Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо

ikon.mn
2015 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 127 тоот тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулсанаар энэхүү түүхэн хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдсэн юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын 25,000 гаруй багшийг зөөврийн компьютерээр хангах түүхэн агшны гэрч болон та бид энд хүрэлцэн ирээд байна. Миний бие салбарын сайдаар 2012 онд томилогдсоноос хойш уг салбарт Монголын харилцаа холбоо технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Боловсролын салбарын шинэчлэл”-ийг гүнзгийрүүлэхэд мэдээллийн технологийг үндсэн суурь бүтэц, арга зам болгох стратегийг баримтлан ажиллаж ирсэн билээ.

 

 

Тухайлбал,

  • Боловсролын салбарын мэдээллийн системийн үндсэн архитектур болон платформыг боловсруулан статистик, хүний нөөц, боловсролын удирдлага  зэрэг системийг нэвтрүүлснээр түүхэнд анх удаа боловсролын салбарын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, элсэлт, төгсөлт зэрэг процессын мэдээлэл улсын хэмжээнд бодит, нэгдсэн байдлаар бүрдлээ.
  • Эрдэмнэт сүлжээний төвийг түшиглэн Боловсролын дата төвийг бий болгож 21 аймаг, алслагдсан 2 дүүргийн 200 гаруй ерөнхий боловсролын сургууль, боловсролын газрыг хамарсан сүлжээ үүсгэж, шилэн кабелиар холбогдсон 230 орчим сумын сургуулийг тус төвд холболоо. Мөн “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй орон нутгийн болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийг шилэн кабелиар боловсролын нэгдсэн сүлжээнд холбоно.
  • Багш нарын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамран сургалтууд зохион байгууллаа. Багшийн мэрэгжил дээшлүүлэх институтээр дамжуулан танхимын болон онлайн сургалтууд зохион байгуулж, нийт 11,095 багш ажилтанд сургалт зохион байгуулсан байна.
  • Орон нутгийн болон нийслэлийн 50 сургуулийн 300 ангийг смарт анги болгон тохижууллаа.
  • 8-12-р ангийн математик, физик, хими, биологийн хичээлийн 144 сэдвээр сургалтын цахим объект боловсруулж нийтийн хүртээл болголоо.
  • Багш, сурагчийн 168 сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлэн түгээх ажлыг хийлээ” гэсэн юм.

 

Ч.Сайханбилэг: Багш бүрт зөөврийн компьютер” төслийн үр дүнд хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгаа арилна

 

 

2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" уриатай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын  бодлого чиглэл энэ чиг хараатай нэгэн зүгт байж, багш, сургууль, хүүхэд бүрээ дэмжин ажиллаж буй.

Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ.

АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдгийг баталсан байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн удирдлага, багш нарын төлөөлөлд зөөврийн болон суурин компьютер гардуулах арга хэмжээнд оролцохдоо хэлээд Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. 1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн минь нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер гардуулах энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын эхний өдөртэй давхцаж байна.  Монгол Улсын Засгийн газрын улс үндэстнийхээ цаашдын хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болох багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерийн лаборатори олгох мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгааг тэрээр тэмдэглэлээ.

 

 

Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалтын чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэлээ.  

Монголын хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй холбох, боловсролын салбар, сургалтын чанарт цоо шинэ шат гаргах нийт багш нарын үйлсэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.