Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Удвал: Толинд хараад л баймаар хөөрхөн болчихсон байсан

Ж.Отгон
2015 оны 11 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг болон, ТВ9 телевиз зохион байгуулсан “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүд хэдийн өөрийн хүссэн үр дүнд хүрээд эх орондоо ирсэн. Бид энэ удаагийнхаа ярилцлагын буландаа “Би өөрөө гоо сайхан” буюу Монгол “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ялагч болоод, гурван сарын хугацаанд гайхалтай өөрчлөгдөж чадсан тэвчээртэй мундаг бүсгүйчүүд болох Ц.Удвалтай цөөн хором ярилцлаа.

-Нэвтрүүлэгт яагаад орох болов. Хэн нэгэн орох санал тавьсан уу?

-“Let Me In-2” шоу нэвтрүүлэгт эрүү нүүрний гажигаасаа болж орсон. Анх “Let Me In-1” нэвтрүүлгийг үзээд оролцож үзэхийг хүсч байсан. Тэгээд судалж байгаад, “Let Me In-2”  нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн. Түүнээс хэн нэгэн оролцооч гэж санал болгоогүй. 

-Эрүү нүүрний гажиг засах хагалгаа хийлгэсэн гэсэн. Яагаад ийм гажигтай болсон бэ?

-Анх 2004 онд буюу дөрөвдүгээр ангид сурч байхдаа машины осолд орсон юм. Осолд орсон даруйдаа ямар нэгэн гажиг байгаагүй. Харин 2009 оноос буюу есдүгээр ангид орох үеэс эрүү муруйж, шүд далийхаас гадна юм идэхэд маш сонин харагддаг болж эхэлсэн.

Тухайн үед манай ангийн охин “чиний юм идэж байгаа чинь эмгэн шиг муухай харагдаж байна” гэж хэлсэн. Тэр үеэс л би гадуур хоол, унд идэж, ууж чадахгүй болсон. Нээрээ л эрүү маань улам далийгаад байсан учир юм идэхээр эвгүй харагдах байсан. 

-Харагдах байдал нь эвгүй байсан юм уу. Эсвэл ямар нэгэн зовиур байдаг байсан уу?

-Хагалгаанд орохоос өмнө миний эрүү мултардаг байсан. Түүнчлэн хэт хатуу зүйл идэх, бохь зажилах үед бага зэрэг зовиурлан өвддөг байсан. Хэдийгээр тийм их өвдөөд байхгүй ч гэлээ эрүү нүүрний гажигаасаа би маш их ичдэг байлаа. Уг нь би Англи хэлний багшаар суралцаж байсан.

Гэхдээ маш олон хүнтэй харьцах хэрэг гардаг байсан учир сэтгэл санааны хувь маш хэцүү байдаг байлаа. Тэгээд ч  багш болж төгсөөд би яаж хүүхдүүдэд хичээл заах билээ гэж бодох болсон. Энэ мэт асуудлаас болоод хөндийрсөөр байгаад нэг л мэдэхэд сургуулиасаа гарчихсан. Тиймээс л өөрийгөө өөрчилж, гоё сайхан болохын тулд “Let Me In-2” нэвтрүүлэгт орсон. 

-Зөвхөн эрүүний гажиг засах хагалгаанд орсон уу. Эсвэл өөр нэмэлт хагалгаа хийлгэсэн үү? 

-Миний хувьд жил ирэх тусам эрүүний гажиг улам даамжирч хүндрэл өгнө  гэсэн оноштой байсан. Түүнчлэн нас болон биедээ хэт ахадсан том хөхтэй гэж оношлосон. Хэт том хөхтэй учир нуруунд маань ачаалал өгч нурууны эмгэг үүсэх шатандаа орсон байсан. Гурван үе шаттай хагалгаа хийсэн.

Зургаан сараас бүтэн жилийн хугацаанд хатуу зүйл идэж болохгүй гэсэн. 

Тодруулбал, эрүү нүүрний гажиг засах, нүүрний тэгш бус хэмийг засах хагалгаа, шанаа болон дөрвөлжин эрүүг засах  ясны мэс засал, нүдний хэлбэр засах хагалгааг хийлгэсэн. Түүнчлэн хөх багасгах болон сойх мэс засал хийлгэсний дараа хамрыг өндөрсгөх, биеийн өөх соруулах зэрэг мэс заслуудыг хийсэн. 

-Ясны хагалгаа хийлгэсэн юм чинь нэлээн өвсөн байх. Хагалгааны өвдөлтийн үеийг хэрхэн даван туулав? 

-“Let Me In-1” нэвтрүүлгийн оролцогч С.Чимэгсайхан нэлээн өвддөг юм билээ гэж хэлсэн. Тиймээс их өвдөх юм байна гээд жаахан айдастай байсан. Гэтэл Л.Жавхлан эгч хагалгаандаа орж гарч ирээд “Өө өвдөхгүй ээ. Зүгээр юм байна” гээд байсан. Тэгэхээр нь үнэхээр л өвдөлт нь гайгүй юм байна гэж бодсон.

Гэтэл яг өөрөө хагалгаанд ортол маш их өвдөлт мэдэрсэн. Гэхдээ хэсэгхэн хугацааны дараа нүүрний хаван буугаад ирсэн чинь ёстой сайхан мэдрэмж төрсөн. Би өөрийн мэдэлгүй толины урд очоод л зогсчихдог. Өөрийгөө толинд хараад л баймаар хөөрхөн болчихсон байсан. 

-Хагалгааны ямар нэгэн зовиур байгаа юу. Эдгэрэлт нь ямар байна вэ? 

-Одоо ямар ч зовиур байхгүй. Өөрөө маш сайн гам барьж чадвал хурдан эдгэх болно. Хоёр жил огт бохь зажилж болохгүй. Зургаан сараас бүтэн жилийн хугацаанд хатуу зүйл идэж болохгүй гэсэн. 

-Гоо сайхны хагалгааны талаар манайхан эерэг гэхээсээ сөрөг хандлага байдаг. Таны хувьд хэрхэн хүлээж авдаг байв?

-Үнэнийг хэлэхэд, хагалгаанд орохоос өмнө гоо сайхны хагалгааны талаар тийм ч эерэг ойлголттой байгаагүй. Би жижиг нүдтэй байсан болохоор хүмүүс давхраа хийлгээч гэхээр эрс эсэргүүцдэг байсан. Гэтэл жил ирэх тусам эрүү далийгаад л нүүрний хэлбэр өөрчлөгдөөд ирэх тусам гутарч эхэлсэн.

Тиймээс ч гоо сайхны хагалгаанд ороод эрүүгээ л янзлуулчих юмсан гэж боддог болсон. “Let Me In-2” нэвтрүүлэгт оролцоод, ялагч болж халагаа хийлгээд би 100 хувь өөрчлөгдөж чадсан. Эрүүл, гоё сайхан болчихсон. Тиймээс гоо сайхны хагалгаа гэдэг бол тухайн хүнийг эрүүл, сайхан болгож өгч чадаж байгаа л юм чинь бусад хүн юу гэх нь хэн ч хамаагүй юм байна гэж бодох болсон. 

-Одоо сургуульдаа үргэлж­лүү­лэн суралцах талаар бодож байгаа юу?

-Би бүр багаасаа л эмч болно гэж боддог байсан. Тиймээс ирэх жилээс эмчээрээ сурахаар бүр шийдчихсэн байгаа. Сая Солонгос улсад очоод хагалгаанд ороод, эмчилгээ хийлгээд байж байхдаа л эмч болох мөрөөдлөө биелүүлнэ гээд шийдчихээд ирсэн. Хүмүүст дахин шинэ амьдралыг өдөр бүр бэлгэлж байдаг алтан гартай эмч нарыг биширч байсан шүү.

Л.Жавхлан: Монгол “Let Me In-2” нэвтрүүлгийн ачаар би амьдралдаа, гоо сайхандаа маш том эерэг өөрчлөлтийг хийж чадсан

Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг болон, ТВ9 телевиз зохион байгуулсан “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүд хэдийн өөрийн хүссэн үр дүнд хүрээд эх орондоо ирсэн. Бид энэ удаагийнхаа ярилцлагын буландаа “Би өөрөө гоо сайхан” буюу Монгол “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ялагч болоод, гурван сарын хугацаанд гайхалтай өөрчлөгдөж чадсан тэвчээртэй мундаг бүсгүйчүүд болох Л.Жавхлан, Ц.Удвал нарыг урин оролцууллаа. Тэмцээний ялагч Л.Жавхлантай ярилцлаа. 

 

-”Let Me In-2” шоу нэвтрүүлэгт яагаад орох болсон талаараа ярилцлагаа эхлэх үү? 

-Би энэ нэвтрүүлэгт өөрийгөө 100 хувь өөрчлөх хүсэлтэй байсан учир оролцсон. Нэвтрүүлэгт оролцох явцдаа өөрийн амьдарлыг нийтэд дэлгээд ярьчихсан. Гэр бүлийн асуудлаас болоод сэтгэл санааны гүн хямралд орчихсон, амьдрах итгэлээ алдсан үе надад бий. Ханьдаа хаягдаад, тээж төрүүлсэн үрээ алдаад, нийгэмтэйгээ зэрэгцээд амьдрахад үнэхээр хэцүү байсан.

Тиймээс ч амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдож байлаа.  Гэхдээ л би амиа хорлож чадаагүй. Учир нь миний хөөрхөн охин байдаг. Тиймээс “Би үртэй хүн, хөөрхөн охин минь байхад би яагаад хорвоог орхих ёстой юм” гэж бодсон. Тэгээд л эмэгтэй хүн, эх хүн гэдэг үүднээсээ өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Охиныхоо өмнө нүүр улайхааргүй, бардам,  өөртөө итгэлтэй мундаг эмэгтэй байхыг хүссэн учир “Let Me In-2” нэвтрүүлэгт орсон гэж хэлж болно.

-Нэвтрүүлэгт оролцохоор шалгараад, хүссэн өөрчлөлтийг хийнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ? 

-Өмнө нь би Монгол “Let Me In-1” шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Тухайн үед нээлтийн арга хэмжээнд оролцоод бусдыг бодвол миний эрүү нүүрний гажиг харьцангуй гайгүй юм байна гэж бодож байсан. Энэ удаагийн нэвтрүүлэгт 70 гаруй хүн оролцсон.

Би дахин уг нэвтрүүлэгт бүртгүүлээд, улмаар нэвтрүүлгийн ялагч болоод амьдралдаа, гоо сайхандаа маш том эерэг өөрчлөлтийг хийж чадсандаа үнэхээр их баяртай байгаа. Нэвтрүүлгийн ялагч болоход олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Үндсэн шалгуурт эрүү нүүрний гажигтай буюу өөрийнхөө гоо сайханд сэтгэл дундуур явдаг хүмүүсийг шалгаруулсан. Энэ шалгуурыг нь би хангасан. 

-Хагалгаанд орохоос өмнө эрүүний гажиг нь ямар нэгэн зовиуртай байсан уу?

-Би төрөлхийн эрүү нүүрний гажигтай байсан. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд гажиг нь эрс нэмэгдсэн. Хэдийгээр хүн бүхэн шоолоод л,  гадуурхаад байдаггүй байсан ч ухаан орсон цагаасаа  нүүрний гажигтай гэдэгтээ маш их эмзэглэдэг байсан.

Уулзаж, учирч байгаа хүн намайг ингэж хэлэх болов уу, тэгэж бодож байгаа болов уу гээд л дотроо шанаж өгнө. Зарим нэг хүний санаатай болон санамсаргүй хэлсэн үгийг маш эмзэгээр хүлээн авах жишээтэй. Түүнчлэн хатуу зүйл идэж болохгүй, зовиурлах зэрэг асуудал гардаг байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй сайхан байна. 

-Солонгос Улсад очоод хэчнээн төрлийн хагалгаанд орсон бэ. Мэдээж их өвдсөн байх?

-Би хагалгаанд орохын өмнө маш их  шаамий, ширүүн дүр төрхтэй харагддаг байсан. Надад хийсэн хагалгаануудыг гурван үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт,  доод, дээд эрүүний шаамий засах хагалгаа буюу хэт шаамий эрүүг хэвийн болгох, дөрвөлжин эрүүг зөв хэлбэрт оруулах зэрэг ясны мэс заслууд хийгдсэн. Хоёрдугаарт, төрөлхийн чартгар байсан нүдний хэлбэрийг өөрчилж, хамар өндөрсгөх, духанд үс шилжүүлэн суулгасан. Өмнө нь би нэлээн илүүдэл жинтэй байсан.

Хагалгаандаа орж гарч ирээд хамт явсан хоёр дүүгээ айлгачих байх гэж бодоод маш их шүд зуун тэвчсэн.

Тиймээс бүх биеийн болон гарны булчин хэсгийн өөхнөөс соруулсан. Мөн арьсаа татуулсан байгаа. Ясны хагалгаа хийлгэнэ гэдгээ мэдэж байсан. Тиймээс төрөхөөс ч илүү өвдөх байх гэж бодоод сэтгэл зүйн бэлтгэл маш сайн хийсэн. Өвдөлтөөс болоод уйлах, орилох ч үе гарах байх гэж бодож байлаа.

Хагалгаандаа орж гарч ирээд хамт явсан хоёр дүүгээ айлгачих байх гэж бодоод маш их шүд зуун тэвчсэн. “Миний хоёр дүү битгий айгаарай. Тийм их өвдөхгүй байна” гэж хэлээд зоригжуулж байсан. Хэрвээ намайг өвдөөд байна гээд улаад, орилоод байвал хоёр дүүгээ хагалгаанд орох зориг, зүрхгүй болгоод хаячих байх гэдгээс л хамгийн их айсан. Тиймээс ч хатуужилтай, тэвчээртэй байж чадсан. 

-Эмнэлэгтээ байхад хэлний бэрхшээл гарч байв уу. Өвдөж байгаагаа хэлэхээс эхлээд? 

-Орчуулагч нь байнга хамтдаа байсан учир тийм талын бэрхшээл нэг их гараагүй. Мэдээж өвдөлтийн хувьд хэлэхэд ч хэцүү тийм өвдөлтийг мэдэрсэн. Гэхдээ энэ нь өвдөлт насан туршид үргэлжлэхгүй. Энэ үеийг даваад л гарчихвал бүх зүйл сайхан болно. Би цоо шинэ амьдарлаа эхлүүлнэ гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. 

-Одоо ингээд харахад ямар ч мэс засал хийлгэсэн гэж хэлэхээргүй сайхан харагдаж байна. Ясны хагалгаа учир гуравхан сарын дотор бүрэн эдгэрээгүй байгаа байх. Хэзээ бүрэн эдгэх үү? 

-Бүрэн эдгэрэх хугацаа нь хамгийн багадаа нэг жилийн дараа эдгэрч энгийн хүн шиг юм идэх боломжтой болно гэсэн. Хагалгааны дараах эмчилгээг Солонгос улсад бүрэн хийлгээд ирсэн. Тиймээс хэр хурдан эдгэрэх нь тухайн хүний хэрхэн гам барьж байгаагаас шалгаална гэсэн. Одоо зөөлөн юмыг бага багаар, шингэн голдуу хоол идэж байгаа. 

-Хэрвээ одоо хагалгаанаас болж ямар нэгэн асуудал гарвал хаана хандах уу? 

-Ямар нэгэн асуудал гарвал Солонгос Улсынхаа эмнэлэг рүү хандаж болно. Гэхдээ тийм асуудал гарахгүй байх. Учир нь солонгосчууд гоо сайхны хагалгаагаар нарийн мэргэшчихсэн. Маш дээд зэргийн чанартай хийдэг болчихсон юм билээ.

Ард иргэд нь ч гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Найман настайгаас 80 настай буурай, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд гоо сайхны мэс засал хийлгэдэг. Бидний хагалгаанд эмч нар нь 100 хувийн баталгаа өгсөн. Тиймээс буцаад эмнэлэгтээ хандах асуудал гарахгүй байх.
 
-Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс мэс засал, эмчилгээ, байр, хоол гээд бүх зүйлийн төлбөрийг бүрэн даасан уу? 

-Хэрэв нэвтрүүлэгт ороогүй буюу өөрийн зардлаар эдгээр хагалгааг хийлгэсэн бол 200 гаруй сая төгрөг болох байсан юм билээ. Миний хийлгэсэн хагалгаанууд, очоод байрлах байр, явах зардал зэргийг оруулаад ойролцоогоор 200 сая төгрөг болох тооцоо гарсан.

Ийм өндөр өртөгтэй хагалгааг ямар ч зардалгүй хийлгэж чадсан. Би их азтай хүн шүү. Хэрэв би  нэвтрүүлэгт оролцоогүй бол энэ их мөнгөөр хагалгаанд орж, амьдарлаа ингээд шинээр эхэлж чадахгүй байсан. 

-Амьдарлаа шинээр эхэлж чадсанд баяр хүргэе. Одоо дахиаж амиа хорлох зэрэг үйлдэл гаргахгүй биз дээ?

-“Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ачаар миний зөвхөн гадаад төрх гоё сайхан болоод зогсохгүй дотоод хүн маань ч бүрэн өөрчлөгдсөн. Тиймээс ирээдүйн амьдарлын өөд итгэл төгс алхах болно. Хүмүүстэй харьцахдаа ч өөртөө 100 хувь итгэлтэй байдаг болсон. Энэ итгэл төгс бардам амьдрал бэлэглэсэн “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн хамт олон “Гранд” эмнэлгийн эмч, сувилагч нартаа маш их баярлаж байгаа.

Зураг