Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНГД-ийн холбооноос МАН-ын даргад шаардлага хүргүүллээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын дарга М.Энхболдод шаардах бичиг хүргүүлж байгаа талаараа тус холбооны тэргүүн Т.Хасбаатар болон гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Т.Хасбаатар "МАН нь 2010 оны 10 дугаар сард Санжаагийн Баяр, Ухнаагийн Хүрэлсүх нарын зүтгэлтнүүдийн санаачлагаар байгуулагдсан. Өдгөө тавхан настай нам өнгөрсөн зуунд болсон сайн үйл явдалд бид л оролцсон гэж хэлж боломгүй. Тэд түүхийг хэт гуйвуулан хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэндээ хэлж байна. Үүний жишээ нь Ю.Цэдэнбалын хийж байсан сайн үйлдлүүдийг бид хийсэн гэж мэдээллэх нь зүй бус явдал юм. Учир нь 1990 оны 3-р сарын 14-ний өдөр намын төв хорооноос батлагдсан хурлаар Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөх шийдвэр гаргаж, түүнчлэн өмнө нь олгогдсон бүхий л төрийн шагнал болон эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргаж байсан юм." гэлээ.

Уг шаардах бичгийг бүрэн эхээр нь танилцуулъя.
 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА

Улаанбаатар   2015.11.27

1. Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаа явуулж буй МАН нь 2010 оны 10 дугаар сард байгуулагдсан. Та бүхний үнэт зүйл нийгмийн төлөө тэмцэгчдийн үнэн мөн чанар Санжаагийн Баяр, Ухнаагийн Хүрэлсүх нарын зүтгэлтнүүдээс эхлэлтэй гэдгийг тэмдэглэе.

2. МАХН нь 1925 оны 3 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зууны нийгэм, улс төрийн амьдрапд эерэг, сөрөг олон үйл ажиллагаа явуулж байсан. МАХН-ын батлах бүхий төр нийгмийн зүтгэлтнүүдийн алдар гавьяаг мөнхжүүлэх, өмчлөх эрх, ёс суртахуун МАН-д байхгүй.

3. МАХН-ын батлах бүхий төр, нийгмийн зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг одоогийн МАХН-ын гишүүд тэмдэглэж бахархах нь зүй ёсны асуудал бөгөөд түүхийг гуйвуулах, нэг хүнийг нийгэмд гүйцэтгэсэн эерэг үзүүлэлтээр өмчлөх ёс суртахууны эрх байхгүйг дахин тэмдэглээд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр явуулж буй бусармаг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

4. Хэрэв бидний шаардлагыг эс биелүүлвээс 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй татан буулгах асуудлыг Монгол Улсын Дээд шүүхэд хандахыг үүгээр мэдэгдэж энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

Бидний шаардлагын хариуг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгээр ирүүлнэ үү.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо