ОХУ-ын Зэвсэгт хүчинд зориулан автомат удирдлагын систем болон робот техникийг боловсруулдаг “Төхөөрөмж үйлдвэрлэлийн Нэгдсэн корпораци” бараг л хүний чадваруудыг бүхээлд нь эзэмшсэн гэж хэлж болохоор гуравдахь үеийн роботуудыг бүтээх технологи боловсруулж байгаа талаар Оросын “Вести” ангетлаг мэдээллээ.
Энэхүү робот техник нь операторын оролцоо болон дохиололгүйгээр орон зайд чиглэлээ олж, хөдөлгөөний чиглэлийг өөрөө сонгон, дүрс бичлэгээр объектуудыг таньж, тагнуул хийж, нисэгчгүй онгоцтой хамтран ажиллах болон бусад роботжуулсан төхөөрөмжүүдтэй ажиллах боломжтой гэнэ. Энэ роботын хамгийн том давуу тал нь радиоэлектрон тагнуул болон бусад илрүүлэх төхөөрөмжид “баригдахгүй”, учир нь цацраг ялгаруулах түвшин нь бараг тэгтэй тэнцүү гэж корпорацийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Түүнчлэн энэ корпорацийнхан машин сургалт, хиймэл оюун ухаан, робот техникийн автоматжуулсан удирдлагын оюуны системийн салбарын судалгаанд дорвитой алхам хийсний дээр бусад зорилтуудыг шийдвэрлэж чадсан гэнэ.
Улмаар робот техникүүдийг хоорондоо харилцаж, нэг нэгэндээ туслаж, зорилт даалгавруудыг хамтдаа шийдэх чадварт “сургажээ”. Одоо энэ системийг иргэний янз бүрийн техникийн загварууд дээр ашиглахаар төлөвлөж байгаа ч алсдаа суудлын тэрэг, танк зэрэг төхөөрөмжид ашиглах боломжтой гэнэ.
Корпорацийн мэргэжилтнүүдийн бүтээсэн технологи нь операторын тусламжгүйгээр ажиллах чадвартай бөгөөд агаараас авсан дүрс ажиглалтын мэдээллийг ашиглан роботжуулсан төхөөрөмжүүд нь чиглэлээ өөрчилж, саадыг давж, сөргөлдөгчийн хаалтыг нэвтрэх чадвартай юм байна.
Түүний зэрэгцээ радиоэлектрон цохилт өгөх радио электрон тулааны төхөөрөмж зэрэг тусгай техник, төрөл бүрийн зэвсэглэлээр тоноглогджээ. Одоо энэ технологийг зохион бүтээгчид төхөөрөмжийн цахилгаан соронзон цацраг ялгаруулалтыг багасгах замаар сөргөлдөгчийн мэдээлэл илрүүлэх төхөөрөмжинд илрэх боломжийг бууруулахаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: vesti.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!