Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах 42 зочид буудлыг итгэмжиллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс ирэх 2016 оны долдугаар сард АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх  уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 4,000 гаруй зочдыг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа.

Зочид Монголын талаар ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ гэдэг нь өнөөдөр итгэмжлэгдсэн 40 гаруй зочид буудлын хамт олны хичээл зүтгэлээс шууд хамаарах юм.

Тэгвэл эдгээр зочдыг хүлээн авч, байршуулах 42 зочид буудлын удирдлагуудад өнөөдөр итгэмжит жуух бичиг гардуулах ёслолын ажиллагаа “Blue sky” зочид буудалд боллоо. Уг арга хэмжээг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажпын албанаас Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Түүнчлэн эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажпын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг ёслолын ажиллагааны үеэр зарласан. Өөрөөр хэлбэл, гадаадын өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор уг болзолт уралдааныг 2015 оны 10 дугаар сарын 20- ноос 2016 оны долоодугаар сарын 25-ны өдөр хүртэл зарлаж байгаа аж. 

 

Тус ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ- ын Бэлтгэл ажпын албаны дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн Байр, зочид буудал хариуцсан Ажлын хэсгийн дарга П.Цагаан болон албаны бусад хүмүүс, холбогдох зочид буудлуудын төлөөлөл оролцсон юм.

П.Цагаан: Монгол Улсын аялал жуулчлал хөгжих үүдийг нээж, эдийн засгийг солонгоруулна

-Ирэх жилийн дээд хэмжээний уулзалт Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг, өндөр хариуцлага. Бид 50 гаруй орны хүндтэй зочдыг хүлээж авна. Зочид Монголын талаар ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ гэдэг нь өнөөдөр итгэмжлэгдсэн 40 гаруй зочид буудлын хамт олны хичээл зүтгэлээс шууд хамаарах юм.

 

Өнөөдөр зочид буудлуудад итгэмжит жуух бичиг гардуулж байгаагийн зорилго нь та нарт итгэж байна шүү гэсэн итгэл үзүүлж байгаа хэрэг.  Энэ хүрээнд 2,800 хүнийг сургалтад хамруулах бөгөөд ирэх долоо хоногт эхлэх сургалтаар дипломат ёс, дэг жаягийн талаар мэдлэг олгох юм. Мөн зочид буудлын ажилтнуудад заах хичээлийг таван телевизээр орон даяар нэвтрүүлнэ.

Эцсийн дүнд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Монгол оронд АСЕМ амжилттай болно. Зочид төлөөлөгчид, сэтгүүлчид сэтгэгдэл өндөр буцна. Хамгийн гол ач холбогдол нь Монгол Улсын аялал жуулчлал хөгжих үүдийг нээж, эдийн засгийг солонгоруулах юм.

Д.Ганхуяг: АСЕМ-ын үйл ажиллагаанд хэрэглэх автомашиныг худалдан авах хөрөнгийг төсвөөс гаргахгүй

-АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд нийт зургаан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр Зочид буудал, хурал болох байр, хоол хүнсний асуудал хариуцсан ажлын хэсэг 42 зочид буудалд итгэмжлэл гардуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Бусад ажлын хэсгүүд мөн ажиллаад явж байна. Зам тээврийн ажлын хэсэг, машин унааны ажлын хэсэг, бичиг баримт боловсруулах ажлын хэсэг гээд тус тусдаа ажлаа хийсээр байгаа.

 

-Бэлтгэл ажлын хүрээнд 50-70 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Ирэх оны төсөвт нэмэлт хөрөнгө тусгасан уу?

-Төсвийн хувьд Монгол Улсын төсөв хүнд байгаа. Үндэсний зөвлөлөөс төсөвт хүдрэл учруулахгүйгээр аль болох хувийн хэвшлээ түшиглээд энэ ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ хүрээнд АСЕМ-ын үйл ажиллагаанд хэрэглэх автомашиныг худалдан авах хөрөнгийг төсвөөс гаргахгүй гэсэн. 

Харин 2015 оны төсөвтманай үйл ажиллагааны зардал гэж  2.5 тэрбум төгрөг баталсан байгаа. 

АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ЗОЧИД БУУДЛУУД:

  1. “Шангри-Ла”
  2. "Platinum"
  3. “Баянгол”
  4. "Наран булаг"
  5. “Blue Sky”
  6. "Альфа"
  7. “ХУРД”
  8. "Континентал"
  9. “Grand Hill”
  10. "Ривер Бийч"
  11. “Best Western Premier”
  12. UB CITY
  13. “Радисон Блю”
  14. "Royal House"
  15. “Цэцэг”
  16. "Decor"
  17. “Чингис хаан цогцолбор”
  18. "Бишрэлт"
  19. “Holiday Inn”
  20. "Сант Асар"
  21. “RAMADA”
  22. "Ulaanbaatar" City Center
  23. "Нарантуул"
  24. “Улаанбаатар"
  25. “Кемпински хаан” палас
  26. “Сүнжин Гранд”
  27. “Springs”
  28. “Корпорейт”&"Конвейшн"
  29. “Центр”
  30. “Puma-Imperial”
  31. “Зүчи”
  32. "Дөлгөөн нуур Гайд"
  33. "Эдельвайс"
  34. "KAISER"
  35. "Амарбаясгалант"
  36. "Өргөө"
  37. "Гангар Инвест" ХХК "Их Тэнгэр цогцолбор"
  38. "White house"
  39. "Lion Tower"
  40. "Корпорейт"
  41. "Park"
  42. "Hotel Nine Ulaanbaatar"