Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод “цуст” Сар Шинийн баяр болж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн наймаа арилжааны гол дүүргүүдийн нэг Монкокт битүүнээс билгийн тооллын шинийн нэгэнд шилжих шөнө эхэлсэн эмх замбараагүй байдлыг “fishball revolution” хэмээн нэрлэж байна.

Гудамжинд уламжлалт хоол хийж зардаг наймаачдын ажиллагааг цагдаа нар хориглох гэсний улмаас санаанд оромгүй ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Уг нь сар шинийн баяраар гудамжны хоолны наймаачид жил бүр үйл ажиллагаагаа явуулж, хэдийгээр хууль бус ч гэсэн цагдаа нар хориглолгүй зөөлөн ханддаг байсан юм. Харин энэ удаа тэднийг хориглож, хатуу зохицуулалт хийх гэж оролдсон нь ийнхүү мөргөлдөөн гарахад хүргэжээ.

 
 
 

Маск зүүсэн иргэд цагдаа нарын эсрэг тоосго, лонх шидэж, бороохойгоор зэвсэглэсэн байсан бол цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэн, бүр хоёр удаа анхааруулж дээш нь хий буудсан байна.

Мөргөлдөөнд оролцсон 15-70 насны 54 хүнийг цагдаа нар баривчилсан бол 90 цагдаагийн ажилтан бэртэж гэмтжээ. Тэдний заримын яс хугарч, тархиндаа гэмтэл авсан байна.

Сүүлийн жилүүдэд Хонг Конгийн иргэд Бээжингийн засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх нь нэмэгдээд байгаа юм. Өчигдрийн мөргөлдөөнд оролцогчид голдуу залуус байсан ба тэднийг өмнө нь гарч байсан “Хонг Конгийг эзэл” хөдөлгөөнийхөнтэй холбоотой гэсэн баталгаа одоогоор алга байна.

2014 онд “Шүхрийн хувьсгал” нэртэй олон мянган хүний бослого гарч 11 долоо хоногийн турш Монкок болон бусад дүүргийг хяналтандаа аваад байсан нь мөн л Бээжингийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэнийх байв.

 
【08:45更新】 【旺角徹夜衝突 六分鐘完整版】

【08:45更新】【旺角徹夜衝突 六分鐘完整版】

Posted by 有線新聞 i-Cable News on Monday, February 8, 2016

Эх сурвалж: CNN, Shanghaiist