Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Яагаад нэгдэж болохгүй гэж

Д.Энхтүвшин
2015 оны 11 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Өчигдөр өглөөнөөс эхлээд “MAH, МАХН хоёр эвсэл болж 2016 оны сонгуульд оролцохоор яриа хэлцэл хийж эхэллээ” гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр шиг л “Тусгаар тогтнолын ордон”-оос хальж төрийн ордны өнцөг булан бүрээр нисэлдэж эхэлсэн. 

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж анхлан гаргасан энэ санаачилгыг МАХН-ын ахмадууд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт сонордуулсныг тэдний зүгээс талархан хүлээн авсан дуулдана. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ялангуяа бүлгийн дарга С.Бямбацогт сонсоогүй тууж явсан гэнэ. Энэ талаар түүнээс бяцхан тодруулга авснаа хүргэж байна.


-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон хамтарч оролцохоор МАН, МАХН-ын удирдлагуудын түвшинд ярилцаж эхэлсэн гэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ талаар одоогоор надад олигтой мэдээлэл алга байна.Харин хоёр намын удирдлагуудын түвшинд энэ асуудлыг ярилцаж эхэлсэн гэдгийг анх удаа л өөрөөс тань сонсож байна. Гэхдээ МАХН-ын зүгээс тиймэрхүү санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгүй гэж.

Хэрвээ намын удирдлагын хүрээнд асуудлыг шийдэж чадвал өнөөдөр УИХ-д байгаа МАН-ын 26 гишүүн гучин хэдүүлээ болно гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэгж чадвал дараагийн бүтэц, үйл ажиллагаанд нэг их хүндрэл үүсээд байхгүй цаашаа явчих боломжтой болно. Мэдээж үүнтэй холбоотойгоор Засгийн газрын асуудал яригдаж ч магадгүй юм.

-Хэрвээ эвсэл задарвал Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар чадамжгүй болно гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Асуудал тэгж эргэвэл Засгийн газрын асуудал яригдаж болзошгүй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл Засгийн газарт 50-иас дээш хувийн суудал байхгүй шүү дээ. Тэдний сайд нар засгаас гарвал МАН-ын зургаан сайдыг чөлөөлсөнтэй адилхан “Шударга ёс” эвслийн сайд нарыг гаргаад оронд нь АН-аас сайд нараа томилоод явах бололцоотой.

-МҮАН-ынхан үлдэж, бие даагчидтаи эвсээд Засгийн газрын үлдсэн сайд нарыг томилоод явах хувилбар байж болох уу?

-Бүрэн бололцоотой л доо. Гагцхүү асуудал тэгж эргэвэл шүү дээ.

-Эрхзүйн хувьд боломжтой гэж үү?

-Яагаад болохгүй гэж. Засгийн газар огцрохгүйгээр “Шударга ёс” эвслийн МАХН-ын сайд нарыг танхимаас гаргаад бусад нам, бие даагчидтай эвсэл болоод Засгийн газраа цааш нь аваад явах бүрэн боломжтой.

-MAH, МАХН хоёр нэгдвэл аль нэрээрээ явах бол?

-Манай нам анх 1921 онд МАН нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Харин дараа нь 1924 онд МАХН гэж нэрээ өөрчилсөн байдаг. МАН-ын дүрэмд “МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн” гээд заачихсан. Тийм болохоор энэ хоёрыг салгаж ойлгохын арга байхгүй юм. Ерөөсөө л еэвэнгийн хоёр тал гэсэн үг л дээ. Товчхондоо манай намын дүрэмд зааснаар МАХН нь МАН-ын салшгүй нэгээхэн хэсэг нь юм.

Зураг