Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд Эйнштейний татах хүчний долгионы онолыг баталлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг
LIGO ажиглах байгууламж

Зуу орчим жилийн өмнө Эйнштейний дэвшүүлж байсан татах хүчний долгионы (gravitational waves) онолыг анх удаа баталснаа эрдэмтэд өчигдөр зарлалаа.

Өнгөрсөн есдүгээр сард тэд тэрбум гэрлийн жилийн зайд хоёр хар нүх мөргөлдөснөөс үүссэн огторгуйн долгионыг Вашингтон, Луйзиана мужууд дахь лазерийн байгууламжуудад бүртгэж авсан байна.

Энэ нээлт нь ямар нэг хөдөлгөөнөөс үүссэн энерги орон зай болон цаг хугацаанд аялахдаа дайран өнгөрсөн газар бүртээ өчүүхэн хэмжээний гажилт (долгион) үүсгэж байдгийг баталж байгаа юм.

Уг судалгааны хүрээнд Үндэсний Шинжлэх Ухааны Сан $1 тэрбум гаруйгаар санхүүжүүлж, хэдэн арван жилийн турш 1,000 орчим эрдэмтэн хамтарч ажиллаж байгаа аж. АНУ-д LIGO (Laser Interferometer Gravitational-wave Observatory) нэртэй хоёр байгууламж бий болгосон нь 4 км урттай L хэлбэрийн вакуум хонгилууд юм. Лазер болон толинууд суурилуулсан энэ байгууламжуудад сансраас ирэх татах хүчний долгионыг хянаж, бүртгэж байгаа гэнэ.

Есдүгээр сард ажигласан зүйл нь 36 болон 29 ширхэг нарны массын хэмжээтэй хоёр хар нүх тэрбум гэрлийн жилийн зайд мөргөлдөж нэгдсэн бөгөөд түүнээс үүссэн өчүүхэн долгионыг бүртгэж авч чаджээ.

LIGO байгууламжийн гүйцэтгэх захирал Дэвид Рейц өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр “бид татах хүчний долгионыг бүртгэж авсан” гээд “Бид үүнийг хийж чадлаа!” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн юм.

Нээлт нь долгионыг хэмжих аргаар астрономийн судалгаа хийх шинэ хаалгыг шинжлэх ухаанд нээж өгч байгаагаараа ач холбогдолтой.

Зарим судлаачид 14 тэрбум жилийн өмнө явагдсан Их Тэсрэлтийн үед чухам юу болсныг энэ аргаар мэдэж болно гэж үзэж байна. Тэр үед үүссэн долгион одоог хүртэл сансар огторгуйд аялж байгаа гэж ойлгож болох юм.

LIGO байгууламжийн хэвлэлийн төлөөлөгч Габриела Гонзалез энэ тухай “Судалгааны маш урт зам биднийг хүлээж байна, бид дөнгөж эхлэл цэг дээр байна” гэжээ.

Эх сурвалж: Time.Com