Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ГААЛИЙН ТАТВАР, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр уг хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцсний эцэст

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 72.7 хувиар
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 70.5 хувийн саналаар дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.


Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн Байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдаж байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгаас


Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн /нарны зайн дэлгэц/ үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан.

2015 оны эхний улиралд хийсэн судалгаагаар, Монгол улсад өрх, жижиг, дунд хэрэглээнд ашиглах нэгж бүр  нь 50–250Вт-ын хүчин чадалтай нарны зайн борлуулалтын хэмжээ 2013 онд 1095кВт, 2014 онд 785кВт байсан ба үүнээс 2013 онд 62.1 хувийг, 2014 онд 61.1 хувийг тус тус импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэхүү хуулийн төслөөр сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох ба айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлторуулахаар энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар

Хуулийн төсөл батлагдаснаар:

- Уламжлалт хатуу түлшнээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,бүс нутагт байнгын болон түр ажлын байрыг бий болгох;

- Өмнөд бүсэд шинээр үүсч буй байнгын өндөр хэрэглээтэй уул уурхайн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах, алслагдсан шугам сүлжээний цахилгааны алдагдлыг бууруулах, өрх, жижиг дунд хэрэглэгчдэд дотоодод үйлдвэрлэсэн нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрийг хямд үнээр ашиглах боломжийг олгох;

- Цэвэр эрчим хүч болох Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд болон дотоодын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хувьд тогтвортой ажиллах, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, одоо хэрэгжиж буй төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх эерэг үр дагавартай;

Хууль эрх зүйн талаас нь авч үзвэл шинээр байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 1120МВт (усны 560МВт, салхины 552МВт, нарны 48МВт) байгаа нь Монгол Улсын Ногоон Хөгжлийн Бодлогын шалгуур үзүүлэлт: Эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Хөтөлбөрт 2020 он гэхэд Эрчим хүчний үйлдвэрлэл дэх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээг 20–25 хувьд хүргэх зорилтыг хангах давуу талуудтай.