Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дахь СТАРТАП компаниудын тухай сонирхолтой ДОЛООН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Стартап (Startup) бизнесийн тухай зарим сонирхолтой тоо баримтуудыг АНУ-ын мэдээллийн технологийн салбараас цуглуулсныг хүргэж байна.

 

Хууччуул ноёрхож байна

Өнөөдрийн стартап бизнесийн соёлд залуу, зоригтой, дөнгөж сургууль төгссөн залуус гол дүр мэт харагддаг. Ийм төсөөллийг энэ үеийнхний хамгийн алдартай залуу бизнесмэн Марк Зукерберг бий болгосон байх. Үүнээс гадна хүмүүсийн аль болох залуудаа, түргэн баяжиж, алдар нэртэй болох гэсэн “шунал хүсэл” бас энэ ойлголтыг өргөжүүлэхэд нэмэр болж байгаа нь гарцаагүй.

Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Нас ах, илүү туршлагатай үеийнхэн буюу 30, 40, түүнээс ч дээш насны бизнесмэнүүд стартапын ертөнцөд ноёлсон хэвээр байна.

Сүүлийн жилүүдийн тоо баримтаас харвал 30-аас доош насныхан үүсгэн байгуулагчдын эгнээнээс улам бүр шахагдсаар байгаа гэнэ.

 

Цагаачдын ноёрхол

Бас нэг сонин баримт бол стартапын ертөнц цагаачдын нөлөө нэмэгдэх болсон байна. 2006-2012 онуудад байгуулагдсан шинэ компаниудын гуравны нэг нь ядаж нэг цагаач үүсгэн байгуулагчтай байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт стартапын инкубаторууд бий болсноор хөгжиж байгаа орнуудын залуу мэргэжилтнүүд мэдлэг чадвараа ашиглах боломж нээгджээ.

 

Ихэнх бүтээгдэхүүнүүд бүтэлгүйтдэг

Нэг гашуун тоо баримт бол стартапуудын шинэ бүтээгдэхүүнүүдийн 90 хувь нь бүтэлгүйтдэг. Энэ нь бизнес хийх ямар хэцүү болохыг харуулж байна.

Стив Бланк, Боб Дорф нарын “The Startup Owner’s Manual” номноос энэ тоо баримт гарсан юм. Түүнд дурдсанаар бүтээгдэхүүн амжилттай зах зээлд гарах нь маркетингийн стратеги, үүсгэн байгуулагчдын тоо зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг гэнэ.

 

Хамгийн гол нь өсөлт

Стартапыг стартап болгоход хүргэдэг зүйл юу вэ? Жижиг бизнес болгон стартап уу? Viaweb-ыг үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч, програм зохиогч Пол Грахэмын тодорхойлсноор стартапыг тодорхойлогч цорын ганц хүчин зүйл бол түргэн өсөх чадвар.

Стартапын амжилтыг илэрхийлэгч нь хэр хурдан өссөн үзүүлэлт юм. Маккинзигийн тодорхойлолтоор орлого нь $100 сая хүрсний дараа ч 60-аас дээш хувийн өсөлттэй байх компанийг “супер өсөгч” гэж нэрлэнэ гэжээ.

 

Боловсрол хамаагүй

Өндөр боловсролтой байх тусмаа сайн бизнес хийнэ гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ. Судалгаагаар стартап үүсгэн байгуулагчдын дөнгөж 37 хувь нь бакалаврын зэрэгтэй байжээ. 28 хувь нь мэргэжлийн боловсрол олж авсан, 10 хувь нь бүр дунд сургуулийн дипломтой байсан байна. Харин 17 хувь нь магистр зэрэгтэй байгаа нь албан ёсны боловсрол ба бизнесийн авьяас хоёр шууд хамааралгүйг баталж байна.

 

Найз нөхөд, гэр бүл бол эрсдэл

Стартапуудын бүтэлгүйтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь найз нөхөд, гэр бүлийн хүмүүстэйгээ хамтран байгуулсанд оршиж байжээ.

Энэ бол хамгийн эмзэг сэдэв. Та асуудалд ороход тэднээс бизнес харилцаагаа тасалж болох ч хувийн харилцаагаа яах вэ гэдэг ярвигтай.

 

Шинэ стартапууд илүү их ажлын байр гаргадаг

Мэдээж стартапууд ямар нэг салбарт хувьсгал хийж олон тооны ажлын байр бий болгодог. Харин гайхмаар нэг тоо баримт бол шинээр байгуулагдаж байгаа стартапууд хуучнаасаа илүү олон тооны ажлын байр бий болгох болжээ. Судалгаагаар дунджаар нэг жилийн настай стартап компаниуд нэг сая ажлын байр бий болгож байхад арван жилийн настай компаниуд нь 300,000-ыг бий болгож байна. Энэ нь стартапууд байр сууриа олж төлөвших тусмаа илүү олон ажлын байр бий болгодог гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэж байгаа юм.

 

Эх сурвалж: WallStreetInsanity.com