Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Ардын Чөлөөлөх Арми таван цэргийн тойрогт хуваагдах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын Ардын Чөлөөлөх Арми зохион байгуулалтаа өөрчилж таван стратегийн бүсэд хуваагдан байрлах шийдвэр удахгүй гарах гэж байгаа гэнэ. Одоогийн долоон цэргийн тойргоо тав болгон өөрчилж армид томоохон шинэчлэл, оновчтой зохион байгуулалт хийх юм.

Гол өөрчлөлт нь асар том газар нутаг хамарсан Баруун тойрог болон өргөжүүлсэн Хойд цэргийн тойргуудыг шинээр үүсгэнэ. Баруун цэргийн тойрогийн хамрах бүс нутаг нь хамгийн том, нийт армийн хуурай газрын цэргийн гуравны нэгийг багтаах юм. Командын төв нь Үрэмч хотод байрлах гэнэ. Энэ бүсэд улсын хүн амын 22 хувь нь суудаг ч олон үндэстэн ястнууд амьдардаг Шинжаан, Төвд зэрэг нутгуудыг хамруулж байгаа юм.

Зураг дээр одоогийн долоон тойрог болон санал болгож байгаа таван цэргийн тойрог

 

Баруун тойрог нь Афганистан зэрэг терроризмын гол үүр уурхай болсон орнуудтай хиллэдэг тул стратегийн чухал ач холбогдолтойд тооцогдож байна.

Тиймээс командын төвийг нь хуучин Ланжоу хотод байсныг баруун тийш шилжүүлэн Үрэмчид байрлуулжээ.

Төвийн тойрог нь зөвхөн нийслэл Бээжин хотыг хамгаалах зорилготой. Ингэснээрээ Хойд тойргийг зөвхөн Монгол, Оросын Алс дорнод, Солонгосын хойгийн хэрэг явдалд бүрэн төвлөрч ажиллах боломжоор хангах гэнэ.

Хойд тойргийн хувьд гол халуун цэг нь Солонгосын хойг бөгөөд Ким Жон Уны дэглэм дор Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал илүү хүндэрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс Хойд тойргийн командын төвийг Хойд Солонгосын хилийн ойр Шеньян хотод байрлуулжээ.

Харин Өмнөд ба Зүүн тойргуудад нь далайгаар ирэх халдлагаас хамгаалах усан флот төвлөрч байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХАЧА-ийг 2017 он гэхэд 300 мянган цэргээр хорогдуулж хоёр саяд хүргэнэ гэж зарласан. Энэ цомхотголын 70 хүртэл хувь нь хуурай замын цэрэгт хамаарна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Ийнхүү Хятад улс шинэ гадаад бодлогодоо зохицуулан хуучин долоон цэргийн тойрогтой байснаа тав болгон шинэчлэхэд ойрхон болжээ.

Шинэчлэл 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх магадлалтай байна.

 

Эх сурвалж: South China Morning Post