Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас $1.4 тэрбумаар хэтэрсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсан билээ.

Уг асуулгын хариуг Ерөнхий сайд өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны дараа өгч байна. 

Дээрх асуулгад өгсөн Ерөнхий сайдын хариулт болон Ажлын хэсгийнхний хариултуудаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  

Ч.САЙХАНБИЛЭГ:

Оюу толгой төсөл 2014 оны байдлаар нэг их наяд 830 тэрбум төгрөг буюу 1.3 сая ам доллар төвлөрүүлснээс зөвхөн 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 125 тэрбум төгрөг төлсөн байна. 
2014 оны Үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс товч дурдахад 563.6 мянган тонн баяжмал үйлдвэрлэж 733 мянган тоон баяжмал экспортлон 1.9 тэрбум ам долларын борлуулалт хийсэн байна. 
Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн дотор хөрөнгө оруулагч үндсэн үйл ажиллагаанаас гаргасан Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг металь болгох, зэс хайлуулах үйлдвэрийг цаашид хайлуулах үйлдвэр гэх, Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаар судалгааны тайланг боловсруулна гэж заасан.
Үүний дагуу Оюу толгой компани зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг баримталж байна.
Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, татварын орчинг тогтворжуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Оюу толгой компани болон "Эрдэнэт" үйлдвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлдэг.
2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хийсэн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүссэн шатлалаар төлөх эрх зүйн орчин бий болсон. Харин Оюу толгой компанийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.1-д заасны дагуу татварт хамаардаг.
Мөн гэрээний 3.14-т Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээг байгуулсны дагуу хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу гэрээт талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан эсвэл өөрөө ачуулсан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувиар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх бөгөөд төлбөрийг тогтворжуулна гэж заасан. Харин байгуулсан гэрээнүүд нь нийгэм эдийн засгийн тогтолцооноос хамаарч өөрийн гэсэн онцлогтой байгаа юм. 
Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар Оюу толгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх мэт зарим ажлууд хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж тооцож үзэхэд 4.7 тэрбум ам доллар болж байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам доллар болж анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам доллараар хэтэрсэн байна. 
Баяжуулах үйлдвэрийг үйлдвэрийг богино хугацаанд барьж явуулахад гаргасан нэмэлт зардал, хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч 2012 он хүртэл 243 сая ам долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн байна. Мөн менежментийн зардал нь хөрөнгө оруулалтын зардалд шууд нөлөөлсөн. 

Ерөнхий сайдыг асуулгад хариулсны дараа ажлын хэсэг УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Өмнөговь аймгийн гурван суманд 5 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн заалт байгаа. Энэ ямар учиртай вэ манайд төлдөг барьдаг юманд орж хүүтэйгээ орж байгаа юу. Эсвэл Оюутолгой өөрийнхөө цэвэр ашгаасаа тэр сумуудад хөрөнгө оруулалт хийгээд айна уу. 

Өр баталгаажуулсан, тайлан балансаа баталгаажуулсан гээд байгаа. Яг үнэндээ бол Оюу толгойг баталгаажаагүй шүү дээ. Сангийн яаманд баталгаажуул гэдэг үүргийг хүчээр өгсөн. Тайлан балансуудыг нь Сангийн яам яг авсан уу, аваад баталгаажуулсан уу.   

Ажлын хэсэг: -Төлөвлөгөөнд заасан ёсоор Өмнөговийн гурван суманд жил болгон таван сая долларын хөрөнгө оруулалт хийж орон нутгийн хөгжлийг дэмжинэ гэсэн заалт байгаа. Энэ таван сая доллар нь Оюу толгойн үйл ажиллагааны зардалд суугаагүй. Ашгаасаа өгч байгаа зүйл байхгүй. Төлөх татвараасаа хасна гэсэн үг

Тайлан балансын баталгаажуулалтын тухайд Сангийн яаман дээр санхүүгийн тайлан балансыг баталгаажуулдаг. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Оюу толгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө гэж Ерөнхий сайд тайлбарлаж байгаа. Энэ төлөвлөгөө юу гэрээ юу? Үндсэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон асуудал мөн үү. 

Төслийн санхүүжилтийг өөр зориулалтаар ашиглах болсныг юу гэж үзэх байна. 4.2 тэрбум долларын санхүүжилтийг Оюу толгой төсөл биш Рио Тинто толгой компани ашиглаад, харин баталгааг нь Оюу толгой компани төлөх болж байгааг юу гэж үзэж байна. Оюу толгой төслийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан байна. 2012 онд батлагдсан Монгол Улсын ТЭЗҮ-ийг хүчингүй болгосон байгаа. Үүнийг заавал дагаж мөрдөх бичиг баримт гэж үзэхээ больсон. Үүнийг тайлбарлана уу. Гэрээг яагаад Монгол хэл дээр биш англи хэл дээр үйлдэв. Яагаад Оюу толгой компанийн ашиг Монгол Улсад биш гадаадад гарахыг та зөвшөөрөв. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Гэрээ юу төлөвлөгөө юу гэж та асуучихаад өөрөө өөрийнхөө асуултад хариулаад явчихлаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ болон гэрээнүүдийн 2009 онд байгуулсан. Рио Тинтогийн талаас 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг саналуудыг байнга тавьдаг байсан. Сүүлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай яригдаж байх үед энэ гэрээнд өөрчлөлт оруулъя гээд 50-н хэдэн зүйл заалт дээр өөрчлөлт оруулсан. Энэ асуудал нь өөрөө он удаан яригдах маш зовлонтой асуудал. 

Хоёр тал ойлголцолд хүрэхгүй байгаа маш олон асуудлыг хөндөх учраас бид 2009 оны гэрээг хөндөх тухай асуудал байхгүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх тэр хэмжээний асуудлыг хоёр талаасаа ярилцъя гээд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө нэртэй баримт бичгийг баталсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Эхний асуулт, нийт зургаа хүртэл тэрбум долларын баталгаа гаргаад зээл авна гэж байна. Хоёр тэрбумыг хувь нийлүүлэгчдийн зээл хуримтлагдсан өрөнд энэ компани шууд авчихаж байна. Үлдсэн 4.2-т нь бид хүү төлөөд 1.9 хувийн шимтгэл төлнө гэж ойлгогдож байна. Үүнийг нэмж тайлбарлана уу. 

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг гэрээгээр яагаад энэ санхүүгийн төлөвлөгөөнд өөрчлөлт хийв. Зэс хайлуулах үйлдвэрийг судалгаа хийснээр байхгүй болгоно гэсэн заалтыг яагаад оруулах болов?

Яагаад санхүүгийн гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх болов гэдэг дээр тодотгол авъя.  

Эрдэнэттэй харьцуулахад 2.7 дахин борлуулалт хийж байна. Гэтэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бага төлж байна. 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэр нь яагаад үүнийг ашигтай гэж яриад байгаа юм бэ. 

Яасан богино хугацаанд нөгөө эерэг үзүүлэлтүүд алга болчихов оо. Алтны татварыг бид бууруулсан. Нөгөө сайжирна гээд байсан зүйлүүд яагаад алга болов гэдгийг асуумаар байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Засгийн газраас Цагаан суваргын зэсийн орд, Эрдэнэтийн зэсийн орд дээрээс нь Оюу толгойн зэсийн орд дээр бид өөрсдөө үйлдвэр барих нь бодлогын хувьд зөв гэсэн чиглэлээр Засгийн газар ажиллаж байгаа. Нэг орд түшиглэсэн үйлдвэр ажиллах нь эдийн засгийн хувьд, үр ашгийн хувьд энэ асуудалд төр оролцож шийдэх нь зүйтэй гэдэг дээр тодорхой ажлууд хийж байгаа. 

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжлээд явж байгаа. 

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсаны дараах эерэг үзүүлэлтүүд алга болчихлоо гэж байна. Энэ үйл явдал өөрөө маш эерэг үзүүлэлт байсан гэдэг нь дараа нь харагдсан. Энэ дүр зураг үргэлжилж явна гэж бодож байгаа.

Яагаад энэ үр дүн алга болчихов гэхээр энэ арваннэгдүгээр сард багтаагаад Оюу толгойн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилттэй холбоотой бүх үйл ажиллагаанууд олон улсын банк, санхүүгийн институтээр процесс нь дуусах юм. Тэгж байж мөнгө орж ирнэ.  Энэ мөнгө орж ирснээр жинхэнэ үр дүн гарна. Бэлтгэл ажлууд явж байгаа. 

Одоо бол Засгийн газраас хамаарах зүйл байхгүй. Рио Тинто, Туркойз Хилл гээд хөрөнгө оруулагч тал маань олон улсын байгууллагуудаас амласан хөрөнгө оруулалтаа арваннэгдүгээр сард багтааж дуусгана.