Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсэгтэй орны тоо 20 дөхөж байна

О.Наранхүү, Өглөөний сонин
2016 оны 1 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Хирошима, Нагасаки хотууд дээр 1945 онд америкчууд атомын бөмбөг хаяснаас хойш өнөөг хүртэл манай гарагийн гүрнүүдийн зэр зэвсгийн өрсөлдөөн цөмийн зэвсэг рүү эрчимтэй шилжсэн юм. Одоо дэлхий дээр цөмийн зэвсэгтэй улсууд хүчирхэгт тооцогддог болж. хэчнээн ядуу буурай эдийн засагтай байсан ч цөмийн зэвсэгтэй л бол түүнийгээ ашиглаж геополитикийн тоглолт хийдэг болжээ.

Улс гүрнүүд цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдөхөө зогсоохыг бие биедээ уриалсаар байгаа боловч хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй дайнд бэлтгэх гэхээсээ илүүтэйгээр геополитикийн тоглолтдоо ашиглах гол зэвсэг болгоод байгаа. Ингээд цөмийн зэвсэгтэй улс орнууд болон тэд хэзээ, хэрхэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтах болсныг та бүхэнд сонирхуулъя.

АНУ

1945 оны долдугаар сарын 16. Энэ өдөр АНУ-ын Шинэ Мексикийн цөлд Аламагордо хэмээх газар анх устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон энэ мөчийг дэлхийн цөмийн бөмбөгийн эриний эхлэл гэж тооцдог. 1.6 километрийн диаметр бүхий талбайд тэнгэрт хурц ягаан галт бөмбөлөг гялсхийн дэлбэрэв. Газар дэлхий дэлбэрэлтээс болж доргиж, тэнгэрт цагаан утаа олгойдон аажмаар тэлж 11 километрийн өндөрт мөөгөн хэлбэртэй болов.

Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг алмайруулж орхив. Энэ үеэр туршилтыг удирдсан нэрт эрдэмтэн цөмийн физикч, эрдэмтэд цэргийнхний дунд цөмийн бөмбөгийн эцэг хэмээн нэрлэгдсэн Роберт Оппенгеймерийн санаанд Энэтхэгийн нэгэн туульсын “Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө” гэсэн мөрт орж ирж байсан гэдэг. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа америкчууд Наран улсад туршсан зэвсгийнхээ үр дагаврыг үзсэнээр хүн төрөлхтнийг цочирдуулсан юм.

Дараа нь ч америкчууд цөмийн бөмбөгийн туршилтыг уйгагүй цөхрөлтгүй, олон тэрбум долларын зардал гарган хийсээр, улам аймшигт бөмбөгүүдийг бүтээсээр байв. 1946 оны долоодугаар сарын 24-нд Бикини шүрэн арлын орчим “Бейкер” нэртэй цөмийн туршилт хийв. Энэ удаа туршилтыг усан дор 27.5 метрийн гүнд хийсэн юм. Хүчин чадал нь 23 килотонн байлаа.

Туршилтын зорилго нь цөмийн бөмбөгийн дэлбэрэлт тэнгисийн цэргийн хүчинд хэрхэн нөлөөлөхийг тогтоох явдал байв. Армийн хэрэгцээнээс гарсан 71 хөлөг онгоц, шумбагчдыг бай болгон ашиглав. Энэ бол цөмийн бөмбөгийн тав дахь туршилт байлаа. Бөмбөгийг ус нэвтэрдэггүй корпуст байрлуулж LSM-60 хөлгөөс усанд тавьжээ.

Дэлбэрэлтийн улмаас LSM-60, Saratoga, Nagato, Arkansas шумбагч онгоц, Pilotfish, Apogon, ачаа зөөгч ARDC-13 док зэрэг найман бай болсон хөлөг онгоц живжээ. Бас өөр найман хөлөг онгоц ноцтой гэмтжээ. Дэлбэрэлт олон сая тонн усыг агаарт цацав. Пентагон туршилтын үр дүнд сэтгэл ханамж тун өндөр байна хэмээн Цагаан ордонд илтгэжээ. Зөвхөн 1962-1963 онуудад л гэхэд АНУ 160 гаруй цөмийн туршилт хийсэн байна. Хүйтэн дайны жилүүдэд хийгдсэн нийт туршилтууд тоогоо алдсан гэж хэлж болно.

ЗХУ

1949 он. Америкийн зэвсэгт хүчин Японы арал дээр цөмийн бөмбөг хаясны дараагаар дэлхийн дайныг ялгуусан ялалтаар дуусгасан оросуудын хувьд шинэ толгойны өвчин гарч ирэв. Хэдийгээр цөмийн зэвсгийн араас нууцаар идэвхийлэн хөөцөлдөж байсан боловч америкчууд өрссөн явдал ЗХУ-ын удирдагчдын санааг зовоож байв.

Сталин үүнд ихэд санаа чилээж ирээдүйд янкуудтай дайтвал ийм хэдэн бөмбөгөөр Улаан армийн хэдэн дивизийг устгах тухай судалгаа гаргуулж үр дүнд нь ихэд цочирдож байжээ. Тиймээс КН-ын удирдлагуудын тушаалаар атомын бөмбөгийг эзэмших төслийг хурдасгахыг даалгажээ.

Улмаар даалгавар амжилттай биелж, 1949 онд атомын, 1954 онд устөрөгчийн зэвсэг үйлдвэрлэснээр цөмийн зэвсгийн статус хэмээх шинэ тодорхойлолтыг үүсгэн АНУ болон ЗХУ хэмээх цөмийн бөмбөгөөр зэвсэглэсэн хоёр хүчирхэг гүрнийг дэлхий нийтэд харуулж хүн төрөлхтнийг хоёр туйлд хуваасан юм.

Дэлхий цэрэг дайны хоёр хүчирхэг лагерьт хуваагдан “Хүйтэн дайны аюул” дэлхийд заналхийлэх болов. “Хүйтэн дайн” хэмээх нэр томьёог дөчөөд оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Б.Барух анх хэрэглэжээ. ЗХУ социализмын ололтыг хамгаалах нэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд асар их хүч хөрөнгө зарж байлаа.

Сталины дэглэмийн дараагаар Никита Хрушев засгийн эрх авснаар улс төрийн байдал харьцангуй тогтворжиж нь энэхүү цаг үе нь ЗХУ-ын алтан үе байлаа. Сансарт амжилттай нисээд ирсэн Юрий Гагарины сүр хүч, ЗХУ-ын эрдэмтээс дэлхий эмээж байв. Тэд цөмийн технологи пуужин зэргээрээ хавьгүй илүү гэдгээрээ сансарт амжилттай ниссэнээр баталж харуулав. Зөвлөлтийн шилдэг пуужингийн мэргэжилтэн Королёв тив алгасах чадалтай пуужинг хоёр жилийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн.

1952 он. Их Британийн нэгдсэн вант улс Номхон далайн Крисмас арал дээр Харри туршилт хийж асар хүчирхэг зэвсгээр зэвсэглэгдсэн гурав дахь гүрэн боллоо. Олон британичууд үүнийг их гүрний статусаа хадгалах том боломж хэмээн баярлан хүлээж авсан гэдэг.

1960 он. Франц улс дэлхийн хоёрдугаар дайнаар Германд дарагдаж, алдагдсан геополитикийн нөлөөллөө олж авахын тулд цөмийн зэвсгийн хойноос идэвхийлэн хөөцөлдсөн юм. Ингээд 1960 онд Номхон далайн Туамоту Архипелаго гэдэг арал дээр, Африкийн Алжир улсын нутаг дэвсгэрт буюу Сахарын элсэн цөлийн дунд тус тус туршилт хийж цөмийн зэвсэгтэй дөрөв дэх орноор тодорсон.

1964 он. Мао Зе Дун ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хятад улсыг цөмийн зэвсэгтэй орон боллоо хэмээн зарлав. Хятадууд Шинкиан мужийн цөлд “596” нэртэй бөмбөг амжилттай туршсанаар ийнхүү манай гаригийн нэгэн хүчирхэг гүрний гарт цөмийн зэвсэг оржээ.

1974 он. Энэтхэг улс “Инээмсэглэж буй будда" хэмээх цөмийн төсөл амжилттай хэрэгжүүлснээ зарлалаа. Ингэснээр Энэтхэг улс туршилт хийж албан ёсоор баталгаажаагүй ч гэсэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтаж эхэлсэн. Улмаар дэлхийн геополитикийн хүчирхэг тоглогчийн нэг болж хувирсан юм.

1998 он. Энэтхэгийг цөмийн зэвсэгтэй болсноос хойш олон жилийн турш Пакистан улсын цөмийн хөтөлбөрт АНУ ихээхэн дэмжлэг үзүүлснээр 1998 онд “Чагай-1” хэмээх бөмбөг туршсан хэмээн дэлхий нийтэд зарлагдаж ийнхүү долоо дахь орон болсон.

Шинжээчид үүнийг Ислам шашинт улсын гарт цөмийн зэвсэг очсон анхны үйл явдал ч хэмээн дор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр 2006 онд АНУ тус улсыг цөмийн зэвсэг туршлаа хэмээн зарласан. Хэдийгээр Хойд Солонгосын тал үүнийг эсэргүүцдэг хэдий ч цөмийн хошуут пуужингууд амжилттай туршсан хэмээн өрнөдийнхөн эмээх болсон.

Ингэснээр Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон хэмээн үзэх болжээ.

 Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон хэмээн үзэх болжээ.

Дээрх найман орноос гадна цөмийн хөтөлбөрөө дэлхий нийтэд зарладаггүй ч үгүйсгэдэггүй нэгэн улс бий. Энэ бол Израйль улс. Израилчууд анх АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 1979 онд цөмийн зэвсэг худалдаж авсан хэмээн олон улс тооцдог.

Үүнийг 1986 онд Их Британийн Sunday Times сонин нийтэлснээр дэлхий нийт мэдэх болсон билээ. Хэрэв Израйлийг цөмийн зэвсэг эзэмшигч орны нэг хэмээн тооцвол албан ёсоор дэлхий дахин мэдэх болсон есөн улс, мөн үүн дээр нэмээд ЗХУ задарсны дараа цөмийн цэнэгт хошууг батлан хамгаалах салбартаа авч үлдсэн Украин, Белорусс, Казахстан гэсэн гурван улсыг нэмбэл нийт 12 орон нэрлэгдэх аж.

Одоо Хойд Солонгосоос гадна Ираны цөмийн хөтөлбөр өрнөдийн гүрнүүдийг түгшээж байгаа. Иран улс хэдийгээр энхийн зорилгоор цөмийг эзэмшихээр зорьж байгаа хэмээн мэдэгдсэн ч АНУ тэргүүтэй улс орнууд эргэлзэж эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл аваад буй. Энэ хямралд байдал сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Махмуд Ахмединижадыг суудлаасаа буусны дараагаас арай зөөлөрсөнд тооцож байна.

Гэсэн ч олон улсын шинжээчид Ираныг цөмийн зэвсгийн хойноос эрчимтэй хөөцөлдсөөр байгаа тул 13 дахь орон болно хэмээн бичих нь ч бий.

Мөн Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй орон хэмээгдэх ӨАБНУ ч цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдсөөр байна. 1980-аад оноос цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч 1991 онд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хөөцөлдөх олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Гэсэн ч шинжээчид мөн л ӨАБНУ-ыг цөмийн зэвсэгтэй орны тоонд багтахад ойрхон гэдэг.

НАТО-гийн гишүүн орнуудын дунд цөмийн цэнэгт хошуу бусад гүрнүүдээс худалдан авсан гэгддэг таван улс бий. Эдгээрт Герман, Бельги, Турк, Итали, Голланд улсууд ордог. Эдгээр орнууд цөмийн зэвсэг байхгүй хэмээн үгүйсгэдэг ч ОХУ, Хятад зэрэг орнууд НАТО-гийн хүрээнд зэвсэглэгдсэн хэмээн шүүмжилдэг юм.

Техник, технологийн хөгжлийг манай гарагт тодорхойлж буй Япон, БНСУ-ын зэвсэглэл ч хэний ч таамаглаагүй өндөр түвшинд хүрээд байгаа нь ойлгомжтой. Тэд ч ураны хажуугаар зүгээр хараад өнгөрөөгүй гэдэг юм билээ.

Зураг