Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган: Хэрвээ Оросын онгоц гэдгийг мэдсэн бол өөрөөр хандах байсан

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжип Таиип Эрдоган France 24 телевизийн сувагт ярилцлага өгсөн байна.

Энэ үеэр Эрдоган “хэрвээ бид Оросын онгоц гэдгийг мэдсэн бол анхааруулгыг өөрөөр өгөх байсан” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Туркийн тал онгоцыг унагах хүртлээ Оросынх гэдгийг мэдээгүй байсан гэнэ.

Бас энэ хэрэг явдлын дараа Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбогдож ярих гэсэн боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй гэжээ.

Анкара Исламын улс бүлэглэлтэй газрын тосны наймаа хийдэг гэсэн мэдээллийг Эрдоган няцаасан байна.

Тэр “мэдээж энэ бол худлаа гүтгэлэг” гээд “бид хэзээ ч ийм наймааг ямар нэг террорист байгууллагатай хийж байгаагүй. Хэрвээ энийгээ тэд баталж чадах юм бол би огцрох болно” гэжээ.

Туркийн засгийн газар өчигдөр Анкара дахь Оросын элчин сайдад мэдэгдэл хүргүүлж Москва дахь өөрийнх нь элчин сайдын яамны гадаа Оросууд жагсаал хийснийг эсэргүүцсэн байна.

Лхагва гарагт Оросын хэдэн зуун залуус Туркийн элчингийн гадаа жагсаж чулуу, өндөг зэргийг шидсэнээс хэд хэдэн цонх хагарсан юм байна.

Мөн Туркийн 39 бизнесмэнд Оросын тал жуулчны виз гаргаж өгөхөөс татгалзсаныг The Telegraph мэдээлжээ. Оросууд татгалзсан шалтгаанаа “аялалын зорилгоо худал мэдүүлсэн” гэж тайлбарлажээ.

Ийнхүү Мягмар гарагт Оросын онгоцыг Туркууд хил давсан гэх шалтгаанаар унагасны дараа хоёр орны хоорондын харилцаа хүйтэрсэн хэвээр байна.

 

Эх сурвалж: News Yahoo, Business Insider