Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Хилийн хамгаалалт муудаж, хар тамхи, хууль бус наймаа ихсэж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 26
www.ikon.mn
Зураг зураг

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Уг хуулийн төслийн талаар өнөөдөр Хуульзүйн сайд Д.Дорлигжав мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хилийн шалган нэвтрүүлэх алба 80, 90 жилийн турш Хилийн цэрэгт харьяалагдаж ирсэн. Жил хагасын өмнө Боомтын тухай хууль гарч, Хилийн цэрэгт байсан шалган нэвтрүүлэх албыг Харьяатын албанд шилжүүлсэн. Гэсэн ч шалган нэвтрүүлэх албыг буцаагаад Хилийн цэрэгт шилжүүлэх шаардлагатай болоод байна. 

Хилийн шалган гэхээр манайхан дутуу, буруу ойлголттой байдаг. Шалган нэвтрүүлэх  албаны үүрэг хүмүүсийн бичиг баримт шалгаж, тамга дарахаар хязгаарлагддаггүй. Шалган нэвтрүүлэх алба хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Хилээр гарч орж байгаа бүх тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг, нэгжлэг хийдэг. Галт тэрэг, автомашины энд тэнд, доор дээр нь нуусан элдэв хууль бус зүйлсийг хилийн шалган нэвтрүүлэх албаныхан л илрүүлдэг.

Шалган нэвтрүүлэх албыг буцаагаад Хилийн цэрэгт шилжүүлэх шаардлагатай болоод байна. 

Цаашилбал хөрш орнуудтай хилийн маргаан гарвал цаад байгууллагуудтай уулзаж хэлэлцдэг. Хоёр хөрштэй байгуулсан хилийн хяналтын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлсөн байгууллага нь Хилийн цэрэг байдаг. Асуудал гарахад хоёр хөршийн зүгээс Хилийн цэрэгт ханддаг ч Хилийн цэрэг тухайн асуудлыг хамаарахаа больсон учраас харилцаа тасалдаад байна. 

Харьяатын алба шалган нэвтрүүлэх ажлын хүрээнд бичиг баримтад тамга тэмдэг дарахаас өөр бусад үйл ажиллагааг явуулж чадахгүй байна. Хилээр гарч байгаа техник машиныг шалгаж чадахгүй байгаагаас хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж, хар тамхи, хууль бус наймаа ихсээд байгаа юм. Тиймээс шалган нэвтрүүлэх албыг буцаан Хилийн цэрэг рүү авахаас өөр арга алга байна. Хариуцсан сайдын хувьд ийм асуудлыг хараад зүгээр сууж чадахгүй. Энэ хоёр байгууллага хоёулаа манай харьяа байгууллага. Тийм болохоор нэгнээс нь булааж нэгэнд нь өглөө гэж хардах юм байхгүй. 

Одоогийн байдлаар Харьяатын албаны 20 гаруй хүн жирэмсний амралтаа авсан байдалтай, үлдсэн албан хаагчид нь ээлжгүй ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэг рүү шилжүүлэхэд 400 гаруй ажилтан, албан хаагч буцаад Хилийн цэрэгт очихоос өөр шилжилт хөдөлгөөн явагдахгүй.

Мөн Хилийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хилийн бүсэд бизнес эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, барилга байгууламж барих асуудал нь их түвэгтэй байдаг. Тиймээс дээрх асуудлууд дээр зөвшөөрөл авахдаа Хилийн цэрэгт ханддагийг болиулж зөвхөн бүртгүүлдэг болгохоор нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

Түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа.

УИХ-аар хуулийг хэлэлцэхийг дэмжсэн учраас Хуульзүйн байнгын хороо руу шилжээд байна" гэлээ.