Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Махны экспортыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болов

Ж.Отгон
2015 оны 11 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.25 цагийн орчимд эхэлсэн юм. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцүүлгийг хийлээ.

Сонгуульд нэрээ дэвшүүлэхэд, ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийг баталснаар эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид аль ч шатны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй болж буй юм. Мөн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Төслийн хавсралтын 6.2.3 дахь дэд заалтыг  “бүс нутгийн болон олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх”  гэж, төслийн хавсралтын “Хүрэх үр дүн гэсэн наймдугаар бүлгийн Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, мянган тонн”  гэсэн үзүүлэлтийн “294.5” гэснийг “16.8” гэж, “380” гэснийг “100” гэж, “460” гэснийг “200” гэж тус тус өөрчлөх санал гишүүдийн дэмжлэг авч төсөлд тусгагдахаар болов.

Тогтоолын хавсралтаар, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн гэдгийг,  хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тус тогтоож өгсөн байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх, үйлдвэрлэл нь судалгаа буюу хөгжилд тулгуурласан байх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх, үйлдвэрлэлийг өртгийн сүлжээгээр хөгжүүлсэн байх, эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх зэрэг зарчмыг баримтлахаар заасан байна. Ийнхүү баталсан тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталлаа

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоол батлагдсанаар Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлоготой болж буй юм. Энэ нь Засгийн газар өөрчлөгдөж байсан ч Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод өөрчлөлт орохгүй тогтвортой хэрэгжинэ гэсэн үг юм. Тухайлбал, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа дээрх хөгжлийн бодлогын үзэл баримтлалд үндэслэх аж.  

Төслийг хэлэлцэх явцад, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.” гэсэн саналыг гишүүд дэмжиж  улмаар төсөлд тусгахаар боллоо.

Энэхүү хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг  гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.2 хувь дэмжсэнээр бүхэлд нь баталлаа. 

Хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан бөгөөд хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Тлейхан хийв.

Дахин найруулсан “3.1.9. “эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргахгүй бол малчдын гар дээр мөнгө очихгүй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэнгүүт үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. 

Тодруулбал, ажлын хэсгээс “Малчдын амьжиргааны төвшинг сайжруулах зорилгоор “Мах хөтөлбөр” боловсруулан Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр махны экспортыг дэмжье” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Төсвийн байнгын хороонд оруулсан ч тус байнгын хороо “Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр” гэдэг үгийг хасахаар болж, олонхи гишүүний дэмжлэг хүлээсэн аж.

Гэвч чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураахад ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг хүлээж бослоо.

Хуульд зааснаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжигдэх төсөл нь эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэцтэй холбогдох томоохон төсөл хөтөлбөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Мах хөтөлбөр” хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль зөрчсөн үйлдэл болох аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын бүлэг малчдаа дэмжихгүй байгаа юм биш. 

Эрх барьж байх үедээ өнгөрсөн парламентын үед “Монгол мал” хөтөлбөрийг батлуулсан. Энэ хүрээндээ малчдыг дэмжсэн маш олон арга хэмжээ хэрэгжсэн. Үр дүн гарсан. Харамсалтай нь, өнөөдөр амьсгал хураасан. Хотон дахь хонь 40-50 мянга болж үнэ ханш нь унаад байна. Малын мах, түүхий эд үнэ хүрэхгүйгээс малчдын амьжиргаа муудаж байгаа.

Тийм учраас махны экспортыг нэмэгдүүлж, малын үнэ ханшийг тогтвортой болго гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс өнгөрсөн намар салбарын сайдад хандан асуулга тавьсан.

Малын мах, түүхий эд үнэ хүрэхгүйгээс малчдын амьжиргаа муудаж байгаа. 

Зовлонг нь бид ойлгож байгаа. Тийм учраас дээрх горимын саналаас зөвхөн “Хөгжлийн банкны санхүүжилтээр гэдэг үгийг л хасъя” гэсн “гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэдэг энэ үгийг хасч болохгүй. Мал махны экспортын тухай зөндөө ярьсан. Бүтэн жил яриад малын эрүүл мэндтэй холбоотой асуудлаас болж гацаж байгаа. Б.Чойжилсүрэн гишүүн яагаад ийм асуудал оруулж ирээд будилаан хутгаад байгааг ойлгохгүй байна.

Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргахгүй бол малчдын гар дээр мөнгө очихгүй. Арилжааны банкууд махны салбарт зээл олгохгүй байгаа. Ямар юмных нь лобби байдаг юм. Малчдын гар дээр мөнгө тавьж бэлтгэхгүй бол туйлын хариуцлагагүй юм болно. Буруу хөл дэрээ босчихсон байсан юм уу, хаашаа юм” хэмээлээ. 

Үүний дараа мөн газар тариалангийн салбарыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих гэсэн санал гишүүдийн дунд маргаан дэгдсэн юм. Гэхдээ олонхийн санал газар тариалангийн салбараа Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих ёстой гэж үзлээ. Эцэст нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дугаар шилжих мөчид чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байв.

Зураг