Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэцийн эмгэг АЮУЛЫН ХАРАНГА дэлдэж байна

Ж.Отгонмягмар
2015 оны 11 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Нийгэм хөгжихөд сэтгэцийн өвчин дагаад ихэсдэг байна. Учир нь нийгмийн бухимдал сэтгэцийн өвчин бий болоход нөлөөлдөг томоохон хүчин зүйл гэсэн үг.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай улсад нийгмийн байдалтай холбоотой архинд донтох, мансуурах дон, сэтгэл гутрал, амиа хорлох, түгшүүр, сэтгэц биеийн өвчнүүд мөн сургууль завсардалт, гадуур тэнэх, биеэ үнэлэх зэрэг  сөрөг үзэгдлүүд нэмэгддэг байна. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал манай улсад ямар байгаа талаар сурвалжиллаа. 

Манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг гэв

Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг нь сэтгэцийн эрүүл мэнд болоод байгаа. Сэтгэцийн эрүүл мэндэд гурван үндсэн ойлголт байдаг байна. Тодруулбал, эрүүл сэтгэц, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэсэн үндсэн гурван ойлголтод хуваагддаг аж. 

Эрүүл сэтгэц гэдэг нь тухайн хүн хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицож, хэвийн ажиллаж, амьдарч, сурч, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг хэлдэг бол сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг нь нийгэм, сэтгэлзүйн шалтгааны асуудлаас болоод хүний сэтгэц түр зуур хямралд орохыг хэлдэг байна. Харин олон улсын сэтгэцийн өвчнийг оношилдог шалгуур шинжүүдийг хангаж байгаа бүлгийг сэтгэцийн эмгэг гэж нэрлэдэг аж.

Олон улсын сэтгэцийн өвчнийг оношилдог шалгуур шинжүүдийг хангаж байгаа бүлгийг сэтгэцийн эмгэг гэж нэрлэдэг аж.

Сэтгэцийн тулгамдсан асуудал буюу нийгмийн сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэц түр хямардаг асуудал нь нийт хүн амын 20-25 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт байдаг байна. Хэрвээ нийгэм хэт хямралтай байвал нийт хүн амын 70 хувь хүртэл хэлбэлзэж болдог аж. Тиймээс иргэд сэтгэцийн тулгамдсан асуудлаа эерэг зөв аргаар шийдвэрлэж чадвал эрүүл сэтгэц рүү ордог. Хэрэв шийдвэрлэж чадахгүй бол сэтгэцийн эмгэг өвчин болж хүндэрдэг юм байна.

Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баярмаа “Дэлхий дахинд таван хүн тутмын нэг нь ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн тоо баримт байдаг. Харин 2013 онд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн 15 мянган хүнийг хамарсан сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 10-18 хувь нь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгтэй байна гэж тогтоогдсон байдаг. 

Энэ нь манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байна гэсэн үг. Энэхүү зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт архинд донтох, сэтгэл гутрал, түгших, биеийн хэлбэрийн эмгэг буюу тайлбарлаж боломгүй зовиур, архаг ядаргаа, мэдрэл сульдалт зэрэг эмгэгүүд багтдаг.

Өнөөдөр манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасаг байнгын ачаалал ихтэй байгаа нь нийт хүн амын дунд стресс их байна, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг их байна гэсэн үг” гэв. Мэдээж энэхүү зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг нь ямар нэгэн стрессийн шалтгаантайгаар үүсдэг байна.

Өөрөөр хэлбэл, стрессийн шалтгаантайгаар үүсдэг бүлэг эмгэгүүдээр өвчилдөг гэсэн үг. Ийнхүү нийгмийн сэтгэлзүйн байдлаас болоод хямарсаар сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болоод байгаагаа тухайн хүн хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Харин ч  сэтгэлээр унах, гутрах, айх, ядрах, түгших, архи, тамхи хэрэглэх зэрэг нь хүний амьдралд байх ёстой зүйл хэмээн хүлээн авдаг байна. 

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн сэтгэцийн эмгэг гэж оношилогддог байтал хүмүүс үүнийг амьдралд байх ёстой зүйл хэмээн хүлээн аваад байгаа гэдгийг эмч нар онцолж байлаа. Стрессийн шалтгаантайгаар үүсдэг бүлэг эмгэгүүдээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, байх ёстой мэтээр хүлээн авдаг байдлыг нь өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

Тухайлбал, тухайн үеийн Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, хууль хүчний  болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Архидан согтуурахаас сэргийлэх Үндэсний хяналтын хөтөлбөр”-ийг 2012 он хүртэл хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэхүү хөтөлбөр ямар ч санхүүжилт байхгүй учир хэрэгжилт маш тааруу гарчээ.

Хэдийгээр энэ байдлыг өөрчлөх тал дээр эрүүл мэндийн газрууд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй байгаа гэдгийг албаныхан дуулгаж байсан. Мэдээж энэ талын ажлыг хийхэд яамны цогц бодлого байхгүй, төсөл хөтөлбөрүүд нь ямар нэгэн төсөв мөнгөгүй хуурай хэрэгжиж байгаатай шууд холбоотой гэж дүгнэж болохоор байна. 

Б.Баярмаа: Эмч, цагдаа, нийгмийн ажилтан бүгд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг болно

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал/

Нийгэм, эдийн засаг хямралтай байгаа учир хүний сэтгэл санаа тогтворгүй болж улмаар сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр хүмүүс өвчилсөөр байгаа. Тиймээс энэ тал дээр ямар ажил хийж хэрэгжүүлсэн болон хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Зонхилон тохиолдох эмгэгүүдийг багасгах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Зонхилон тохиолдох эмгэгүүдийн хувьд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр” гэж байдаг. Эхний хөтөлбөр нь 2008 онд үнэлгээ хийгээд дууссан. Харин хоёр дахь хөтөлбөр нь 2010-2019 он хүртэл хэрэгжих болно. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв анхны хөтөлбөрийг 2008 онд үнэлүүлсэн байдаг.

Үнэлгээгээр амиа хорлолтын тоог бууруулах ёстой байтал харин ч нэмэгдсэн. Нэг хүнд ногдох орыг бууруулах байсан ч нэмэгдсэн. Сэтгэцийн тулгамдсан асуудлыг хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй гадуур нийгэм, хамт олонд нь тулгуурласан байдлаар сэтгэцийн өвчлөлийг бууруулах боломжтой ч амжилт бага байсан. Одоо хэрэгжиж байгаа хоёр дахь хөтөлбөрийг үндсэндээ нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү чиглүүлж, хийж байгаа. Үүнд сургалт, судалгаа, сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. 

Мөн ажлын байрны стрессийг бууруулах, хүний нөөцийг сайн бэлтгэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтныг олноор нь бэлтгэх, сэтгэлзүйч нарыг нийгэмд тараан байршуулах хэрэгтэй гэсэн чиглэлүүд бий. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх хэрэгтэй.

Түүнээс зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гээд Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлаж байгаа энэ төв хийхгүй.

Харин бүх дүүрэг, аймаг гээд хүн амд илүү ойрхон үйлчилж байгаа анхан шатны тусламж үйлчилгээ хүртэл задлах хэрэгтэй. Өрхийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн төвүүд дээр энэхүү нийгэм, эдийн засгийн тогтворгүй үед хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, стрессийг хэрхэн бууруулах, хэрхэн өөрийгөө тайвшруулах зэрэг арга аргачлал, зан үйлийн мэдээллийг маш их хэмжээгээр өгөх хэрэгтэй гэсэн чиглэлтэй байгаа.  

-Иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч чаддаг болгохын тулд шат дараатай сургалт хэрэгтэй байх? 

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хорооны цагдаа, нийгмийн ажилтан гээд бүгд тухайн хүнд сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудал байна гэдгийг мэдээд, тайвшруулдаг аргыг мэддэг байх ёстой. Тиймээс бид өрхийн эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн төвийн дарга нар, хорооны нийгмийн ажилтнууд гээд бүх хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн талаархи боловсрол олгох ажлыг үндсэндээ 1996 оноос хойш хийсэн. Одоо ч хийж байна.

Нийслэлийн есөн дүүргээр тойрч сургалт явуулаад, маргааш Налайх дүүрэг дээр сүүлийн сургалтаа явуулаад дуусна. 2-5 жилийн давтамжтайгаар сургалтуудыг маш их явуулж байгаа. Сэтгэлзүйч гэхэд л дутагдалтай байна. Өнөөдөр эмнэлгийн сэтгэлзүйч гэх нэг ч хүн алга.

Дандаа боловсролын сэтгэлзүйч нар байна. Тиймээс боловсролын сэтгэлзүйчдийг эмнэлгийн сэтгэлзүйч болгон бэлтгэж байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг сэтгэцийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар сургах зэргээр хүний нөөцийг бэлтгэх ажлыг шат дараатай хийгээд л байна. Хажуугаар нь ард иргэдэд ч энэ талын боловсрол олгох ажлыг хийсээр байгаа. 

Н.Наранцэцэг: Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасгийн эрхлэгч, их эмч/ 

-Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчид их болсон гэсэн. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо яагаад ихсэх болов?

-Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ сарыг дуустал хэвтэн эмчлүүлэх оочер бичээд дуусчихсан байна. Нийгмийн стресстэй холбоотойгоор эмчлүүлэх хүний тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа. 

-Эмчлүүлэгчид өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэдгээ хэрхэн мэдэж ирдэг юм бэ?

-Хэвтэн эмчлүүлэгсдийн ихэнх нь нойргүй болоод ирдэг. Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг гэсэн үг. Сэтгэцийн шалтгаантай өвчинд тодорхой илрэл байдаггүй. Хүнд мэдэгдэх зовиур гэвэл толгой, зүрх, нуруу, хөл, гар өвдөх тохиолдол байдаг.

Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг гэсэн үг. 

Гэтэл хүмүүс өвдөөд байгаа эрхтнээ бусад эмнэлэгт үзүүлэхээр зүгээр гараад байдаг. Тиймээс ч иргэд манай эмнэлгийг зорин иртэл нэлээд хугацааг туулсан байлдаг. Тухайлбал, өрхийн эмнэлгээс эхлээд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж явсаар хамгийн сүүлд манай эмнэлэгт ирдэг. Гэхдээ зарим хүмүүс манай эмнэлгээр үйлчлүүлээд сурчихсан байдаг. 

-Эмнэлэгт хэвтэх хүртэл стрессийг хүндрүүлэхгүй байх ямар арга байдаг юм бэ?

-Хэрвээ эдгээр эмчлүүлэгчид тухай бүрт нь стресс, ядаргаагаа тайлж чаддаг бол манай ядаргааны тасагт хэвтэн эмчлүүлэх хүртэл явахгүй. Гэхдээ ямар ч стрессгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Харин тулгамдаад байгаа асуудлаа хэрхэн зохицуулж байгаагаас бүх зүйл шалгаалж байдаг. Хувь хүний зүгээс стрессээс гарах зөв арга замаа олох хэрэгтэй.

Тухайлбал, тулгамдаад байгаа зүйлээ итгэсэн хүндээ ярих хэрэгтэй. Хэрвээ итгэлтэй хүн байхгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно. Ер нь стресс тайлах арга хувь хүн бүрт өөр өөр байдаг.

Тухайлбал, караокед дуулах, ууланд гарах, ярьж болохгүй бол бичээд түүнийгээ устгах, биеийн тамираар хичээллэх, саунд орох гээд өөрт тохирсон аргаар стрессээ тухай бүрт нь тайлж сурах нь хамгаас чухал. 

Амиа хорлосон, золгүй байдлаар амиа алдсан нь ялгагдахгүй байна гэжээ

Мэргэжилтнүүд ийн ярьж байна. Тэгвэл нийгэм, эдийн засгийн асуудал тогтворгүй байгаа учир үүнийг дагаад хүмүүс хямарч байгаагийн нэг том жишээ нь саяхан олон түмний өмнө өөрийгөө шатаасан С.Эрдэнэ гэж хэлж болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах болсон гэнэ. Учир нь сүүлийн үед амиа хорлох, золгүй байдлаар амиа алдах асуудал их гарах болжээ. Шалгалтын явцад тухайн хүнийг үнэхээр золгүй байдлаар амиа алдсан уу эсвэл санаатайгаар амиа хорлоод байна уу, яагаад амиа хорлох болов гэдгийг ойлгохгүй байна гэдэг шалтгаанаар тус төвийнхөнтэй хамтарч ажиллахаар болоод байгаа аж. 

Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ асуудал нь ихэвчлэн зээлтэй холбоотой байдаг байна. Тиймээс Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь их, бага хэмжээний зээлтэй байгаа нь энэ асуудалд хүрэх шөлтгөөн болоод байгаа аж. Эдийн засгийн энэ байдал нь хүмүүсийн сэтгэлзүйг асар ихээр өөчилдөг юм байна.

Тиймээс ч иргэд энэхүү таагүй сэтгэцийн асуудлаас гарч чадахгүй удаан хугацаанд сэтгэл санааны асуудалтай явсан учир нэг л өдөр даван туулах арга байхгүй мэт санагдаад амиа хорлох шийдвэрийг гаргадаг байна. Энэ нь ихэвчлэн сэтгэл гутралын эмгэгээс болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Гэтэл иргэд амиа хорлохыг сэтгэцийн өвчтэй хүмүүс л хийдэг гэж боддог. Харин олон улсын судалгаагаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс амиа хорлох нь элбэг байдаг юм байна. 

Сэтгэцийн өвчнийг бөө гэж оношлогчид олширчээ

Шар хадны эмнэлэгт тусдаа “Бөөгийн тасаг” нээгдсэн гэх яриа гарчихсан байдаг юм байна. Түүнчлэн сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс бөө болж “тоглож” байгаа ч гэж үздэг хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл энэ талаар тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс тодруулахад “Тийм зүйл байхгүй. Харин сэтгэцийн өвчтэй эмчлүүлэгсэд бөө болсон тохиолдлууд байгаа.  Харин бөөгийн шашнаас болоод сэтгэцийн өвчтэй болсон тохиолдол байхгүй” гэсэн юм.

Шашин болон бөө нар нь харин ч өнөөгийн бухимдалтай нийгэмд маш их хэрэгтэй байгаа, тэд сэтгэлзүйч нарын үүргийг бага ч гэсэн гүйцэтгэдэг гээд хэлчихэд хилсдэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Учир нь сэтгэл нь тогтворгүй болоод, ажил нь бүтэхгүй байна гээд гандан гараад хүрд эргүүлэх, бөө дээр очиж зовлонгоо ярихад хүн  маш ихээр тайвширдаг байна.

Харин бөө гэдгээр бизнес хийгчдээс болж сэтгэцийн өвчтэйгөө мэдэхгүй удаан хугацаанд явчихсан байх тохиолдол цөөнгүй гардаг аж.

Учир нь иргэд сэтгэцийн өөрчлөлттэй болоод байгаа хүүхдээ, нөхрөө, эхнэрээ бөөд очиж үзүүлэхээр  тухайн хүнийг “бөө болох ёстой” гэж хэлээд бөө болгочихсон байх тохиолдол олон байдаг байна. Улмаар бөө болсон ч гэлээ сэтгэцийн өвчин нь зүгээр болохгүй харин ч улам хүндэрсэн хойно сая Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорин ирдэг гэдгийг эмч нар хэлж байсан юм. 

Хүүхдийн өсч буй орчин сэтгэцэд нь хамгийн их нөлөөлдөг гэв

Сүүлийн үед техникийн дэвшлийг тэр дор нь ашиглаж, мэдээллийг асар хурдтайгаар авах болсон нь хүмүүсийн сэтгэцэд нөлөөлөх болжээ. Мэдээлэл ихэсч, сургалт хүмүүжлийн хөтөлбөр өргөсч, гар утас, компьютерийг өргөн ашиглах, бүх насны хүмүүст тавих зан төлөв, ёс суртахуун, гоо зүйн шаардлага ихэсч байгаа нь хүмүүст ялангуяа хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн гадаад орчны байнгын өөрчлөлт нь хүүхдийн бие махбодийн дасан зохицолтод нэмэлт ачаалал үзүүлж, улмаар сэтгэцэд нь нөлөөлдөг байна. Хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гадаад хүчин зүйлд гэр бүлийн харьцаа, орчин хамгийн их хамааралтай байдаг аж. Эцэг, эх нь хэрүүл, маргаан үүсгэх, ойрын хамаатан нь бэлгийн хүчирхийлэлд уруу татах, оролцуулах, биед нь зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь хүүхдийг айдаст автуулдаг байна. 

Энэ нь даамжирсаар хүүхэд өөртөө итгэлгүй, ганцаардмал нэгэн болоход хүргэж, сэтгэл гутралыг  үүсгэдэг аж. Мөн гэр бүлийн хүмүүжлийн буруу хэвшил нь хүүхдийн зан ааш, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн хавсарсан хүмүүжлийн доголдол нь сэтгэхүйд шууд муу үлгэр дуурайлал болдог. Энэ нь тухайн хүүхдийн эцэг, эх нь  буруу үйлдэл дээр нь зэмлэж байхад,  хөндлөнгийн хэн нэгэн /өвөө, эмээ, ах, эгч/ өмөөрөхийг хэлдэг байна.

Тиймээс хүүхэд бүхнийг ялан дийлж, өөрийн хүссэнээр байлгаж болно гэх зан төлвийг өөртөө бий болгох нөхцөл болдог аж. Мөн хүүхэдтэй зүй бусаар харьцаж, үйлдэл бүрийг нь хориглож буруушаавал, хүүхэд өөртөө итгэлгүй болж, чөлөөтэй сэтгэж чадахаа больдог байна. Үүнээс хамааран хэл яриа, ой тогтоолт мууддаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ “ой муутай”, “тэнэг” гэж цоллохын оронд сайн ярилцаж, болохгүй зүйл юу байгааг нь олж харах нь сэтгэцийн өөрчлөлтийн илрэлийг бууруулах нэг арга юм байна. Учир нь хүүхдийн сэтгэхүйн онцлог нь ойр дотны хүмүүсийн яриа, хандлагад итгэх нь илүү байдаг аж. 

Хүүхдийн сэтгэцийн эмгэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Оюун “Сургуулийн насны хүүхдүүд интернэт тоглоомд донтох байдал жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдээ хамгаалах зорилгоор эцэг эхчүүд гэртээ интернэт тоглоом тоглохыг нь хорьдог. Үүнээс болж хүүхдүүд PC тоглоомын газарт очдог. Тиймээс мөнгө олох шаардлага гарна.

Хүүхэд өөрийнхөө тоглох хүслийг хангахын тулд аав, ээждээ худлаа хэлэх, гэрээсээ хулгай хийж эхэлдэг. Мөн гэр орноосоо дайжих, интернэт тоглоомын газруудаар хоноглох байдал ихэсдэг. Энэ нь тухайн хүүхэд гэм хэрэгт холбогдох үндсэн нөхцлүүдийн нэг болдог юм. Дээрх нөхцлөөс шалтгаалан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ярилцаж байхад хүүхдүүд “Интернэт тоглоом тоглож байх үедээ өөрийгөө ялан дийлэгч хэмээн мэдэрдэг” гэсэн хариулт өгсөн. Гэр бүл, сургуулийн орчноос авдаггүй тийм мэдрэмжийг авдаг байх нь.

Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө мундаг гэж ойлгох, урамшуулах явдал. Хүүхэд интернэт тоглоомд орох, донтох нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Үүнээс шалтгаалан гэр бүлийн харилцаа муудах, насанд хүрэгчидтэй нийлэх, улмаар гэмт хэрэгт татагдан орох нөхцөл бүрдэж байдаг” гэсэн юм.

Түүнчлэн хүүхдийн сэтгэцийн эмгэгийг төрөлхийн болон олдмол гэж ангилдаг байна. Төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдэд физик, хими, сэргээн засах эмчилгээг голчлон хийдэг бол олдмол буюу интернэт тоглоомд донтох, ганцаардан бухимдах, сэтгэл гутралтай болох зэрэг шинж тэмдгүүдийг сэтгэл заслын аргаар эмчилдэг аж. Угтаа бол монголчуудын сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байх чанарыг 0-1 насанд нь суулгадаг гэж мэргэжилтнүүд үздэг байна. 

Гэтэл сүүлийн үеийн буюу 1990-ээд онд төрсөн хүүхдүүдийн 0-1 настай байх үед нь сайхан сэтгэлтэй болгох суурийг тавих орчин нөхцөл нь бүрдээгүй учир тухайн үед өссөн хүүхдүүд зан төрхийн эмгэгтэй, аливаа зүйлийг даван туулах чадвар муу, хүнд итгэх итгэлгүй болон төлөвшиж байгаад эмч, мэргэжилтнүүд санаа зовж байгаагаа дуулгасан. Үнэхээр ч одоо үйлдэгдээд байгаа нийгмийг цочроосон аймшигт хэргүүдийг 1990-ээд онд төрсөн буюу 20 гаруйхан настай залуус үйлдэх болсон нь үүнийг баталж байх шиг санагдсан юм.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед 20 гаруй насны залуус хүнийг мөчлөх, толгойг нь таслах зэргээр онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэргүүд шил даран гарсаар байгаа. Энэ бүхэн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа юм. Хэрэв байдал ийм маягаар үргэлжилбэл эмгэг зан төрхтэй, зан үйлийн өөрчлөлттэй хүүхдүүд олноор төрөн гарч эхэлнэ гэсэн үг. Хүүхдүүд ийнхүү олноороо сэтгэцийн эмгэгтэй хүн болж төлөвших нь цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх юм. 

Сэтгэлзүйн зөвлөгөө авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна

Манай сурвалжлах хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон ЦЕГ-аас ийм мэдээлэл авсныхаа дараа 2010 оноос үйл ажиллагаагаа эхлэн явуулж буй Сэтгэл судлалын үндэсний төвөөр орсон юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгээс сэтгэлзүйн зөвлөгөөний талаар болон энэхүү зөвлөгөөг ямар хүмүүс авдаг талаар тодруулсан юм. 

Б.Ууганцэцэг: Хүмүүс сэтгэл судлаачийн үнэ цэнийг мэддэг болсон байна

/Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал/

-Танай төв ямар чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг вэ?

-Манай төв гурван төрлийн зөвлөгөөг өгдөг. Тухайлбал, хүүхдийн, бие хүний, гэр бүлийн гэж ангилдаг. Хүүхдийн тухайд 3-18 насныхан сэтгэлзүйн бүхий л асуудлаар хандаж, зөвлөгөө авдаг. Харин гэр бүлийн зөвлөгөөг тухайн гэр бүлд тулгамдсан асуудал болон гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулах талаар өгдөг.

Учир нь гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсч, үүнээс улбаалан харилцааны нийтлэг зөрчил үүсдэг. Энэхүү үл ойлголцол нь даамжирвал хэрүүл маргаан, цаашлаад гэр бүл салалтад хүрч, хүүхэд өнчрөх асуудал гарна. Гэхдээ манай төвд шууд ирсэн хүнд зөвлөгөө өгдөггүй. Заавал утсаар цаг авч, бүртгүүлсэн тохиолдолд нь зөвлөгөө өгдөг. 

-Төлбөрийн чадваргүй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх боломж бий юу? 

-Бид сар болгоны гурав дахь долоо хоногийн бямба гарагт үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилладаг. Сэтгэлзүйн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай хэрнээ төлбөрийн чадваргүй хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг гэсэн үг. Харин бүртгэлийг нэг сарын өмнөөс эхэлдэг. Тухайлбал, арваннэгдүгээр сарын зөвлөгөөг энэ бямба гарагт өгнө.

Ирэх сарын зөвлөгөөний хүмүүсээ бүртгээд дуусчихсан байна. Тэгэхээр хүмүүс сэтгэл судлаачийн үнэ цэнийг тодорхой хэмжээгээр мэддэг болсон гэсэн үг. Би өөрийнхөө амьдралд шийдвэр гаргах чухал хүн учраас мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байна гэдэг сэтгэхүй хүмүүст бий болж байна. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөө авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. 

-Өмнө нь хүмүүс сэтгэлзүйчид хандахгүй асуудлаа өөрөө шийдээд болоод л байсан. Яаж болдог байсан юм бол?

-Хүмүүс өмнө нь уулан дээр гараад эсвэл бөө дээр очиж асуудлаа шийддэг байсан. Харин  одоо илүү шинжлэх ухааны баримттай аргаар шийдэх гэдэг болсон байна. Манай төв сар бүр сэтгэлзүйн зөвлөгөө авч байгаа хүмүүсийнхээ статистик мэдээллийг гаргадаг. Судалгаанаас харахад 15-40 насны хүмүүс сэтгэл судлаачийн зөвлөгөөг илүү хүлээж авдаг нь ажиглагдсан. Энэ насны хүмүүс өөрөө санаачилгаараа сэтгэлзүйчид хандаж, тулгараад буй асуудлаа шийддэг бол бусад насанд аав ээж, найз нөхөд нь чиглүүлдэг. 

-Ер нь сэтгэлийн хямрал хүн бүрт харилцан адилгүй тулгардаг байх. Мэргэжлийн хүний нүдээр харахад яг одоо нөхцөл байдал ямар байна? 

-Сэтгэл хямрал ихэвчлэн удаан хугацаанд үргэлжилдэг. Хэрвээ та нэг газраа мэсний шарх авчихаад түүнийгээ эмчлэхгүй бол өвчилж, улам хүндэрдэг. Үүнтэй адилхан хүн сэтгэл санааны асуудлаа шийдэхгүй яваад байвал энэ нь хүнийг сэтгэцийн асуудалтай болгож болно. Тийм учраас хүн өөрийгөө мэдэрч, хэрхэн өөрчлөгдөж байгаагаа анзаарч байх хэрэгтэй. Дэлхий дээр байгаа дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл санааны тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа байдаг. Энэ аль ч улсад хамааралтай. Сэтгэл санааны бухимдлаас гарахын тулд таныг хямрааж байгаа асуудлаа хамгийн түрүүнд олох хэрэгтэй.

Олсныхоо дараа цаашид ямар арга хэмжээ авахаа шийдэх шаардлагатай. Хүмүүс агаар салхинд гарч, сайхан дуу хөгжим сонс гэж хэлдэг. Хэрвээ тухайн хүнийг бухимдуулж буй асуудал нь байсаар байвал хэчнээн агаар салхинд гараад ч нэмэр байдаггүй. Тийм учраас өөрийгөө хямрааж байгаа асуудлаа олох нь хамгийн чухал.

Монголд олон хүнийг хамарсан судалгаа ховор байдаг. Манай төвийн хувьд өнгөрсөн жил гэр хорооллын хүүхдүүд болон хотын төвд амьдарч байгаа хүүхдүүдийн хооронд сэтгэлзүйн ялгаа байдаг уу гэдгийг судалсан. Судалгааны дүнд таван хүүхдийн нэг нь стресс, түгшүүртэй амьдарч байна гэсэн хариу гарсан. Энэ нь өөрөө их ноцтой асуудал. Таван хүүхдийн нэг нь стресстэй, асуудалтай байна гэдэг нь ирээдүйдээ итгэх итгэлгүй, гаргаж байгаа шийдвэр нь буруу хандлагатай хүмүүс нийгэмд бий болно гэсэн үг. 

Тэрбээр ийн ярьсан. Тус төвийнхөн хүүхэд, насанд хүрэгчдэд нэг удаагийн сэтгэлзүйн зөвлөгөөг 30 мянган төгрөгөөр өгдөг ажээ. Түүнчлэн сургууль бүрийг сэтгэлзүйчтэй болгох зорилтыг тавин ажилладаг байна. Энэ зорилтынхоо хүрээнд нийслэлийн долоон сургуульд сэтгэлзүйч ажиллуулснаар багагүй үр дүн гарч байгааг дуулгасан юм. 

Нэгнээ буруутгахын оронд тогтмол цаг гаргадаг байх хэрэгтэй

Бид эндээс гарч, гэр бүл, сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” институтыг зорьсон юм. “Сэтгэлийн учиг” институт нь 2007 онд байгуулагдсан бөгөөд гэр бүл, сэтгэлзүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн тус институт зорилгынхоо хүрээнд “Гэр бүл ба хөршийн холбоо”, “Амьдралд бэлэн”, “Хослон амьдрахуйн ухаан”, “Сургуулийн сэтгэлзүйч” зэрэг хөтөлбөр сургалтыг нийслэл болон орон нутагт зохион байгуулсан ажээ.

Нэгэн жишээ дурьдахад “Гэр бүл ба хөршийн холбоо” хөтөлбөр сургалтыг 2008-2014 онд Өвөрхангай, Баянхонгор, Налайх, Толгойт, Зүүнхараа, Зуунмод  зэрэг газарт зохион байгуулан нийт 280 сурагч багш нарыг бэлтгэн, 720 гэр бүл, 2060 хүмүүст хүргэжээ. Түүнчлэн өсвөр үеийнхэн, хувь хүний хөгжил, эцэг эх, гэр бүлийн боловсролд зориулсан сургалтыг зохион байгуулдаг байна. “Сэтгэлийн учиг” институтийнхэн бидний хүсэлтийг хүлээн авч, гэр бүлийн сэтгэлзүйн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тус төвийн захирал Э.Соёлмаа “20 жилийн өмнө хоёр нийгэм солигдох үед боловсрол, эрүүл мэнд, улс төр, эдийн засгийн салбарт маш их өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлт нь хүмүүст чиг баримжаагүй, тодорхой бус байдлыг авчирсан.

Урьд нь бид нүүдэлчин ахуй соёлоороо амьдралын, гэр бүлийн, хүүхдээ хүмүүжүүлэх зэргээр харилцааны асуудлаа зохицуулдаг байсан. Гэтэл нийгмийн олон өөрчлөлт гарснаар бидний тогтсон үзэл баримтлал тодорхой биш болсон. Энэ олон өөрчлөлтөөс болж хүмүүс хувь хүний хямралд орж байна гэж сэтгэлзүйчид үздэг. Ерөнхийдөө нийгмийн шилжилтийн үед манай улсын хүн ам завсрын сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэж сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар үзэж байгаа. Завсрын эмгэг гэдэг нь нэг харахад эрүүл юм шиг, нөгөө талаас нь харахад зан чанар нь хурцадмал байдалтай болсон хүнийг хэлдэг. Хэт хартай, хэт гутранги эсвэл хэт түрэмгий зэрэг зан чанарын тодорхой шинжүүд нь хурцадсан байдалтай болчихдог. Тэр нь өдөр тутмын харилцаа буюу гэр бүл, ажил, сургууль дээрх харилцаанд нь тодорхой хэмжээний саад бэрхшээл болоод зогсохгүй тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн салалт жилээс жилд нэмэгдэж байна.

Хүүхдүүдийн боловсрол, хүмүүжлийн ажил алдагдаж байна. Мөн сүүлийн үед янз бүрийн бодист донтох, амиа хорлох зэрэг сөрөг зүйл нийгэмд бий болсон. Энэ бүхний дотор хүнд харилцааны болон сэтгэлзүйн боловсролыг олгох нь их чухал. Тийм учраас бид гэр бүл, хувь хүн, өсвөр үеийн хүүхдүүд болон янз бүрийн насны хүүхдүүдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн бид эцэг эх, гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн харилцаа гэсэн хоорондоо маш уялдаа холбоотой зүйлийг түгээн дэлгэрүүлж өнөөгийн хүнд нийгэмд хүмүүс хөлөө олж, гэр бүлийн амьдралаа авч явахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Саяхан манай байгууллага Герман улсын Эрүүл мэндийн яамнаас батлагдсан “Эцэг эхийн боловсрол нялх хүүхдийг ойлгох нь” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Нялх хүүхдийг яаж ойлгох ёстой, хүүхэдтэйгээ анхнаас нь хэрхэн харилцааны зөв хэв маягийг тогтоох ёстой юм гэдэг сургалтыг эцэг, эхчүүдэд явуулах мэргэжилтэнүүдийг бэлтгэсэн.

Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, мөн бусад газрын сэтгэлзүйчдийг хамруулан 25 хүнийг сургагч багшаар бэлдсэн. Одоо долоон газар уг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Сүүлийн үед нялх хүүхэд бидний бодож буйгаас илүү харилцааны чадвартай төрдөг гэдгийг нялхаст хийсэн судалгаа баталж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд зөв хүн болж төлөвших суурь нь багаас нь тавигдаж байна гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд харилцааны чадвартаа анхаарч, сурах хэрэгтэй. 

-Хүүхэдтэй харилцахаас гадна гэр бүлийн хоёр хүн хоорондоо харилцааны асуудалтай бол энэ нь үр хүүхдэд ч нөлөөлнө гэж сэтгэл судлаач ярьж байсан. Тэгвэл гэр бүлийн хүмүүс харилцаагаа сайжруулах тал дээр юуг анхаарах ёстой юм бол? 

-Бид харилцааны тал дээр насан туршдаа суралцах ёстой. Нэг талаасаа гэр бүлийн эрүүл бүтэн байдлыг хадгалахын тулд бид хүссэн хүсээгүй өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө давуу болон сул талыг мэдэж давуу талаа хөгжүүлэн сул тал дээрээ ажиллах хэрэгтэй. Ингэснээр бид харилцааны чадвартай болно. Хүн бүхэн өөрийн гэсэн харилцааны онцлогтой байдаг. Бид харилцааны онцлогуудаа мэдсэнээр хүмүүст өөрийгөө зөв илэрхийлж, хүнийг сонсож сурдаг. Энэ бүхэн хэлэхэд энгийн юм шиг боловч бид анзаардаггүй. Үүнээс үүдэн гэр бүлийн үл ойлголцол, салалт үүсдэг.

Харилцааны тал дээр эхэлж сурах ёстой зүйл бол өөрөө өөртөйгөө ажиллах байдаг. Ингэж чадах юм бол гэр бүлийн сэтгэлзүйн хямрал, үл ойлголцол үгүй болно. Эхнэр, нөхрийн хоорондын харилцаа гэж бие даасан харилцаа бий. Тэгэхээр бид тэр харилцааг анхнаас нь арчлах шаардлагатай. Харилцааны талаар мэдлэгээ дээшлүүлээгүйгээс болж эхнэр, нөхөр нэгнээ буруутгадаг. “Манай нөхөр намайг тоохгүй байна”, “манай эхнэр байнга үглээд байна” гэх зэргээр нэгнээ буруутгахын оронд нэгэндээ тогтмол цаг гаргадаг байх хэрэгтэй. Бие биеийнхээ давуу болон сул талуудыг мэддэг байх ёстой.

Ингэж байж гэр бүлийн харилцаа эрүүл байж, гэр бүл оршин тогтнодог. Гэр бүл гэдэг өөрөө дурлалт хосоос эхлээд маш олон үе шатыг туулдаг. Хүүхэд цаг болгонд шинэ зүйлийг сурч байдгын адилаар гэр бүл ч гэсэн тодорхой үе шат болгондоо шинээр ямар нэгэн зүйлд дасан зохицох хэрэгцээ гарч байдаг. Энэ талаархи мэдлэггүйгээсээ болж бид уур бухимдлаа бие биедээ гаргадаг. Энэ нь сэтгэцийн хямралд орох цаашлаад гэр бүлийн дархлаа гэдэг зүйлийг үгүй хийж байдаг юм. 

-Нийгэм хямрахаар энэ нь хувь хүнд нөлөөлөөд байгаа юм шиг санагдах юм? 

-Өнөөгийн нийгэмд маш олон хүн хувь хүний хямралд орж байна. Улс оронд болж байгаа хямралууд хүнийг улс төр, санхүү эдийн засгийн талаас нь тогтворгүй байдалд оруулж байдаг. Гадаад тогтворгүй, барьцгүй байдал хүний сэтгэл дотор маш их түгшүүрийг үүсгэдэг. Ер нь товчхон хэлбэл сэтгэлзүйн хямралаас гарахын тулд хувь хүний хөгжил төлөвшил, хувь хүн өөрөө өөрчлөгдөхөд бэлэн байхад туслахын тулд харилцааны боловсрол, эцэг эхийн боловсрол их чухал.

Энэ зүйлсээр дамжуулан насан туршийн боловсрол гэдэг зүйлийг эзэмшүүлэх хэрэгтэй. Хүн болгон гэр бүл дотор амьдардаг учраас тулгамдсан асуудлаар нь дамжуулан хөгжих сэдлийг гаргаж өгөх боломжтой юм. Товчхондоо хэлэхэд гэр бүлийн сэтгэлзүйн боловсролыг хүүхдэд багаас нь төлөвшүүлж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Энэ бүхнийг шийдэж чадвал гэр бүлийн сэтгэлзүйн стрессээс үүссэн гэр бүл салалт, үл ойлголцол үгүй болно. 

Зураг