Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга аа, ЗАЛУУЧУУД нийлж Хэвлэх үйлдвэрийн барилгыг ХУДАЛДАЖ АВЪЯ гэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN

Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхлэн дуудлага худалдаанд оруулах болсноо зарласан билээ.

Энэ мэдээлэл гарсны дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа хамтдаа  хөрөнгө босгож тус барилгыг худалдаж авах санаачлага гаргасан. Тэгвэл түүний энэ санаачилгыг олон зуун залуус дэмжиж өнөөдрийн байдлаар ойролцоогоор хоёр тэрбум орчим төгрөгийг нь санхүүжүүлэх боломж нээгджээ.

 

За, энэ дуудлага худалдаанд ороод авдаг юм уу? Хамтраад авах нэг сая төгрөгтэй 1000 хүн байна уу? #crowdfunding #mongolia #privatization https://ikon.mn/n/m5h

Posted by Ganhuyag Chuluun Hutagt on Wednesday, November 25, 2015

Бид түүнтэй уулзаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Хэвлэх үйлдвэрийн барилгын ойролцоо орших оффис дээр нь очсон юм.

Түүний ажлын өрөөний цонхоор энэ хэсэг газар тод харагддаг ажээ.

 

Ч.Ганхуяг юун түрүүнд надад ширээн дээр байсан барилгын зургийг үзүүлэв. Таван жилийн өмнө үүний ойролцоо газар дээр олон давхар, шилэн барилга барихаар төлөвлөж зургийг нь гаргаж байсан гэв.

Дараа нь өөрт нь ирсэн мэйлүүдийг харууллаа. Түүний санаачлагын дагуу залуусаас “Хэвлэх үйлдвэрийн барилгыг хөрөнгө босгож авахад хамтрах хүсэлтэй байна”, “Надад нэг сая төгрөг байна. Яаж хамрагдах вэ”, “100 хүртэл сая төгрөгөөр оролцох боломжтой” гэх мэт олон зуун мэйл ирсэн байлаа.


Ингээд бидний яриа эхэлсэн юм.

 

-Та яагаад ийм санаачлага гаргах болсон юм бэ?

-Өчигдөр танай сайт дээр гарсан мэдээний дагуу ер нь хамтраад хийчихвэл яадаг юм бэ гэсэн санаа төрсөн. Би өмнө нь ийм зураг төсөл дээр ажиллаж байсан юм. Дэлхийд алдартай хоёр архитектур энэ зургийг надад гаргаж өгч байсан л даа.

Залуучууд надад нэлээн итгэдэг юм шиг байна. Бараг хоёр тэрбум төгрөг цугларах боломжтой болсон. 10 цагийн дотор гэж хэлж болно. Сонин байгаа биз дээ. Монголд анх удаа ийм юм болж байна.

-Одоо та яах бодолтой байна?

Би танайхаар дамжуулаад Хотын дарга Э.Бат-Үүлд хэлэх гэсэн юм. Би залуучуудыг ингээд нэгтгэчихлээ. Та нар хамтраад орчих оо. Та нарт нэг давхрыг нь өгье гэсэн уриалга гаргаж байгаа юм.

-Дуудлага худалдаа нь энэ сарын 30-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тэгэхээр дуудлага худалдаанд оролцохгүй гэсэн үг үү?

-Дуудлага худалдаанд оролцохгүйгээр шийдэж болно. Хот хамтрахаар бол дуудлага худалдаагаа хүчингүй болгоод Монгол залуучууд мөнгийг нь босгож, би менежерээр нь ажиллая. Хамгийн гол нь Хотын дарга Э.Бат-Үүл залуучуудын урмыг бодоод хамтран ажиллахаар болвол ийм олон хүмүүсийг дэмжиж байна гэсэн үг. Бид тэр мөнгөөрөө байшингаа барьчих юм.

-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах барилга барих юм бэ?

-Доороо үйлчилгээтэй, дундаа оффистой, дээрээ зочид буудалтай “Blue Sky” шиг барилга барина.

 

-Газрыг нь авчихлаа гэж бодоход энэ том барилгыг яаж барих вэ?

-Энэ олон хүмүүс нэгдэж байгаа болохоор асуудлаа шийдэж болно. Мөн манай зүгээс нэмж хөрөнгө оруулалт олох боломжтой. 


Түүний энэ санаачлага амжилттай хэрэгжихэд Хотын захиргааны дэмжлэг хэрэгтэй байгаа ажээ.

Учир нь гурав хоногийн дараа дуудлага худалдаа зохион байгуулагдаж, хэн нэгэн энэ газрыг худалдаж авах юм бол залуус хөрөнгөө босгох энэ ажил амжилтгүй болно.

Энэ хавийн газрыг Монгол залуучууд хөрөнгөө нийлүүлж худалдан авч, барилгаа барьснаар дараа нь үр ашгийг нь хамтдаа хуваан хүртэх боломжтой. “Хөрөнгө оруулагч Үндэстэн” бий болох алхам үүгээр ч эхэлж болох юм.

Мөн Төрийн ордны зүүн хэсэгт байрлах хуучны, эмх замбараагүй барилгууд төвлөрсөн газрыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж зураг дээр харагдаж буй бүтээн байгуулалтыг эхлүүлэх гарцыг тавьж өгч чадах юм.

Хотын дарга аа, ЗАЛУУЧУУД нийлж Хэвлэх үйлдвэрийн барилгыг ХУДАЛДАЖ АВЪЯ гэж байна. Залууст долоон тэрбум төгрөг байхгүй ч НЭГ САЯ төгрөг бий. 

БАРИЛГЫН ЗУРГУУД

 
 
 

За, тохирсон ёсоор хариу өгөх цаг иржээ. Хүлээлгэсэн бол уучлаарай. Санаандгүй, маш олон хүн оролцох, хувь нэмэр болж, х...

Posted by Ganhuyag Chuluun Hutagt on Thursday, November 26, 2015

 

Ч.Ганхуягтай холбогдохыг хүсвэл info@ganhuyag.com руу мэйл бичих, эсвэл фэйсбүүк хуудас руу нь хандаарай.