Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.08/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан.
Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262,754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн бөгөөд гол төлөв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг бүрдүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасныг үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс