Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Энхжаргал: Монгол охид дэлхийд гайхагдаж чадсан

Х.Монголхатан
2015 оны 11 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Бага насны хүүхдүүдийн авьяас билгийг нээж, хөгжүүлэх зорилготой “Бяцхан мисс”, “Бяцхан тод авьяастан”, “Уран жиргээ” зэрэг олон тэмцээн уралдаан зохиогддог. Тэгвэл авьяас чадвараараа үеийнхнээ манлайлсан Монгол охид дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартайгаа харуулаад ирсэн байна.

15 дахь жилдээ зохиогдсон “Little Miss World” наадмын 4-6 насны ангилал буюу “Tiny” ангилалд “Үй Цай” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч М.Гэрэлтэх “Гранпри” шагнал, эрдэнийн чулуун шигтгээтэй титмийн эзэн болжээ. Харин 9-12 насны ангилалд өрсөлдсөн 93-р сургуулийн зургадугаар ангийн сурагч Б.Одмаа “Шилдэг бүжигчин”, “Шилдэг гүнж” ангилалд тэргүүлж хоёр титэмтэй эх орондоо ирсэн байна.

Дэлхийд нэр хүндтэй энэ наадамд Монгол Улсаас анх удаа оролцох ажлыг “Гүнжийн дэвтэр”-ийн санаачлагч, UBS телевизийн хөтлөгч Ч.Энхжаргал зохион байгуулж, өөрөө олон улс шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгогдон ажиллажээ. Түүнтэй ярилцлаа.

-Телевизийн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулздаг хөтлөгч бүсгүйг охидын дуртай “Гүнжийн дэвтэр” хийснийг нь мэдэх юм байна. Энэ дэвтрийг хэзээнээс гаргаж эхлэв?

-2010 оноос эхлэн “Гүнжийн дэвтэр” хэмээх хувь хүнийг хөгжүүлэх охидын дэвтрийг санаачлан хийсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Гүнжийн дэвтэр” охидод хэдийнэ танил болж, ойр дотны хэрэглээ нь болж чадсанд баяртай байдаг. Энэ бол миний багийн мөрөөдөл. Багаасаа тэмдэглэл их хөтөлдөг байсан ч миний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвтэр байгаагүй. Тиймээс өөртөө тохируулан дэвтэрээ засч янзлан, чимэглэдэг байсан. Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлаад “Гүнжийн дэвтэр” мэндэлсэн дээ. Охид зорилготой байх ёстой. Зорилгоо биелүүлэх зорилттой байхад энэ дэвтэр тусална.

-Яагаад бяцхан миссийн тэмцээнтэй холбогдов?

-Манай найз намайг охидыг хөгжүүлэх тэдэнд чиглэсэн ямар нэг ажил хийх хүсэлтэйг мэддэг учраас анх энэ тэмцээний талаар хэлсэн юм. Тэгээд л “Little Miss World” наадмыг зохион байгуулагчидтай холбоо барихад “Монголоос оролцогч явуулахад дуртай байх болно” гэж миний саналыг уриалгахан хүлээж авсан.

 Гол шалгуур нь хүүхэд авьяастай гоё сайхан байхаас гадна байгаль эх дэлхийдээ хайртай байх сэдлийг төрүүлэх.

“Little Miss World” бол дэлхийн хүүхдийн урлаг соёлын наадам юм. Энэхүү наадамд 60 гаруй улс орны охид оролцсон. Украин төвтэй учраас газарзүйн байрлалаасаа шалтгаалаад аль болох виз шаардахгүй улс орнуудад наадмаа зохион байгуулдаг юм билээ. Учир нь хүүхдийг хүний наймааны гэмт хэргээс хамгаалах, заавал эцэг эх нь хамт явах шаардлага тавьдагтай холбоотой.

Тиймээс Хар тэнгисийг тойрсон улсуудад зохион байгуулдаг юм билээ. Энэ жил Туркийн Анталияд болсон. Гол шалгуур нь хүүхэд авьяастай гоё сайхан байхаас гадна байгаль эх дэлхийдээ хайртай байх сэдлийг төрүүлэх. Тэр үүднээсээ экологийн төсөл хэрэгжүүлэх шаардлага тавьж, байгаль орчинд ээлтэй хувцас өмсч загварын шоу хийдгээрээ онцлогтой.

-Дэлхийн бяцхан миссд оролцох монгол охидоо хэрхэн сонгосон бэ?

-SBN телевизтэй гэрээ байгуулж, “Little Miss World” тэмцээнийг эх орондоо зохион байгуулж гурван хүүхэд шалгаруулсан. Нэг нь явах боломжгүй болоод М.Гэрэлтэх, Б.Одмаа нар явсан.

“Little Miss World” наадмын 4-6 насны ангилалд М.Гэрэлтэх “Гранпри” шагнал, 9-12 насны ангилалд Б.Одмаа “Шилдэг бүжигчин”, “Шилдэг гүнж” болжээ.

Гэхдээ хоцорсон охин маань ирэх жилийн гуравдугаар сард Өмнөд Африкад болох тэмцээнд оролцоно. Ер нь дэлхий дээр хүүхдийн миссийн тэмцээн олон болдог. Тэднээс олон жил тасралтгүй зохион байгуулагдсан, олон улс орон оролцдог, шударга явагддаг учраас чансаагаараа “Little Miss World” тэргүүлдэг.

-Олон улсын шүүгчээр сонгогдоход ямар шалгуур тавьсан бэ?

-Үндэсний эрх эзэмшигчид олон улсын шүүгч болох боломжтой ч тодорхой шаардлага биелүүлэх ёстой. Шүүгчийн хамгийн гол үзүүлэлт гэвэл хүүхдүүдийнх нь бэлтгэл, тэмцээнд хэр ач холбогдол өгч оролцож байна, хариуцлага, үнэнч шударга байдлыг хардаг юм билээ.

Олон улсын 10-аад шүүгчтэй хамт энэ наадмыг шүүсэн. Энэхүү наадам хоёр үе шаттай. Гэхдээ үе шат гэхээсээ илүү номинацид хувааж ерөнхий шалгаруулалт нь явагдсан. Өдөрт нэг номинаци шалгаруулж таван өдөр явагдаж, гала тоглолт дээрээ титмийн эзнээ тодруулсан. Гранпри алтан титэм, дөрвөн насны ангиллын эрдэнийн титэм, болон номинациудын гэсэн шалгаруулалттай.

-Манай Б.Одмаа “Ягаан гүнж” номинацийн эзэн болсон. Энэ номинаци нь ямар шалгуураар явагдсан бэ?

-9-12 насны ангилалд өрсөлдсөн Б.Одмаа маань бүжгээр хичээллэдэг учраас “Бүжигчин мисс”-ийн титэм авсан. Мөн “Ягаан мисс” номинацид өрсөлдсөн. Энэ номинаци нь хүүхдийн тоглоомын паркад болдог.

Бүх охид яагаан даашинзаа өмсөөд тоглоомын паркад тоглохдоо хэрхэн биеэ авч явж байна, өөрийгөө гүнж гэж төсөөлж аз жаргалтай байж чадаж байгаа эсэхийг хардаг.

-Олон орны охидтой өрсөлдсөн. Тэднээс Монгол охидын ялгарах онцлог юу байв?

-Монгол охид маш хариуцлагатай. Тайзан дээр гараад хийх ёстой зүйлээ маш сайн гүйцэтгэдэг. Англиар тавих илтгэлээ өглөө, оройгүй бэлдэж байгаад хийнэ. Харин сул тал гэвэл өөрийгөө задлах, өөрөөрөө байх чанар нь дутмаг санагдсан.

Тиймээс бэлдээгүй, гэнэтийн зүйл болоход аав ээж нь хэлж өгөөгүй л бол сандарч барьц алддаг. Бусад орны охид чөлөөтэй өөрийнхөө хүссэнээр байдаг учраас зарим тал дээр хариуцлага муутай. Гэхдээ хэн нэг том хүний хэлснээр биш өөрийнхөөрөө аливаад хандах нь сайн юм билээ.

Манай улс экологийн доройтолтой хэрнээ экологийн төслүүдээ сайн хэрэгжүүлээгүй. Бусад хөгжилтэй орнууд экологийн асуудлаа шийдсэн хэрнээ жижиг гэлтгүй зүйлийг сайн анхаарч, үр дүнг нь үзээд хэдэн сараар төслөө хэрэгжүүлсэн нь сайхан санагдсан.

-Монголоос ямар бүрэлдэхүүнтэй явав. Зардал мөнгийг нь хаанаас гаргасан бэ?

-М.Гэрэлтэх аав, англи хэлний багштайгаа, Б.Одмаа ээж, эгчтэйгээ хамт, зураглаачтайгаа наймуулаа явсан.

Оролцогчид хувийн зардлаа өөрсдөө гаргасан. Миний анзаарснаар манай аав ээжүүд үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг юм билээ. Манай хоёр оролцогчид тайзан дээр гоё харагдах хамгийн ганган  даашинз, хувцсыг авч өгч байсан. Хоёр охины маань бэлдсэн хувцас буудлын шкафийг дүүргэсэн хэдий ч бүгдийг нь өмсч амжаагүй. Тийм л сайн бэлтгэлтэй явсан.

Дэлхийн хэмжээний энэ том наадамд орсноор охид маань олон улсын соёл, онцлог, хувцас, хоолыг нэг дор харж, суралцаж байсан. Найз нөхөдтэй болохын тулд англи хэл сурах ёстойгоо ойлгож авсан. Ер нь хүүхдүүдийн дунд соёлын солилцоо явагдсан гэж болно.

-Цаашид Монгол охидоо энэ тэмцээнд оролцуулах уу?

-Энэ наадмын албан ёсны эрхээ авчихсан учраас жил бүр уламжлал болгон эх орондоо зохион байгуулаад шалгарсан охидоо авч явна. Энэ жилийн хувьд анх удаа оролцсон гэхэд хоёр охин маань гурван титэмтэй ирсэн нь том амжилт.

Гэхдээ ирэх жилүүдэд амжилтаа ахиулж Гранпри алтан титэм авахын төлөө бэлдэнэ. Биднийг энэ наадамд амжилттай оролцсоны дараа нэлээд хэдэн тэмцээний урилга ирсэн байгаа. Энэ долдугаар сард АНУ-д болох тэмцээнд хоёр охиноо оролцуулна.

Зураг