Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Социализмыг ардчиллаар сольсон “Үндэсний баатар”-ын дурсгалд зориулав

Өглөөний сонин
2015 оны 11 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Манай сонин өмнөх дугаарууддаа С.Зориг агсны аллагатай холбоотой материалуудыг дэлгэн хүргэж байсан. Харин энэ удаа 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу С.Зориг агсны 50 насны ойд зориулан бэлтгэж байсан дугаарын нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлийг сэтгүүлч Р.Даваажав өөрийн цуглуулсан баримтуудад тулгуурлан бичсэн байдаг. 

1.“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛЧИХЛАА”

Монголын ардчиллын эцэг, чөлөөт хэвлэлийг хаалгуулахгүй байхын төлөө байх байсан эх оронч хүн бидний дундаас “од” болон харван одлоо. 

Түүний хойноос монголчууд бүгдээрээ, Монголын түүхэнд гарч байгаагүй олон хүн гашуудлаа. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэн сэтгэл, гар хоёртоо зул бадамлаан, маань хурах олны дотор “ардчиллын төлөө” гэж “шоудан” тунхаглахаасаа илүүтэй түүнийг хүний дайтай хүн байсных нь төлөө, өөрсдийнх нь амьдралд “эрх чөлөө” бэлэглэснийх нь төлөө гашуудан харамсаж зогссон нь тэр хүмүүсийн “Монголын ирээдүйн Ерөнхийлөгчийг алчихлаа” хэмээн халагласан ярианаас харагдаж байсан юм.

Монголын ард түмний үе үеийнхний сэтгэлийг уйтгарлуулан, чөтгөр ч уйлам гашуудлыг авч ирсэн энэ хар өдрүүд аллагын “захиалагчдад” гэрэл гэгээ авч ирсэн нь ойлгомжтой. Бидний сурвалжилга энэ бүхний тухай элдэв зүүлт, тайлбаргүй /одоогоор илрээд байгаа/ баримт, хэн нэгний эрх ашигт нийцүүлээгүй “өнгөлөөгүй” үнэн байдлыг өгүүлэхийг зорьсон юм.

Жич: Уншигч та бүхэн “Хэвлэлийнхэн худлаа бичдэг” гэдэг үүднээс энэ материалд хандахгүй байхыг хүсье. Бидэнд мэдээллийг албан ёсоор өгдөг, мэдээллийн бодитой эсэх талаар харилцан ярилцдаг албан тушаалтан Монголд өнөөдөр бараг байхгүй гэж болно. Бид төрийн болон хэн нэгний хүслийг хангадаг “захиалгат” сонин биш учраас мэдээлэл олох бараг бүх эх сурвалж бидэнд хаалттай байсан боловч чадлынхаа хэрээр бага сага зүйл олж авсан юм.

Үүнийг олохын тулд эрүүгийн гэмт үйлдэл хийгээгүй, хүмүүсийн амнаас унагасан, үзүүлсэн материалыг ашиглав. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон сэтгүүлчийн ёс зүйг баримталсан гэж үзэж болно.


2. 10 САРЫН 2-НЫ АЙМШИГТ ШӨНӨ БУЮУ УЛАЙ ҮЗҮҮЛСЭН “ХАР” БААСАН ГАРАГ

С.Зориг тэр өдрийн 22:15-22:20 цагийн хооронд Төрийн ордон дахь өөрийн өрөөнөөсөө гэр рүүгээ гэргий Булгандаа “Ингээд харилаа, одоо гарлаа” гэж утсаар хэлсэн бололтой. Нөхрөө утсаар яримагц Булган цай, хоолоо халаахаар галын өрөөнд эргэлдэж байх үеэс хаалгыг нь хэн нэгэн тогшжээ.

Тогшихдоо зөвхөн ойр дотныхон нь мэддэг дохиолсон чимээг өгсөн буюу савхалсан гадна хаалгыг нь “торр, торр” хийлгэн гараараа нэг чигт нитгэрэн зурах чимээг гаргасан аж. Нөхрөө яасан хурдан ирэв хэмээн бүсгүй өөрөө ч мэдэлгүй ялимгүй гайхасхийснээ “Хэн бэ” гэхэд “Булгаа би байна аа” гэх эмэгтэй хүний /эрэгтэй ч гэж ярих юм билээ/ дуу гарсан бололтой.

Уг нь талийгаач голдуу л үүдээ түлхүүрдэж ордог байсан гэнэ. Хаалгаа тайлмагц ганцхан эмэгтэй хүн байжээ. Эмэгтэй түрүүлж ороход араас нь харагдахгүй байсан эрэгтэй түүнтэй зэрэг шахам шурхийн дайран орж иржээ. Тэдний гарт маш том хутга харагдаж байсан ба сүхээ хаа нэгтээ биедээ авч явсан бололтой. Тэд орж ирмэгцээ эмэгтэй алуурчин нь эхэлж Булганыг цохин унагаан цааш нь чирч, өрөөнд оруулан хүлсэн бололтой. Хөлийг нь /!!!/, бас гарыг нь нуруунд нь гарын ар гадаргаар нийлүүлэн бугуйгаар нь хүлээд зогссонгүй найдвартай нь дээр гэж бодсон бололтой ард нь нийлсэн хоёр гарынх нь эрхий хурууны эхний үеүдийн доогуур нь холбон хүлсэн байжээ. 

Ингээд үнэт эдлэл, мөнгө хаана байгааг Булганаас асуухад тэрбээр унтлагынхаа өрөөнд бага сага зүйл байгаагаа, хэрвээ мөнгө хэрэгтэй бол хүссэн хэмжээгээр нь нөхөртөө хэлээд олж өгч болно гэж санд мэнд хэлсэн байна. Энэ үед алуурчид Булганд маш ширүүн хандаж байсан ба түүний биеийг өвтгөж, ул мөр үлдээхүйц балмад үйлдлүүд хийжээ. Ингээд эрэгтэй нь ганцаараа унтлагын өрөөнд орж дээрэм хийсэн ба эмэгтэй нь Булганд хутга тулган дуугүй байхыг сануулан зогсож байсан бололтой юм. /Заримдаа үүнийг хоёулаа хамтдаа дээрэмдсэн гэх яриа байдаг ч бидэнд батлах боломж олдоогүй/ 

Тэд богино хугацаанд дээрмээ гүйцээгээд Булгантай харьцаж байх үед талийгаач гэртээ ирж, хаалгаа онгойлгохоор түлхүүрдэх нь сонсогдож. Тэд Булганд дуугарахгүй байхыг сануулан хутга тулгасан байсан мөн сэтгэл зүйн хүчтэй цочролд орсон бүсгүй нөхөртөө чимээ өгч чадаагүй байж болох юм. Харин яг хутгалалт эхлэхийн үед чимээ өгсөн байж магадгүй байна. Ингээд талийгаачийг босгоо дөнгөж давмагц, коридор нь тэр чигээрээ харанхуй байгааг ч анзаарч амжаагүй шахам байхад нь алуурчин эрэгтэй шууд л хутгалж эхэлсэн байна. Аймшигт хормууд ар араасаа өнгөрч, алуурчин хутгалж эхлэх үест нь алуурчны хамсаатан алуурчин бүсгүй мөн талийгаачид ойрхон байсан ба түүнийг нь талийгаач авч шидсэн бололтой бас нэгэн яриа байдаг.

Ийнхүү хутгалах үедээ алуурчин эрэгтэй сандарсандаа ч болсон уу, эсвэл хүч хүрэхгүй нь гэж талийгаачийн эсэргүүцлээс мэдсэн үү хамсаатан эмэгтэйгээ “хурдлаач пизда минь” гэх хараал урсган дуудахад тэрээр ирж дэмнэн хутгалалцсан авч талийгаачийн энерцийн хүч аль хэдийнэ дуусч, тэрээр амь тавьж байсан бололтой. 

Дараа нь тэд эхнэрийг нь угаалгын өрөө рүү авч орсон бололтой. Хэвлэлээр гарсан мэдээнээс үзвэл талийгаачийн гэргий угаалгын өрөөнд байсан гэх. Харин Булганы дотны хүндээ ярьсан “Би нүдэн дээрээ нөхрөө алуулчихлаа шүү дээ” гэх ярианаас үзвэл аллагыг түүний нүдэн дээр хийсэн байж болох юм!!! 

Түүнчлэн алуурчид тун дадлагатай ажиллаж байсан ба талийгаачийг “гүйцээчихлээ” гэж үзмэгцээ /амьсгал хурааж байх үе/ түүний /УИХ-ын гишүүдэд Тамгын газраас дурсгасан/ ширэн цүнхийг нь /тоон нууцлал бүхий цоожтой, тэр нь хэр баргийн таталтад урагдан онгойх боломжгүй/ хоёр талаас нь ёроолд нь нийлтэл хутгаар зүсч нээгээд бичиг баримтыг нь коридороор нэг хөглөрүүлэн орхисон, тэд ямар нэгэн бичиг баримт хайсан байж болох талтай байжээ.

Ингээд тэд гарахдаа хоорондоо чангаар /унт¬лагын өрөөнд буй Булганд сонсогдохуйцаар/ “Энэ бол Эрдэнэтийн эхлэл, дараагийнх нь Бат-Үүл” хэмээн ярилцсан байна. Алуурчдыг гарах үед орцонд тамхи татан зогссон хүүхдүүдийн яриа, хөлийн чимээ сонсогдмогц алуурчин чимээ гаргалгүй /тэр хүүхдүүдэд сэжиг төрүүлэлгүй/ дээд давхарт гарсан ба энэ нь алуурчдын тооцоогүй зүйл байснаас тэд сандарсан бололтой.

Дээш гарч явсан хүүхдүүд талийгаачийн гэрийн үүд онгорхой байхыг хараад хулгайч орж гэж бодоод ороход коридор нь мөн л харанхуйдуу байсан ба талийгаачийн гэргий Булганы “Хэн бэ” гэх сандарсан дуу угаалгын өрөөнөөс гарчээ. Хүүхдүүд яаран орж, угаалгын өрөөнд Булганыг хүлээстэй хэвтэхийг харсан ба хүлгийг тайлж байх үед тэрбээр “Зоригийг алчихлаа” гэж байсан бөгөөд тэд хүлгийг нь тайлан эргэн гарч ирэхэд талийгаач гэрийн дөнгөж үүдэнд хаалганы артайхан, цусанд хутгалдан хэвтэх нь харагджээ. 

Амьд байж магад гэж бодсон Булганы хүсэлтээр доош харан хэвтсэн байсныг дээш харуулаад нэг нь гарч хөршүүд болон түргэн тусламж, хөрш орцны эмч Даваацэрэн, цагдаа дуудацгаажээ. Даваацэрэн эмч хамгийн түрүүнд үзээд найдваргүй болсныг хэлээд гарч явсан байна.

Ингээд хамгийн анх түргэний эмч Д.Намсрай дуудлага аван хэрэг болсноос хойш ойролцоогоор 4-8 минутын дараа очиж, үзлэг хийхэд талийгаачийн биед үхлийн бүх шинж тэмдэг илэрчихсэн, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон байжээ. Энэ үед гэрт нь хэд хэдэн хүн байсан ба Булганы “Амьд байх ёстой, сэхээмээр байна, авч явж туслаач, аваад яваач” гэж хэд хэд хэлсэн нь сонсогдож байсан төдийгүй “Нөхрийг минь аварсангүй, гомдол мэдүүлнэ” хэмээн Булган түргэний эмчид хэлжээ. Цагдаагийнхныг ирэхэд гэргий нь гомдолтой гэснээс нь Намсрай эмч айсан байдалтай байж. 

Хэрэг гарснаас хойш 25-40 минут орчмын дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан эхлээд ирсэн боловч онц ноцтой хэрэг гарсны улмаас УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэг мөрдөх хэлтсийг дуудуулж, тэд цаг хиртэй болсны дараа ирсэн бололтой. Ингээд л хэргийн газрын үзлэг эхэлж, эхлээд цагдаагийн хоёр бүрэлдэхүүн, гэрчүүд, түүнээс гадна УИХ-ын гишүүдийн түрүүч, сайд нар зарим албан тушаалтан цуварч эхэлжээ.

Тэр шөнө талийгаачийнд Элбэгдорж ирсэн ба түүнийг ирэхэд цагдаагийнхан оруулахгүй гэхэд тайлбарласны эцэст нэг хамгаалагчтай оруулахыг зөвшөөрчээ. Тэрбээр орж гэргийнх нь толгойг тэврэн эмгэнэл илэрхийлж, цагдаагийнханд хэн нэгэнд нөлөөлөхгүй байхыг сануулан, сайн ажиллахыг хүсээд гарсан байна. Энэ үед Булганы аав, ээжийг ч оруулсангүй. Ингээд л талийгаачийн цогцсыг Шүүх эмнэлэгт шөнийн 04 цаг дөхөж байхад авч ирснээр задлан шинжилгээ эхэлсэн байна. 

3. ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГИЙН ҮЕД...

Анх цагдаагийнхан болон тэр олон хүн орохдоо талийгаачийн шарил яг үүдэн дээр нь байсны улмаас хэргийн анхны байдлыг алдагдуулахгүй гэх үүднээс шарилын дээгүүр хөлөө өргөн даван гарч байсан нь Булганд тун эвгүй сэтгэгдэл төрүүлж байжээ. 
Үүнд гэрийнх нь хаалга дөнгөж онгойн хүн чөлөөтэй багтахаар зай байгаагүйд учир байсан юм байна. Мөн гэрийнх нь эд зүйл хөглөрсөн байв. 

Одоогийн цагдаагийн газрын өндөр албан тушаалтын эх сурвалжаас авсан мэдээллийг танд толилуулъя. Хэргийн газарт хэтэрхий олон хүн орсны улмаас хэргийн газар дахь хөлийн болон бусад олон мөр баларсан төдийгүй, зарим эд мөрийн баримтыг хөдөлгөсөн, үгүй хийсэн байж ч болох талтай байсан бололтой. Түүнчлэн талийгаачийн гэрийн коридор хэтэрхий нарийнхан ямар ч хөдлөх боломж өгөөгүй аж. Коридорынх нь дрож, хана нь улаан нэлий цус болсон, тэнд талийгаач хэвтээгээрээ нас барсан, түүний бичиг баримт бүхий цүнх нь урагдаж тэр хавиар цус болсон цаас хөглөрсөн, зарим газарт цус нөжрөөд хатах шинж орсон байжээ. 

Цагдаагийнхан тэндээс нэлээд хэдэн тодруулбал, 10-15 орчим гарын хээ, бээлийтэй ажилласны ул мөрийг зочны ба унтлагын өрөө, галын өрөөнүүдээс олсон бололтой. Эдгээр гарын хээ нь тэнд байгсдынхтай таарахгүй байгаа нь бага ч гэсэн ахиц байж мэдэх юм. Цагдаагийн төрийн өндөр албан тушаалтнуудын гарын хээг ч авч тулгасан байна. /Тэндээс олсон эд мөрийн баримт түүний шинж чанар, содон тэмдгийг хэрэгтэнг олтол манай сонины газар нийтлэхгүй байх нь зүйтэй юм гэж үзлээ. Бид хэрэгтэнг олохын төлөө байгаа учраас ийм шийдвэр гаргасан билээ/ 

Тэр шөнөө цагдаагийнхан ойр хавийг нь боломжийн хэрээр шалгасан ба харанхуй байсны улмаас өглөө болтол түр зогссон гэдэг. Шатны гишүүр дээгүүр цустай мөр байсан ч тэр нь олон хүний мөрнөөс алуурчныхыг салгаж олно гэдэг боломжгүй зүйл болсон байв. Мөн цагдаагийнхан үнэрээр хөөх нохойгүй ирсэн байжээ. 

Гэрээс олдсон сүх нь унтлагынх нь орон доороос гарсан байна. Мөн нарны шил малгай олдсоны малгайг нь Бат-Үүл “Минийх, би тэр шөнө хэрэг явдлын үеэр орохдоо мартсан байна” гээд буцаан авчээ. Булган тэдгээр эд зүйлийг манай гэрт байгаагүй, бидний юм биш, танихгүй гэдгээ хэлсэн байна. 

Мөн талийгаач зангиатай байсныг гэргий нь огтлоод авчихсан байсан ба хэргийн газарт үзлэг хийхэд байлцсан хөндлөнгийн гэрч хогийн савнаас зангиаг нь олсон хэдий ч түүнийг цагдаагийнхан нэг их тоогоогүйн улмаас дахин хогийн саванд орсон сураг байгаа юм. 

Түүнчлэн эрэгтэй алуурчных нь маск үлдсэн гэх яриа мөн л батлагдсангүй. Алуурчид сүх авч орсны учрыг мэргэжлийн хүмүүс үзэхдээ юмыг яаж мэдэх вэ, хэрэв хутгалаад дийлэхгүй бол эсвэл хүнтэй хамт орж ирсэн үед нь хэрэглэхээр зэхсэн байж болно гэж таамаглаж байна. Мөн гэргийг нь хүлсэн янжуурын хэмжээний тойрогтой уяа ч байсан гэнэ.

4. ТАЛИЙГААЧ ЯМАР ХУВЦАСТАЙ БАЙВ

Талийгаачийн биед олон хүнд ноцтой шарх учирсны улмаас бараг газар дээрээ л нас баржээ. Тэрээр пиджак, цагаан цамц, дотуураа футволк өмссөн, зангиа зүүсэн, пиджакны хослол өмд, дотуураа давхар цагаан өмд, дотуур богино өмдтэй, хар ботинкон гуталтай, нүдний шилтэй байсан байна. Түүний биед олон хутга орсны улмаас хувцас нь урагдсан байв. 

Хувцаснууд нь маш энгийн дөрвөлжин алаг¬ласан хээтэй пиджак, өмд өмссөн, бидний л хэрэглэдгийн адил цагаан цамцтай, мөн энгийн цагаан футволк, гадуур өмднийхөө дотор бидний хэрэглэдэг, орос гар нүүрний гэдэг гарт баригддаг дөрвөлжин цонхон хээтэй цагаан алчуур шиг ч зөөлхөн давхар цагаан ноосон өмдтэй, жирийн цагаан дотоожтой, саарал оймстой, нүдний шилтэй, тэр дундаас хамгийн үнэтэй нь л “Пьер Карден”-ы бүс байсан болов уу.

Талийгаачийн хувцасны баруун талын гадна халаасны дотор тал нь урагдчихсан, түүнийгээ сүлбээр зүүгээр хаваад тогтоочихсон, пиджакны дотор нь хуучран сэмрээд урагдчихсан байсан нь түүний ямаршуухан энгийн хүн болохыг хэлээд байх шиг. Түүний хувцас даанч их цус болсон байлаа. 

5. ЦАГДААГИЙНХАН ЯМАР ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙНА ВЭ

Одоогоор цагдаагийнхан батлагдахуйц тодорхой сэжүүр олоогүй байна. Цагдаагийнхан олон таамаглал дэвшүүлэн ажиллаж байгаа ба цөөнгүй хүнийг сэжиглэжээ. Мөн хоригдож байгаа болон цагдаад данстай бүх хүнийг, бас хуучин ажиллаж байсан ахмад ажилтнуудаа урин авч ирж, тэдний “дотор” хадгалагдан явдаг сэжиг бүхий этгээдүүдийг ч өнгөрсөн долоо хоногт шалгаж дууссанаар ямар ч тодорхой үр дүнд хүрсэнгүй.

Энэ нь “алуурчныг олно” хэмээн бардам амлаж байсан цагдаагийнханд анхны цохилт болсон байж болзошгүй. Цагдаагийнхан эзэнтэй, эзэнгүй бараг бүх цогцосноос үс, хурууны хээ болон бусад баримтыг авсаар байгаа боловч мөн л үр дүнгүй хэвээр байна.

Хамгийн сүүлд цагдаагаас авсан мэдээллээр бол тэд энэ хэргийг, хэрэг үйлдэж байсан “хуучны” этгээдүүд хийгээгүй бөгөөд ямар ч байсан Монголын цагдаагийн хэрэг илрүүлэх тодорхой техникийн болон бусад түвшинг сайтар мэддэг, ул мөрөө тодорхой хэмжээгээр арилгаж, төөрөгдүүлж чаддаг, тодорхой түвшинд төлөвлөсөн этгээд байсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байгаа бололтой.

Саяхан цагдаагийнхан цагдаагийн эгнээнд байсан /байгаа ч байж магадгүй/ нэгэн /заримдаа хоёр ч гэдэг/ этгээдийг сэжиглэн шалгаж байгаа нь одоогоор хэр үндэслэлтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Ямар ч байсан талийгаачийн хэрэг явдлын далимаар бас бус олон хэргийг илрүүлээд байгаа аж. 

Цагдаагийн Ерөнхий газар өндөржүүлсэн бэлэн байдалд, буутай тусгайгийнхнаар үүдээ хамгаалуулан, ихэнх гол гол ажилтнууд нь хэрэг гарсан өдрөөс хойш харих завгүй, сэжигтэн бүрийг шалган, сэжүүр бүрийг нягтлан ажиллаж байгаа юм. Дээр өгүүлсэн цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр манайхан Интерполд эл асуудлаар хандсан юм шиг байна. Булганы мэдүүлэгт эрэгтэй алуурчин нь цэвэр монгол, халх аялгаар бус тодорхой хэмжээний аялгатай ярьсан байж магадгүй тухай өгүүлсэн хэсэг байгаа бололтой. 

Хэдийгээр олон гэрчийн нотолж буйгаар алуурчны хамсаатан нь эмэгтэй хүн байсан гэх боловч өнөөгийн техник, технологийн түвшин хүний нүүр царай болон дууны өнгийг өөрчлөх бүрэн боломжтой билээ. 

Цагдаа нар алуурчны өндрийг 150-170 см гэж баримжаалж байгаа ба зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд “Бат” гэдэг нэртэй хүн 8000 орчим байдгийг тогтоон шалгажээ. Улсын хэмжээгээр “Бат, Оюун” гэдэг үгс нэрэнд нь ямар нэг хэмжээгээр орсон хүн бүрийг шалгаж байгаа ба тэр хүмүүсийн өндрийг нь харах, тэр орой хаана байсныг нь асуух, хэзээ дуудсан цагт бэлэн байхыг “Бат, Оюун”-тангуудад анхааруулж байгаа юм. 

Харин хэвлэлээр хамгийн их шуугиж байгаа Шар хадны хавиас олдсон гэх этгээдийн мөн эсэхийг баталгаатай хэлэх боломжгүй байна. Юутай ч тэр хүн биш юм гэдгийг цагдаагийнхны дараагийн үйл ажиллагаа харуулж байгаа. Тэр хүнийг барьсан орой ЦЕГ-ын үүдэнд маш олон машин цугларч, цагдаагийн эрхтнүүд бараг бүгдээрээ цугласан ба тэд гурван цаг гаруй хуралдаж, хуралдах явцдаа нөгөө баригдсан эрэгтэйг авч ирсэн. 

Тэр хүн нь цайвар өнгийн өмдтэй, шаргал цайвар өнгийн ноосон цамцтай, урдаасаа ялимгүй халзан гэж харагдахаар, өндөр нь 165 см-ээс хэтрэхгүй хүн байсныг бид ажигласан юм. Түүнийг эрхий хуруунаас нь гавласан хэвээр авч гараад “Б57-97УБ” дугаартай “Лада” маркийн машинд суулгаад хотын цагдаагийн газарт авч ирсэн. 

Мөн хэрэг мөрдөлтийг явуулж байсан Тагнуулын газрын үйл ажиллагааг зогсоов. Тэр ажиллагаанд оролцож байсан хашир “бурхи”-нууд, эрүүгийн ертөнцийн “эрлэг”-үүд энэ хэрэгт холбоотой, учрыг нь тайлахуйц ямар нэгэн сэжүүр олсноо ч нийтэд зарлалаа. 

Цагдаагийн ахмад ажилтны ярьж байгаагаар хэрэг гарсан өдрөөс хойш хугацаа их өнгөрч, ямар ч сэжиг батлагдахгүй байгаа нь энэ хэрэг илрэхгүй өнгөрч магадгүй гэсэн таамгийг төрүүлж байгаагаа хэлж байна. 

Тун харамсалтай нь манай цагдаагийн ур чадвар муугүй ч, тэдний техник, технологийн түвшин хэтэрхий доогуур байгаа нь энэ хэргийг илрүүлэхэд муугаар нөлөөлж байгаа нь ойлгомжтой байгаа тухай цагдаа болон тагнуулын газрын эх сурвалжууд нэг дуугаар ярьцгааж байсан. 

Эцэст нь мэргэжлийн хүмүүсийн ярианаас үзвэл байдал үнэхээр төвөгтэй байгаа ба зарим учир мэдэх эх сурвалжууд алуурчин нь аз таараад амьд олдлоо гэж үзэхэд жинхэнэ эзэн нь олдохгүй, олдлоо ч хариуцлага хүлээлгэх боломжгүй байх болов уу гэж таамаглаж байгаа юм.

Дашрамд хэлэхэд “Захиалгат аллага” гүйцэтгэгчийг устгах, түүнийг устгасан этгээдийг цэвэрлэх гэх мэтээр нэлээд хэдэн үе шатны гэрчийг үгүй хийдэг нь “захиалгат аллага”-ын “алтан дүрэм” гэж хуульчид үзэж байна. Энэ нь цагдаагийнхан сураггүй алга бологсдод хүчтэй анхаарал хандуулж байгаагаар нотлогдож байж болох юм. Түүнчлэн олон хутгалсан, дээрэмдсэн, бас бус жирийн эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл нь өнгөлөн далдлалт байсан байж болохыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. 

Цагдаагийнхны хажуугаар тагнуулын байгуул¬лагынхан овоо ажилласан бөгөөд тэд талийгаачийн утаснаасаа ярьсан зэрэг дугаарыг тогтоон шалгасан байна. Тэд шөнө орой, өглөө үдэшгүй гадуур хүмүүстэй уулзаж, тодруулж байлаа. Ийнхүү эрэл үргэлжилсээр байна. 

Зураг