Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын ажил олгогч Энэтхэг ажилчныхаа гарыг цавчжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Байнга бие болон сэтгэл санаагаар дарамталдаг байсан эзнийхээ талаар цагдаад гомдоллосны төлөө Энэтхэг гэрийн үйлчлэгч эмэгтэй гараа тас цавчуулсан явдал Саудын Арабт гарчээ.

50 гаруй насны Каштури Муниратнам зүүн өмнөд Энэтхэгийн Тамил Наду мужаас энэ оны долоодугаар сард гэрийн үйлчлэгч хийхээр Саудын Арабт ирсэн гэнэ. Дөрвөн хүүхэдтэй эмэгтэйн гурван охин гэрлэсэн тул санхүүгийн асуудлаа шийдэхээр ийнхүү харь орныг зорьжээ.

Гэвч зарцалж байсан айлын эзэн нь түүнийг байнга дарамталж, тарчилган зовоох болсон байна. Заримдаа хоол өгдөггүй, ажлын хөлсийг нь ч өгдөггүй байжээ.

Эцэст нь эмэгтэй орон нутгийн албаны хүмүүст энэ талаар гомдоллосонд уурссан эзэн нь баруун гарыг нь тас цавчсан байна.

Түүнийг хөрш айлын хүмүүс эмнэлэгт хүргэжээ.

Рияад хотын эзэн хааны эмнэлэгт хэвтэж байгаа Каштури түргэн Энэтхэг рүүгээ буцааж өгөхийг гуйж байгаа гэнэ.

Энэ талаар мэдээлэл авсан Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сүшма Свараж гарсан хэргийг “байж боломгүй явдал” хэмээн твиттер хуудсандаа нийтэлжээ.

Гадаад хэргийн яам Саудын Арабын талтай ярилцаж буруутныг шийтгэх арга хэмжээ авхуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Сүүлд Энэтхэгийн хэвлэлд мэдээлснээр буруутныг Саудын цагдаа нар баривчилсан гэжээ.

Энэ бол Саудын Арабтай холбоотой хүний эрхийг зөрчсөн анхны хэрэг биш.

Өнгөрсөн есдүгээр сард Шинэ Делид суудаг Саудын дипломат ажилтан хоёр Балбын иргэн эмэгтэйг сэкс боол болгон хүчирхийлж байсныг шалгах гэхэд дипломат халдашгүй эрхтэй хэмээн өөрийгөө хамгаалж, цагдаа нарыг хувийн өмчид халдах гэлээ хэмээн буруутгаж байсан юм.

Мөн энэ сарын эхээр нөхрийнхөө зарц эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлж байгаа видео бичлэгийг онлайн сүлжээнд тавьсан Сауди эмэгтэйг шоронд хориод байгаа билээ.

 

Эх сурвалж: Russia Today