Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэх ТОГТООЛЫН төслийг хэлэлцэхээр боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Гишүүдийн 80.4 хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ.

 

“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ” УИХ-ын тогтоолын төслийн тухай

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой 2016 онд  тохиож байгаа тул уг ойг тэмдэглэх асуудлын хүрээнд энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна.

1. Ю.Цэдэнбалын гэр музейг байгуулах талаар:

Дэлхий дээр төрийн уламжлалтай, түүх соёлтой ард түмнүүд улсдаа болон дэлхийн түүхэнд алдар нэрээ мандуулан үлдээсэн гарамгай зүтгэлтнүүдийнхээ музей байгуулж, дурсгалыг нь мөнхжүүлдэг нь соёлт хүн төрөлхтний нийтийн тогтсон хүмүүнлэг ёс уламжлал билээ.

Монголчууд бид ч гэсэн тийм түүхэн уламжлалтай, хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай ард түмэн билээ. Энэ их түүхэн уламжлалт ёсыг Ю.Цэдэнбал Монгол төрийг удирдаж байх хугацаандаа хүндлэн дээдэлж, түүх соёлоо үнэн мөнөөр нь үлдээж түүхээрээ бахархан дээдлэх талаар бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Үүний тод жишээ нь, Хэнтий аймагт босгосон Чингис хааны сүрлэг хөшөө дурсгал, Богд Жавзандамба хааныхаа төр улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж түүний орд харш, эдлэл хэрэглэлийг нь бүрэн бүтнээр нь музей болгосон нь өнөөдрийг хүртэл монголчууд төдийгүй гадаадынханы нүдийг хужирлан түүхийг сануулдаг газар болсоор байна. 
    

Маршал Х.Чойбалсанг насан өөд болсны дараа Ю.Цэдэнбалын санаачилгаар Ардын хувьсгал, Ардын төрийг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын музейг байгуулж, эхнэр Гүндэгмаа гуайд нь зориулан Төв шуудангийн баруун талд хоёр давхар байшин шинээр бариулан өгч байсан байна.


    
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу гуайг таалал төгссөний дараа төрийн тэргүүний амьдарч байсан байранд эхнэр Нямаа гуай олон жил үргэлжлүүлэн амьдарч байсан зэргээс харахад Ю.Цэдэнбал төрт ёсны уламжлалаа  мэдэж, түүхийг дээдэлж явдаг, түүхээ хүндэтгэж хайрладаг, хүнлэг энэрэнгүй удирдагч байсан нь харагдаж байна.
    
БНМАУ-ын Сангийн яамны сайд бөгөөд Монгол банкны дарга, Армийн Улс төрийн газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах Зөвлөлийн даргаар 40 гаруй жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг угтаж, түүний 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага-Улсын Их Хурлын шийдвэрээр “Ю.Цэдэнбалын гэр музей” болгуулах санал хүсэлтүүдийг сүүлийн 20 гаруй жил тавьж уламжилсаар иржээ.
    
Тухайлбал, 1990-ээд оноос эхлэн энэ тухай асуудлыг тодорхой аймаг, сумын ард иргэд, байгууллага, хөдөлмөрийн хамт олон, Хөдөлмөрийн баатарууд, Ардын болон Гавьяат цолтнууд, генерал, цэрэг армийнхан, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, ард иргэдээс холбогдох байгууллагуудад саналаа уламжилсаар иржээ. Иймд Монгол төрийн түүх, түүхэн уламжлалыг ард түмэндээ үнэн мөнөөр нь дэлгэн тавих, залуучууд, оюутнууд, ирээдүй хойч үедээ өвлүүлэн хүргэх, түүхээрээ бахархах, түүгээрээ омогших, цаашид судлан өргөжүүлэх, туршлага уламжлалаасаа суралцах нь өнөөдөр үнэнхүү чухал хэрэгцээ шаардлага болон тавигдсаар байна.
    
Улсын Их Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох талаар тодорхой шийдвэрийг гаргах нь олон түмний сэтгэл зүй, санал хүсэлтийг харгалзсан, хүнлэг энэрэнгүй, түүхэн үнэнийг эрхэмлэсэн, ардчиллыг улам төгөлдөржүүлсэн, хүний эрхийг хүндэтгэсэн ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэр болох нь дамжиггүй.
    
Цаашид ХХ зууны Монголын шинэ үеийн төрийн үүсэл  хөгжил, түүний үе шат, бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, хүрсэн өнөөгийн түвшинг үнэн мөнөөр нь гарган тавих, олон түмэнд зөв ойлголт өгөх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд алдаа онооны сургамж авах түүхэн шаардлага улам ихээр тавигдаж байна.


2. Ю.Цэдэнбалын улс төрийн хэлмэгдлийг цагаатгах талаар:

Сүүлийн жилүүдэд түүх бүдгэрч, түүхийг гуйвуулан засах, үзэл сурталжуулах, үгүйсгэх, зориудаар мушгин гуйвуулах, сэтгүүл зүйчилж байгаагаас үнэн бодит түүхээ мэдэхээ больж, өнгөрсөн үеийн Монголын удирдагчдын талаар буруу зөрүү, тааруу мэдээллийг хойч үедээ өгч, өнөөгийн ойлголтоор бол өмнөх удирдагчид бүхэлдээ улсаа худалдсан, гадаадынхны гар хөл болсон, иргэдээ тамлан зовоосон, алж хядсан, эсвэл юу ч мэддэггүй, боловсролгүй хоцрогдсон, харанхуй бүдүүлэг нөхдүүд байсан мэтээр ойлгуулахыг оролдож ирээдүй үеийнхний тархийг түүхийн шинэ бодит бус бичлэгээр угааж байгаа нь нууц биш ээ.
    
Үүний нэг тод жишээ бол Ю.Цэдэнбалын тухай асуудал мөнөөс мөн юм. Түүнийг 1984 онд тодорхой үндэслэлгүй шалтгаанаар, Үндсэн хуулийн бус аргаар  бүх албан тушаалаас нь зайлуулж, эх орондоо амьдрах хүний эрхийг зөрчин гадаадад “цөлж”, 1990 оны үед хууль зүйн үндэслэлгүй, хуулийн байгууллагаар тогтоогдоогүй, худал зохиомол, тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчийг үүсгэж, янз бүрийн нэр хаяг зүүж, улс төрийн талаар хэлмэгдүүлсэн явдал байлаа.
    
Өнөөдөр Монголын ард түмэн энэ түүхэн гажуудлыг үнэн мөнөөр нь ойлгон мэдэрч, түүнийг улс төрийн хувьд нь цагаатгах, түүхэн үнэн мөнөөр нь гаргаж тавих, нэр алдрыг нь сэргээх, ард түмэн, хойч үедээ хүргэх зорилгоор дээрх хүсэлт шаардлагыг сүүлийн 20 гаруй жил тавьж уламжилсаар иржээ.

“Улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан, нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх, тусгай, онцгой бүрэн эрхэт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг” хамааруулна гэж хуулинд зааснаас үзэхэд Ю.Цэдэнбал улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг нь нотлогдож байна.
  
Шүүхийн шийдвэргүйгээр, тэр үеийн Үндсэн хуулийн 19 дугаар зүйлд заасан “Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйл, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална.” 87 дугаар зүйлд  заасан “БНМАУ-ын иргэдийн орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана.” гэсэн заалтыг хүнлэг бусаар зөрчиж, Ю.Цэдэнбалын гэр байшинд эздийн нь зөвшөөрөлгүйгээр халдаж, хувийн эд, хөрөнгийг нь хурааж, зарж үрэгдүүлэн, түүх соёлын 30 мянган үзвэрийг шамшигдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Шүүхийн шийдвэргүйгээр, үндэслэл судалгаагүйгээр Ю.Цэдэнбалын хошой баатар, Маршал цолыг хураан хасаж, одон,  тэмдэгийг хураах шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хохироож хэлмэгдүүлсэн үйлдэл байв.


3. Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар:

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавъяат цолтнууд, түүхт хүмүүсийн 100 ба түүнээс дээш тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль, Засгийн газрын тогтоол холбогдох шийдвэрийг үндэслэн алдар нэрийг нь мөнхжүүлэх, нэрэмжит албан байгууллага, газар бий болгох, хөшөө дурсгал босгох, цогцолбор байгуулах боломжтой болно.