Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл

President.mn
2015 оны 10 сарын 9
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 178 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар Иргэний танхимд мэдээлэл сонслоо.

Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Ч.Болдбаатар нар үндсэн илтгэл тавьж байгаль хамгаалал, экологи, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм.

Мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржМаргааш мод тарих үндэсний өдөр болох гэж байна. Мод тарих өдөртэй болох зарлиг гаргаад 5 жил болсон байна. “Ногоон хэрэм” төслийг 2005 онд гаргаад 10 жил явсан байна. Зөвхөн нийслэлд биш, бүх аймаг, хүн ард оршин суугаа газар бүхэнд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай болъё гэж зарлиг шийдвэр гаргаж ажилласан. Эдгээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлигт зөвхөн Ерөнхийлөгч биш, бас Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Засгийн газар, нийт төрийн байгууллагууд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, хуульд нийцсэн зарлигийг хууль мэт мөрдөнө гэсэн Үндсэн хуулийн заалт, утга агуулгын дагуу явж байгаа баримт бичиг юм.

Иргэд, олон нийтээс 5, 10 жил явж байгаа үйл ажиллагааныхаа талаар сонсооч гэсэн хүсэлт ирсэн. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл сонсч байна. Мэдээлэлд зөвхөн дарга нар биш, иргэд, ногоон байгууламж дээр ажилладаг аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож үнэтэй санал хэлэх байх гэж энэ ажлыг зохион байгуулж байна.

Мөн Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар зарлиг гаргасан. Үүнийг ард иргэд их шаардаж байсан. Байгаль хамгаалагчдад гартаа барьдаг эрх зүйн баримт бичиг алга гэсэн шаардлага гарч байсан. Зарлиг гарсны дараа энэ дагуу амжилт гарч байна, гартаа барих баримт бичигтэй боллоо гэцгээж байсан.

Ногоон байгууламж гэдэг бол хүний амьдралын их чухал хэсэг юм байна гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч идэвхтэй оролцдог болсон байна. Мод, устай холбоотой ажлыг би зөвхөн албан ажилтайгаа холбож биш, амьдралынхаа туршид хийж  өөрийгөө зориулах үйл ажиллагааны чиглэл гэж боддог. Энэ хоёр асуудал дээр Монгол Улсын иргэн бүхэн хувь нэмрээ оруулж анхаарах ёстой гэж боддог. Шар шороон шуурга, байгаль орчны халалт зэргээс үүдэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудалд монголчуудын оруулж байгаа тааруу хувь нэмэр ч байдаг. Үүн дээрээ бид анхаарал хандуулахаар болж байна. Энэ бол Монгол Улсын иргэдийн анхаарах амин чухал асуудлын нэг юм. Иргэд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож, оролцохдоо тодорхой урамшуулал авдаг систем бүрдүүлэх ёстой” гэлээ.

Мэдээлэлд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотооддоо тарьсан мод, суулгацыг авах газар олддоггүй, үнэ хямд байдаг. Тэгсэн атлаа гадаадаас Монголын нөхцөлд ургах боломж тааруу суулгац оруулж ирэн үргүй зардал гаргаж, ургалгүй үрэгдсэн моддын тоог нэмж байгааг анхааруулан хэллээ.

Иргэдийн байр суурийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудал дээр гааль, мэргэжлийн хяналтынхан болон холбогдох албаныхан хамтарч иргэдийн мэдээллийг авах хэрэгтэй гэж байв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Гаднаас хямд тарьц, суулгац оруулж ирнэ гэдэг бол зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагын чиглэл, зориулалтаар, тэдгээр байгууллагын лаборатори, туршилтад ашиглах хэмжээгээр л оруулж ирэх ёстой. Гудамж талбайд тарих, нөхөн сэргээлтэд зориулж оруулж ирэх ёсгүй юм байна. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Дотооддоо мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл юм. 

Дотооддоо мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл юм. Ингэж ойлгох хэрэгтэй. Дотоодын энэ үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний хууль эрх зүйн орчинд нь Засгийн газар анхаарах хэрэгтэй. Нөхөн сэргээлтийг чанартай ногоон байгууламж хийж чадах мэргэжлийн аж ахуйн нэгжээр нь хийлгэмээр байна.

Мод тарина гэдэг нь саваа тарих биш, үндэс тарих хэрэгтэй. Үндэс олон, үндэс сайтай байх тусмаа мод сайн ургадаг. Монголдоо зохицсон, энд төлжсөн мод сайн ургана. Сибириэс оруулж ирсэн мод сайн ургана. Халуун газраас оруулж ирсэн мод ургах нь бага. Энэ асуудалд ингэж мэргэжлийн талаас нь хандах хэрэгтэй. Мод тариад мартаж хаях биш, арчлах хэрэгтэй. Мал хариулдаг шиг мод арчлаад амьдрал ахуйгаа аваад явдаг систем бий болгомоор байна. 1000 мод тарьж арчилсан айл 1000 хонь хариулсантай адил орлого олдог, тийм дэмжлэгтэй байх юм бол түүний хойноос хүн явна. Тийм хэмжээнд хүргэх ёстой.

Парисын хурал гэж том хурал болно. Эндээс хуулийн хүчин чадалтай том шийдвэр гаргах юм. Хэрэв тэр гарч чадаад олон улсын сан байгуулагдаж, жил бүр мөнгө орох юм бол НҮБ ногоон байгууламжийн чиглэлээр хийж байгаа ажилд нь гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэх юм. Сэргээгдэх эрчим хүч байна. Үүний илүүдэл зардлыг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэх биш, олон улсын сангаас төлж байх ёстой. Дотооддоо ч сан үүсгэж болно. Гадна, дотнын хүмүүсийн ирүүлсэн мөнгийг сандаа аваад зөв тайлагнадаг байя. Тарьсан модыг худалдаж авахад санг зарцуулах юм бол маш зөв болно. Суулгац бүрт дэмжлэг үзүүлдэг бол маш том дэмжлэг болно. Ийм маягаар аж ахуйн нэгжүүдээ босгох хэрэгтэй. Хувийн санаачлагуудыг дэмжих хэрэгтэй. Төрийн байгууллагууд дэмжлэгийг нь үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мод тарих Үндэсний өдөртэй болох тухай Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаас хойш өнгөрсөн 5 жилд улсын хэмжээнд 8,8 сая мод тарьж 70 хувь нь ургасан талаар мэдээллийн үеэр оролцогчид хэлж байлаа.