Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Парламентын засаглалыг боловсронгуй болгож байгаа нь ҮХ-ийн хамгийн гол өөрчлөлт"

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийнхэн өнгөрөгч Баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. 1992 онд батлагдсан Эцэг хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаас хойш өдийг хүртэл гар хүрээгүй байсаар байгаа. Дордуулсан гэх долоон өөрчлөлтийн уршгаар өнөөдөр засаглалын хямрал үүсээд байна гэх нэг хэсэг байхад цаг үеэ дагаж Үндсэн хуульдаа салхи оруулах нь зүйтэй гэх нөгөө хэсэг нь ч бас байдаг. 

Харин энэ удаагийн өөрчлөлтөөр дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засч чадах уу, төрийн механизмыг зөв гольдрилд нь оруулж чадах болов уу гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хийгээд тус хуульд өөрчлөлт оруулах нь ямар ач холбогдолтой талаар УИХ-ын гишүүдийн тайлбарыг хүргэе. 

С.Оюун: Ерөнхий сайд эрх мэдэлтэй байх ёстой 

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож таван жилийн хугацаатайгаар сонгогддог болгоно гэж байна. Ажлын хэсгийн гишүүний хувиар энэ өөрчлөлтийг шалтгааныг тайлбарлахгүй юу?

-Гишүүдийн тоог нэмэх бол гол өөрчлөлт биш ээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол онцлог нь парламентын засаглалыг илүү боловсронгуй болгож байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Ерөнхий сайд нь илүү их ойлгомжтой, тодорхой нэг талдаа эрх мэдэлтэй, нөгөө талдаа үүрэг хариуцлагатай болж байгаа явдал юм. Ер нь хамгийн онцлох зүйл миний бодлоор гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглалууд нь аль алинаа  хянаж, тэнцвэртэй, ойлгомжтой болгож байгаа.

Манайд бол Ерөнхий сайд хийе гэсэн өөрчлөлтүүдээ хийж чаддаггүй, Их Хурал дээр гацаадаг.

Манайх парламентын засаглалтай улс. Тийм учраас эрх барьж байгаа намаас томилогдсон Ерөнхий сайд нь ойлгомжтой, эрх мэдэлтэй байх ёстой. Манайд бол Ерөнхий сайд хийе гэсэн өөрчлөлтүүдээ хийж чаддаггүй, Их Хурал дээр гацаадаг. Эсвэл бусад эрх мэдэл давхацсан институцүүдээс хийе гэсэн зүйлийг нь хийлгэдэггүй. 

Ойлгомжтой эрх мэдэлтэй, тэр хэрээрээ хариуцлагаа хүлээдэг байх нь чухал юм. Одоо бол сайд нарыг нэг нэгээр нь сугалж аваад Их Хурал дээр огцруулна, огцруулахгүй гэж ярьдаг. Ерөнхий сайд нь өөрөө кабинетаа бүрдүүлдэг, өөрөө огцруулдаг байх хэрэгтэй

-Тэгэхээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа нь гол өөрчлөлт гэж ойлгож болох уу?

-Тийм. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэх ёстой. Нэгэнт л сонгуулиар аль нэг нам ялна. Ялсан нам нь Ерөнхий сайдаа томилдог. Нэгэнт эрх авч байгаа бол авсан эрхийнхээ хүрээнд ажлаа хийх ёстой. Харин муу хийж байгаа бол УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулж болно. Эрх авсан үедээ тодорхой зүйлсийг хийх эрхийг нь ард түмэн өгч байна гэсэн үг. 
Манайд бол эрх нь ойлгомжтой биш, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон.  

Мөн Засаг дарга нарыг шууд сонгоно гэж байгаа. Тэрийг бас онцлог гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улс хүн ам цөөтэй. Нэг их намчирхаж байхаар цөөхөн хүн амтай суманд хэн нь олигтой сумаа авч явах вэ хэн нь илүү итгэл хүлээсэн бэ гэдгээр нутгийн өөрөө удирдах зарчмын дагуу засаг даргаа өөрсдөө сонгоод явах нь зүйтэй болов уу. 

Гишүүдийн тоог нэмэх дээр бол хүн амын тоотойгоо харьцуулахад гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэж ажлын хэсэг дээр үзсэн. Гэхдээ би энэ асуудлыг тэгж их онцлоод байх сэдэв гэж бодохгүй байна. Хамгийн гол нь сүүлийн 20 жил Монгол Улсын хөгжил дэвшлийг харж байхад тодорхой шийдвэрүүд гацдаг, унадаг хүнээсээ үл хамаараад тухайн засаглалын эрх мэдэл, нэг нэгнээ барьцаалдаг зүйл их байгаа учир энэ өөрчлөлтүүд хэрэгтэй. 

Д.Лүндээжанцан: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад санал асуулга явуулах нь зүйтэй

 

-Яг одоогийн энэ цаг үе Үндсэн хуульд өөрчлөлд оруулахад хэр тохиромжтой байна вэ. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан үндсэн хуульд Б.Чимэд багшийнхаа хамт эх баригчаар оролцсон. Түүнээс хойш хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Ер нь аливаа улсын Үндсэн хуульд тодорхой хугацааны дараа өөрчлөлт орж, урт удаан хугацааны туршид үйлчилдэг. Бидний жишээ татах дуртай АНУ-ын Үндсэн хууль гэхэд 300-гаад жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд 27 удаагийн өөрчлөлт орсон. Ихэнх өөрчлөлтүүд нь батлагдсан даруйдаа. Үндсэн хууль хэрвээ тогтвортой удаан үйлчилж чадвал тухайн улс орон, ард түмний аж амьдрал, нийгмийн тогтвортой байдалд үлэмж нөлөөтэй. 

Манай Үндсэн хууль үйлчилж эхлээд 24 жил рүүгээ ороод явж байна. Энэ хугацаанд нэг өөрчлөлт хийсэн. Үндсэн хуульд тийм амар гар хүрч болдоггүй. Энэ хуулийн зүйл заалт болгон нь хоорондоо нарийн уялдаатай. УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаад Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан 6-7 сар ажиллалаа. 

Ажлын хэсэг дээр саналын зөрүүнүүд маш их гарсан. Гарын үсэг зурсан миний хувьд ч саналын зөрүүнүүд байгаа. Өргөн барьсан төсөл дотор бидэнтэй ярилгүй Үндсэн хуулийн нэрийг “Эх хууль” гэж нэрлэсэн, УИХ-ын гишүүдийн тоон нэмсэн, бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчилсөн зэрэг нь өөрчлөлтүүд нь Үндсэн хууль боловсруулах журмын тухай хуультай зөрчилдөөд байгаа. Ер нь бэлэн болсон төслөө ард түмний санал асуулгаар шийдүүлэх ёстой гэдэг байр сууринаас бид гарын үсэг зурсан. 

Харамсалтай цаг хугацааны хүчин зүйл тулчихсан байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг яаралтай өөрчиллөө гэж бодоход ард түмний санал өгөх эрхэд халдаж болзошгүй. Тиймээс судалж үзэж, дүгнэж цэгнэх ёстой. 
Манай 1992 оны Үндсэн хууль бол үндэсний мэргэжилтнүүдийн оюуны чадавхад тулгуурласан ард түмний өөрсдийнх нь бүтээл туурвил юм. 

Үндсэн хуульд хийх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар олон түмэн их ярьж байгаа. Тухайлбал, давхар дээл тайлах, яамдын тоог нарийн тогтоож өгөх, Ерөнхий сайд кабинетаа эмхлэн байгуулах, зарим аймгийн төвүүдийг хотын статустай болгох зэрэг асуудлууд байгаа. Түүнтэй санал нийлж байна. Санал нийлэхгүй асуудлууд ч байгаа. Тиймээс Их Хурал дээрээ сайн хэлэлцээд, дараагийн парламент ч бас үүнийг хэлэлцэж болно. Ингээд орон нутгийн сонгуультай юм уу эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад Үндсэн хуулийн ийм өөрчлөлтүүдийг ард түмэн дэмжих үү үгүй юу гэдэг дээр санал хураах нь зүйтэй гэсэн хувийн байр суурьтай байгаа. 

Ингээд үзэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сайжруулж оруулах ёстой. Үндсэн хуулийн дархлааг маш сайн хангах ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн үндсэн хуулийн амьдрах чадвар нь сайжирна. 

-Өргөн баригдсан төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдээл нэлээд хумигдах юм билээ. Жишээ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг эрхийг нь хасна, мөн хууль санаачлах эрхийг нь хасна гэх мэтчилэн.  

-Судлаачийн байр сууринаас аваад үзвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийнхоор бол хоёр засгийн газартай юм шиг болчихоод байгаа юм. 

Сонгодог парламентын засаглалтай улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд нь толгойлдог боловч манай улсын хувьд Ерөнхийлөгч тэргүүлдэг. Өргөн баригдсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан боловч санал зөрүүтэй олон зүйл бий. Энэ зөрүүнүүдийг арилгасны дараа ард түмнээс санал авах ёстой. Үзэл баримтлалыг дэмжих үү үгүй юу гэдэг томьёоллыг УИХ-аар хэлэлцээд ард түмнээсээ асууж шийдүүлэх ёстой. 

-Гишүүдийн тоог нэмэх тухайд? 

-Өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй гишүүдийн тоо нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм учраас одоо байгаагаараа 76-гаараа байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.