Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

УЛААН-ҮД–УЛААНБААТАР чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

ikon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Эрхүү хотын “Ир-Аэро” авиа компани  Улаан-Үд хотоос Улаанбаатар руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Энэ талаар “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга Александр Макин, ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкал”  нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Евгиний Сивцов, “Ир-Аэро” компанийн Монгол дахь төлөөлөгч Максим Цыдендоржиев, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн атташе Анна Акулова нар мэдээлэл хийлээ.

Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн анхны нислэг өнөөдөр үйлдэгдсэн бөгөөд цаашид долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагт тогтмол нислэг хийж байх юм.

“Ир-Аэро” компани Канадын Bombardier CRJ-200 маркийн тохилог онгоцоор  зорчигчдод үйлчлэх юм байна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг байна гэж “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга ноён Александр Макин мэдэгдлээ.

Өмнө  нь тодорхой шалтгааны улмаас Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн нислэг зогсоод байсан. Харин өнөөдөр энэ чиглэлийн нислэг сэргэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд  тун удахгүй ашиглалтад орох Транзит заалыг ашиглан Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Хонгконг, Шанхай хотууд руу, манай улсын иргэд Улаан-Үд хотын онгоцны буудлаар дамжин хойд хөршийн Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москва хотууд руу транзит нислэг хийх боломжтой болж байна.

Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн турш харилцан визгүй зорчидог болсноос хойш 1 жилийн ойтой золгох гэж байгаа. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн атташе Анна Акуловагийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд ОХУ-ын бүртгэлийн албанаас гаргасан тоон дүнгээр Монголын 170 мянга гаруй иргэн ОХУ руу  зорчижээ.

Тиймээс Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн шууд нислэг нь хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж хатагтай Анна Акулова мэдэгдлээ.

 Ийнхүү хөрш орнуудын хил залгаа хотуудаас манай улс руу нислэг үйлдэж эхэлсэн нь бүс нутгийн хэмжээнд транзит заалыг ашиглах, авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулахад чухал алхам болж байна.

Эх сурвалж: ИНЕГ