Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Батсайхан: Хэт улстөржилтийг саармагжуулахыг зорьж байна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2016 оны 2 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Cap шинэ болж байгаа энэ өдрүүдэд улс төрийн нам, намын санхүүжилтийн талаар хүн бүр ярьж байна. Ялангуяа намгүй сум, дүүрэг болох тухай яриа олны анхаарлыг татаж буй. Энэ талаар “Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн”-ий тэргүүн Л.Батсайхантай ярилцлаа.

-Улстөржилт хэрээс хэтэрч байна гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг нь улс төрийн намын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан нь цаг үеэ оллоо гэж байсан ч эргүүлэн татсан. Таны бодлоор?

-Улс төрийн намын тухай хуулийг УИХ-д өргөн барихдаа 3,001-ээс доош хүн амтай газар намын анхан шатны нэгжийг байгуулахгүй байх нь зүйтэй гэж заасан нь нэг том алхам гэж харж байсан хэдий ч эргүүлэн татлаа. Аливаа асуудлыг нэг далайлтаар бүгдийг нь шийдвэрлэнэ гэж байхгүй. Гэхдээ улс орны хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал нь улстөржилтөөс шалтгаалж байгаа энэ цаг үед дээрх заалт маш чухал байсан.

Өөрөөр хэлбэл, бага хүн амтай орон нутагт намын анхан шатны нэгж байгууллага нь оновчтой шийдвэр байж чадахгүй гэдгийг цаг хугацаа харууллаа шүү дээ.

Өнгөрсөн 70 жилийн түүхэндээ нэг намын системтэй байсан. Тухайн үед нам нь хоёр үүргийг гүйцэтгэдэг байжээ. Нэгдүгээр төрийн захиргаан үүргийг гүйцэтгэдэг том сүлжээ байв. Тухайлбал сум болон үйлдвэр, aж ахуйн байгууллагад намын үүртэй байсан. Хэн нэг алдаа, эндэгдэл гаргав эхлээд намын үүрээр авч хэлэлцэн хариуцлага тооцдог байсныг тэр үеийнхэн мэддэг.

Тухайн үед “нам төр”, “нам засаг” гэж ярьдаг байв. Эдгээрээс харахад төрийн дээр нам байсан юм. Хоёрдугаарт, мэдээлэл түгээдэг сүлжээний үүрэг гүйцэтгэдэг байж.

Өөрөөр хэлбэл, улс оронд болж буй үйл явц, төрөөс гаргасан шийдвэрийг намын үүрээрээ дамжуулан ард түмэнд сонсгол, мэдээлэл болгон түгээдэг байсан юм. Харин одоо цаг өөр болсон. Улс оронд болж байгаа бүхий л мэдээллийг цатгалдалгүй сонсдог, үздэг.

Хөдөө малчны хотонд ч гар утастай, телевиз үзэх боломжтой. Тиймээс хуучин ашиглаж байсан намын сүлжээ төдийлөн хэрэгтэй зүйл биш болсныг хөдөө орон нутгийн иргэд хүлээн зөвшөөрдөг. Тэд нийслэлд болж байгаа зүйлийг биднээс ч түрүүлээд мэдчихдэг болсон нь мэдээллийн технологи өндөр хөгжсөнтэй холбоотой. 

-Нам сүлжээний байгууллага шиг ажиллаж байгаа болохоор хөгжихгүй, улстөржилтийг даамжруулж байна гэж хэлсний тань санаж байна.

-1990 онд олон намын системд шилжиж, төрийн засаглалын хэлбэрийг өөрчилсөн. Гэвч 70 жилийн өмнө анх байгуулагдсан намын засаглалын хэлбэрийг хадгалсан хэвээр байна. Хэдийгээр олон намын системтэй гэж байгаа ч үнэн хэрэгтээ MAH, АН гэсэн хоёр намын сүлжээ аалзны тор шиг хэрсэн байгааг хүмүүс шүүмжилдэг болжээ.

Магадгүй нэг байсан зүйлийг хоёр болгосон нь цаг хугацааны алдаа гэх нэгэн таарах байх. Гэхдээ хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, зөв залуурдсан бол сүлжээ болж хөгжихөөс сэргийлж болох байсан болов уу.

Сүүлийн үед хүмүүс МАН, АН хоёрыг “Динозавр” нам гэж хэлэх болжээ. Динозавр гэдэг нь том биетэй, жижигхэн тархитай амьтан шүү дээ. Тэгэхээр маш олон гишүүнтэй, сүлжээтэй боловч хийж байгаа ажил нь хэсэг бүлэг нөхдөд хамаатай байгаад шүүмжлэлтэй байдаг.

Хоёр том намын тухайд баримталж буй бодлогоороо ялгарч чадахгүй байна. Тиймээс засч залруулах ёстой. Хамгийн гол нь улс төр бохир, улстөрчид ёс зүйгүй болж. Улстөржилтөд автах.нь эдийн засгийг боомилдог гэдгийг бид биеэрээ тууллаа шүү дээ. Хэт улстөржилттэй учраас гадны хөрөнгө оруулагчид дайжиж байна.

Томоохон төслүүдийг гацааж байна. Түүнчлэн манай улсын гадаад дахь нэр хүнд унаж, бидэнд итгэх итгэл алга болжээ. Энэ мэтчилэн бүхий л амьдралын үйл явц улс төртэй хүссэн ч, эс хүссэн ч холбогдчихсон. Үүнийг бий болгодог субъект нь улс төрийн нам, Тиймээс улс төрийн намыг зөв болгож улс төр зөв голдрилоор хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр залуу боловсон хүчин, шинэ улстөрчид ёс зүйтэй, зөв хэм, хэмжээтэй болно. Эцсийн дүндээ гинжин холбооны урвал хэдий чинээ зохистой байна, тэр хэрээр зөв бүтэц бий болно гэдгийг улстөрчид ойлгох хэрэгтэй.

-Бид бусадтай өөрсдийгөө харьцуулах дуртай хүмүүс. Гадаад улс оронд улс төрийн нам ямар хэм, хэмжээтэй байдаг юм бол?

-Өнгөрсөн 70 жилийн түүхэнд “...төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” хэмээн тунхагласан нэг намын системтэй байв. Үүний дараа 1990 онд зах зээлийн нийгэмд шилжин Ардчилсан хувьсгалын үр дүнд олон намын тогтолцоо бий болсон.

Өнгөрсөн оны байдлаар 24 нам үйл ажиллагаагаа явуулж, нийт 65,0301 гишүүнчлэлийн бүртгэлтэй гэсэн судалгаа бий. Энэ нь нийт сонгогчдын 32 хувьд хүрч байна. Өнөөдөр дэлхийн улсуудын улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага "масс" буюу олон түмний нам байхаас татгалзаж хатуу гишүүнчлэлийг халсан “бодлогын” нам болох зорилготой болжээ. Гэтэл манайд улс төрийн намууд нь 1980-аад он хүртэл нийтлэг байсан хатуу гишүүнчлэлтэй, массын намын хэв шинжээ хадгалсаар байна. Тэгэхээр 24 намын 650 гаруй мянган гишүүнээр дамжуулан хэт улстөржилт даамжирсаар байгаа юм.

-Хэт улстөржилтийн саармагжуулахын тулд юу хийх ёстой вэ?

-Улс төрийн намууд нь бодлого боловсруулахаас илүүтэй сүлжээндээ хэт анхаарлаа хандуулж байна гэж хардаг. Тиймээс л улс орны эдийн засаг, ард түмний нуруун дээрх ачаа хүндэрсээр байгаа хэрэг. Үүнийг яриад эхлэхээр намыг устгах тухай ярилаа гэж мушгин гуйвуулах хандлага ажиглагдаж байгаа юм. Үнэн хэрэгтээ нам байх ёстой. Гэхдээ анхан шатны нэгжийг хаана байгуулах вэ гэдэгт анхаарлаа хандуул.

Бодлого, шийдвэрт түлхүү анхаар Зөв замаар алх гэж хэлээд байгаа юм. Монгол төрийн дээр сандайлахаа боль. Хэт туйлширсан үзэл баримтлал нийтэд таалагдахаа больсон гэдгийг ухаар. Улс төрийн нам зөв голдрилоор явбал, УИХ, Засгийн газраас гарах шийдвэр зөв байна. Ингэснээр ард түмний амьдрал сайжирсан.

Эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл өснө. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий. Бид улс төрийн намыг албан тушаал ахих ашиг орлого олох хэрэгсэл мэт харж болохгүй. Дээрх алдаануудыг засчихвал, улсын бодлого, Засгийн газар, төрийн захиргааны байгууллага дөрвөн жилийн мөчлөгөөр ажиллахгүй болно.

Энгийнээр тайлбарлавал, улс төрийн намын гишүүн улс орны хөгжил, дэвшлийн төлөө ажиллаж байгаа хэдий ч цаад талдаа намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, аль нэг фракцын эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг гэхэд хилсдэхгүй. Эндээс ард түмэн хохирдог. Энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй. Тиймээс намын анхан шатны нэгжийг хаана байгуулах вэ, сүлжээний нам байх уу, бодлого шийдвэр гаргадаг байх уу гэдэг сонголтыг хийх цаг ирсэн.

-Намын санхүүжилтийн талаар сүүлийн үеийн халуун сэдэв болж байна. Таны бодлоор?

-Хэт улстөржилт хувь хүн болоод улс орны ажлыг гацааж байна. Тиймээс улстөржилтийг саармагжуулснаар эв нэгдэл бэхжин гэж боддог. Намгүй болох тухай яриагүй. Намын анхан шатны нэгжийг байгуулах орон зай, хүн амын тоог анхаараач гэдэг санаа. Манай улсын 330 суманд намын анхан шатны нэгж байна. Тэнд сонгуулийн үеэр улс төр маш хурц болдог юм билээ. Бүр намын гишүүнчлэлээсээ хамааран гэр бүл салах тохиолдол гарч байна. Би оны өмнөхөн Завхан аймгийн сумдаар явж, ард иргэдтэй уулзсан.

Тэд улстөржилтөөс залхаж буйгаа, ах дүү нар элгэмсүү уулзаж чадахгүй байгаагаа халаглаж байсан. энэ бол эмгэнэл, хөгжил биш. Тэгэхээр намыг даруухан шинэчлэхгүй бол нурж унах аюултай. Шинэчилнэ гэдэг нь зөв замаар яв гэсэн үг. Бодлогоо зөв тодорхойл. Сүлжээ хэлбэрээр ажиллахаа боль гэдгийг анхааруулж буй дохио. Нэн түрүүнд намын санхүүжилтийн системийг зохистой болгох. Намыг санхүүжүүлэхийн тулд хоёр арга замыг сонгодог түгээмэл жишээ бий.

Жишээлбэл, 330 сумын намын анхан шатны нэгжийг санхүүжүүлэхийн тулд хамгийн багаар бодоход жилдээ есөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Үүнийг босгохын тулд гишүүдээсээ төрийн албанд байршуулахыг зорьдог нь нууц биш. Энэ нь нэг дэх арга, зам. Санхүүжилт босгохын тулд төрөөс гарч буй тендер болон бусад үйл ажиллагаанаас мөнгө төвлөрүүлэхийг намаас томилогдсон төрийн албан хаагч зорино. Энэ нь алигийг хөхиүлэн дэмжиж байгаа нэг шалтгаан гэж үздэг.

Түүнчлэн том сүлжээг санхүүжүүлэх хоёр арга замын нэг нь мөнгөтэй бизнесмен. Тэгэхээр хэн нэгэн мөнгөтэй этгээдийн халаасанд байна гэсэн үг. Магадгүй түүний төлсөн төлбөрийн хэмжээгээр албан тушаал өгч байгаа  гэдэг шүүмжлэл, үүнтэй холбоотой. Магадгүй энэ хоёр сонголтын аль алинд нь зөв хүнээ сонгох боломжийг хааж болно. Олон жил намын төлөө явсан, бэлтгэгдсэн хүмүүсийн хувьд буруу хүнээ сонгожээ гэх харуусал төрдөг юм билээ. Жишээлбэл, хөдөө орон нутагт анхан шатны нэгжийн даргаар бизнес нь амжилттай яваа нэгнийг тавьчихсан.

Тухайн хүн намдаа санхүүжилт өгчихсөн байтал сонголт буруу болсныг цаг хугацаа харуулж байгаа юм. Гэтэл  мөнгийг нь аваад хэрэглэсэн учраас буцах аргагүй бол байна. Үүнийг л залруулан хэрэгтэй гэж онцлоо байгаа хэрэг. Харамсалтай нь улс төрийн амны тухай хуулийн шинэчлэлийг төслийг УИX-аaр эргүүлэн татуулчихдаг. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлье гэвэл цаг хугацаа бий.

-Өнгөрсөн оны сүүлчээ төрсөн нутаг Завханаар явсан гэж сонссон. Тана нутгийнхан суманд намын анхан шатны нэгжгүй бай талаар ямар байр суурьтай байна вэ?

-Намгүй сум, дүүрэг хөдөлгөөнийг энэ жилээс зохион байгуулсан. Нутгийн минь ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл нь улстөржилтгүй болох явдал. Учир нь тухайн суман, намын гишүүнчлэлээрээ талцах явдал газар авчээ. Энэ нь хэрээс хэтэрч байгаа нутгийн иргэд хэлж байгаа юм.

Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, ах дүү болох, ажилд орох зэрэг намын гишүүнчлэл туйлаа хамаатай. “А” гэдэг сумын залуу нийслэлд их сургуулийн төгсөөд сумандаа очжээ. Гэтэл аавынх нь намын гишүүнчлэлээс хамаарах ажилд орох боломжгүй болчихож.

Нутгийн минь ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл нь улстөржилтгүй болох явдал. 

Энэ нь хөдөө орон нутаг, тэр дундаа сумаас дайжих шалтгаар болж байна. Тиймээс л суманд намын анхан шатны нэгжийг байгуулахгүй байх нь улстөржилтийн саармагжуулах нэг aлxaм гээд байгаа юм.

Тэр ч бүү хэл ах дүүс элгэмсүү, дотноор уулзаж чадахгүй байгаагаа ярьж байна. Учир нь хоёр өөр намын харьяалалтай. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэхэд хүртэл нам нөлөөлж байх юм. Хэрэв АН-ын гишүүн бол МАН-ын гишүүний дэлгүүрээс худалдан авалт хийхгүй. Энэ улстөржилт сонгуулийн үеэр улам ч идэвхжинэ. Гэр бүл салсан тохиолдол ч гарчээ.

Тэгэхээр хэвийн, амар амгалан амьдарч чадахгүй, бизнесээ өргөжүүлж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжгүй болтол намын харьяаллаар нь гадуурхаж, хяхан хавчих үзэгдэл цөөн хүн амтай газар илүү ажиглагдаж байна, Үүнээс хүмүүс залхаж байгаагаа, хэлсээр байгаа шүү дээ. Үүнийг увайгүй улстөржилт гэхээс аргагүй. Бас нэг зүйл бий. Энэ мэтчилэн ялгавартай байдлыг бий болгохоор хувь хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж үздэг. Хэрэв МАН-ын гишүүн бол заавал өөрийнхөө нам, нэр дэвшигчид санал өгөх учиртай. Тэгэхээр тухайн хувь хүний сонгох эрхэнд халдчихаж байгаа юм.

-Ингэж талцаж хуваагдан дайсагналцах нь ямар үр дагавар авчрах вэ. Уг нь өрсөлдөгч, дайсан хоёр ялгаатай баймаар?

-Нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид биесээ өрсөлдөгчид гэдэг. Гэтэл улс төрийн нам бусад намаа дайсан гэж хардаг болж. Дайсан гэдэг зайлшгүй устгаж, хороох ёстой байсан. Харин өрсөлдөгч бол хийж буй үйлдлээрээ ялгарч, давуу боломжийг бусдад олгохын төлөөх цагаан өрсөлдөөн. Улс төрийн намууд цагаан өрсөлдөөн дунд зөв бодлого төлөвлөн, улс орны аюулгүй байдал, эдийн засаг тогтвортой байх учир шалтгааныг эрэлхийлэх ёстой. Харамсалтай нь энэ зарчим аль хэдийнэ устгаж, хороох утга агуулга руу шилжжээ.

Магадгүй сүүлийн үед гарч байгаа олон үйл явдал улс төрийн нам руу чиглэсэн байж болох ч зарим талаараа бодит үнэн тэнд бий. Тиймээс л намын анхан шатны нэгжийг хаана байгуулах вэ гэдэг сонголтыг зөв хийх хэрэгтэй гэж байгаа юм. Түүнээс намгүй болох ёстой гэж лоозогноогүй юм шүү дээ.

Магадгүй мушгин гуйвуулахыг хүсэгчид анхан шатны нэгжийг том объектоор нь тайлбарлах байх. Нам байх ёстой. Хамгийн гол нь хөдөө орон нутагт анхан шатны нэгж байгуулахдаа аймгийн төвийг нь онцлох. нь зүйтэй юм. Мэдэж хаана амьдарч байгаагаас үл хамааран аль намын гишүүн байх нь тухайн хүний сонголт. Харин намын хурал, хэлэлцэх асуудлаа ярилцахдаа сумдаас аймгийн төвдөө цугларч болно шүү дээ. Харин сонгуулийн үеэр буюу дөрвөн жил тутамд сумдад түр хороо байгуулж болно. Тэр үеэр намынхаа бодяого болон нэр дэвшигчдээ танилцуулж болох юм. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ийм л байдаг.

-Зөв хуваарилалтын ач холбогдол. Ер нь суманд намын анхан шатны нэгжгүй байхын давуу талыг юу гэж харж байна?

-Суманд намын анхан шатны нэгжийг байгуулахгүй байхын давуу тал нь нэгдүгээрт, хавтгайрсан улстөржилтийг, саармагжуулна. Ингэснээр нутгийн ард түмэн эв нэгдэлтэй болно. Мөн сумаас гарах нүүдэл буурна. Түүнчлэн иргэд сонгох эрхээ эдэлнэ. Жишээлбэл, иргэн “Н” 60 гаруй настай.

Сонгууль өгөхдөө гишүүнчлэлтэй намынхаа нэр дэвшигчээс илүү нөгөө намын хүнийг орон нутагтаа их зүйл хийж чадна гэдэгт итгэж байгаа. Гэтэл, намын анхан шатны нэгжийн удирдлагын өгсөн заавар чиглэлийн дагуу ажиллахгүй бол дараа нь үүсэх дарамт түүнийг хүнд байдалд оруулна гэж бодсон учраас хүний эрхшээлээр сонголтоо хийснээ хэлж байсан. Хоёрдугаарт, “Нутгийн өөрөө удирдах ёсыг” жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх бололцоо нээгдэнэ.

Намын анхан шатны нэгж суманд байхгүй болсноор тухайн сум орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд иргэдээс нэр дэвшүүлдэг болно. Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох бололцоотой болно. ИТХ дээр сум орноо хөгжүүлэх бодлогоо ярьдаг болно. Одоо бол ИТХ дээр олонх болсон нам бодлогоо ярина гэдэг. Үнэндээ сум хөгжүүлэх намын бодлого байхгүй. Намын бодлогод намынхаа хүмүүсийг албан тушаалд тавих, гол гол ажлын байрууд дээр байршуулах бодлого хэрэгждэг. Энэ нь эргээд жижиг суманд төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал газар авдаг шүү дээ.

Тэгэхээр намууд сумын удирдах албан тушаал, төрийн албан хаагчаар өөрийнхөө хүнийг тавих уралдаанд оролцдог. Энэ нь дайсагнагдахуй үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, мэргэшсэн, мэргэжлийн эсэхээс үл хамааран албан тушаалд томилно. Гэтэл өмнө нь ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин сонгуулийн жил дуустал ажилгүй болно. Ингэснээр дайсагнаж, үзэн ядаж эхэлж байна. Дайсан болоход нь нөлөөлсөн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, ажилгүй бол гэсэн. Хоёрдугаарт, түүний хийж байгаа ажил, бизнесийг дэмжихгүй боож, хаах  хандлага давамгайлдаг нь нууц биш.

-Гарах хор уршгийн талаар?

-Эндээс гарах хор уршиг нь манай улсын хөгжилд тээг, тушаа болж байгааг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл, төрийн албан хаагчийн залгамж халаа байхгүй болсноор, салбарынхаа ажлыг гацаахад тулдаг. Тиймээс төрийн ажил дөрвөн жилийн мөчлөгөөр явж байна гэсэн үг. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, ард түмний нуруунд үүрэгдэх ачаа хүндэрсээр байгаа юм шүү дээ. Мэдээж улстөржилтийг сааруулахын тулд хийх эхний алхам нь суманд намын анхан шатны нэгжийг байгуулахгүй байх нь чухал. Тэгвэл тухайн сумын Засаг дарга найман хүний төлөө биш нийт ард түмнийхээ төлөө ажиллах боломж бүрдэнэ.

Түүнчлэн элдэв талцалгүй, дайсагналдах зүйлгүй эв нэгдэлтэй болно. Түүнээс гадна суманд анхан шатны нэгж байгуулахыг хуулиар хориглочихвол, сумын ИТХ-д намаас бус тухайн орон нутгийн иргэд дундаас хүмүүсийг сонгох боломжтой.

Өөрөөр хэлбэл, нам нэр дэвшүүлэхгүй болсноор ИТХ жинхэнэ утгаараа иргэдийн төлөө ажиллаж, нутаг орноо хөгжүүлэх бодлого ярьж хэрэгжүүлэхийн төлөө явна. Улстөржилт бүхий л зүйлийн суурь болж байгаа нь хөгжлийн гацаа. Үүнийг намын суурь буруу цутгалттай байгаатай зүйрлэж болно.

Ер нь “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөний зорилго нь намуудыг огт байхгүй гэсэн болгоно гэсэн үг биш. Харин нам, хөгжлийн зөв замдаа гараасай, дэлхийн улс төрийн намуудтай хөл нийлүүлэн алхаасай, сүлжээнд биш бодлогод төвлөрдөг болоосой гэж хүсч, зорьж байна. Тиймээс намын анхан шатны нэгжийг суманд биш аймгийн төвд байгуулсан нь зөв гэж үзэж байгаа юм. Намууд улс орныхоо төлөө бодлогоо уралдуулж, Монгол төрийнхөө дээр нь биш доор нь байдаг. Бид хоорондоо талцан дайсагнадаггүй, эвлэлдэн нэгдэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та уншигчдад хандаж юу хэлмээр байна?

-Монголын маань уламжлалт баяр “Цагаан cap” болж байна. Төрсөн нутаг Завханыхаа зон олон, ах дүүс болон монголын ард түмэндээ cap шинийн мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг