаа зэрэг юм.

Давхар цэг (:)

  • Ямар нэг утга санааг задалж, тоочин хэлэх, эсвэл бусдын хэлсэн үг, санаа бодлыг бичих үед давхар цэг хэрэглэнэ.
        Тэр хүн өгүүлрүүн: “би язгуураас уйгур газрын хүн” гэв.
  • Шууд хөндлөнгийн оруулбар өгүүлбэрийн угтан илэрхийлсэн үгийн дараа тавина.
        Ерөнхийлөгч хэлэхдээ: “Ардчиллын 20 жил бол Монголын ард түмний баяр бахархал мөн” гэжээ.
  • Мөн бодлыг угтан илэрхийлэх үгийн дараа тавина.
        Туяа бодохдоо: “Ээж минь байсан бол яаж баярлах байсан бол?”
  • Товч намтар, асуулгын маягт зэрэгт хэрэглэнэ.
        Овог нэр:                              Батын Дорж
        Гэр бүлийн байдал:            Гэр бүлтэй
  • Ямар нэгэн зүйлийг тодотгох, тоочих, эш татахад хэрэглэнэ.
        Жишээ нь:
        Тухайлбал:
  • Тооны харьцааг илэрхийлэх болон цаг хугацааг тэмдэглэхэд хэрэглэнэ.
         Д.Бат – С.Сүрэн (теннис) 10:4
         Уг нэвтрүүлэг 12:00 цагт телевизээр цацагдсан.

Цуваа цэг (...)

  • Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд орхисон үгийн оронд цуваа  цэг тавина.
         Тэднийг дөхөж очиход согоо айн, сэрэмжлэн эргэж харсаар...
  • Өгүүлэгч этгээд ээрч түгдэрсэн хэсэгт цуваа  цэг тавина.
         Би ... хэзээ ... , хэзээ ч тэгж хэлээгүй. 
  • Эш татаж бичихдээ орхисон, эсвэл тасалж авсан хэсгийг тэмдэглэхэд цуваа  цэг тавина.
     “...үгийн  гол буюу үндсэн утга нь тэр үгийн бүхий л санаа утгыг хэлхэн холбосон байдаг”
  • Үг өгүүлбэр төгссөн хэдий ч бичигч эсвэл өгүүлэгч хэлэх гэсэн санаагаа бүрэн гүйцэд гаргаагүй, дутуу орхиосон бол цуваа  цэг тавина.
          Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэгчээр...