Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглээгээрээ өрсөлдөх төрийн албан хаагчид

Ч.Чулуунцэцэг
2015 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Би ч гэсэн хэн хэнтэй нь таарч л байсан. Тухайн үед мөн ганган бүсгүй еэ гэж бодоод өнгөрч байснаас биш төрийн албан хаагчид ямар мөнгөөрөө ийм үнэтэй хувцас, эд зүйлийг худалдаж авдаг байна аа гэж нэг ч удаа бодож байсангүй.

Саяхан ажлаа тарж яваад ангийнхаа хүүтэй гудамжинд тааралдлаа. Нүүрэндээ дандаа инээмсэглэл тодруулж явдаг тэрбээр том том алхлан, энгэрээ задгайлчихсан ихэд ууртай явна аа, байдал нь. Мэнд мэдсэн даруйд “Чи сэтгүүл хүн, төрийн албан хаагчдын талаар бичээч. Эд бүр сүүлээ сэрвээн дээрээ хаячихаж. 

Ажил тарах болоогүй, 16.50 цаг дөнгөж болж байхад компьютерээ унтраачихсан, маргааш өглөө иргээд халгаадаггүй. Би гадагшаа тэмцээнд явах гээд тушаал гаргуулах, зардлын асуудлаа шийдүүлэх гэж Спорт хөгжлийн төв рүү орсон хэрэг. Бид чинь шөнө нь эх орондоо ирээд л өглөө нь дараагийн тэмцээний бэлтгэл ажилд гардаг байхгүй юу.

Виз мэдүүлэх, паспортынхаа хугацааг сунгуулах гээд гүйх ажил ихтэй. Нөхцөл байдал ийм, цаг хугацаа шахуу гэдгийг мэдсээр байж “ Ажлын цаг дууссан. Маргааш өглөө эрт ир” гээд 16.53 цагт хувцсаа өмсөн цагийн зүү 17 -г заахыг хүлээн өрөөндөө холхисоор хүлээсэн мөч нь ирмэц хуруугаа уншуулна гээд салхи татуулан гарч одсон.

Намайг гуйж гувшин зогссон долоон минутад тэр өрөөнд алба хаших мэргэжилтнүүд хадам ээж нараа, цэцэрлэгийн багш нарын шунахайг,......төрсөн өдрөөр бүгдээрээ юу бэлэглэх, хаана оройн зоог барих тухай л ам булаалдан ярьсан” гэж ирээд л нүдэнд харагдтал гомдол мэдүүлэн өгүүлсэн. Ангийн андаас холдсоны дараа төрийн албан хаагчид дэндүү юм гэх бодол төрөв.

Ажлаа хийсэн дүр эсгээд, газар хэлтсийнхээ дарга нартаа бараагаа харуулан ажил хийсэн дүр эсгэн компьютерийн ширээний ард тоглоом тоглох эсвэл чатлаж суудаг төрийн албан хаагчдын нийтлэг дүр санаанд буулаа. Үнэндээ тэд юундаа ч санаа зовох билээ. Сард хоёр удаа хэмжээ дамжаагаар бага ч гэлээ цалингаа авчихна.

Залхуу нь хүрээд хиймээргүй санагдвал дүүрэг эвсэл агентлаг ороод ирнэ гэж хэлээд гараад явчих эрх нь нээлттэй. Хувь хувьсгалын хамаг ажлаа амжуулчихаад ажил тарахын үеэр харайлгаж ирээд хуруугаа уншуучихсан байхад цалин нь бүтнээрээ бодогдчихно. Маргааш нь өчигдрийнхөө ажлыг үргэлжлүүлнэ.

Тэдэнд цаг хугацаатай  уралдах, гараас нь гарч байгаа зүйл чанартай ,чанаргүй байх нь сонин биш. Хэн нэгний ажлыг бүтээгээд өгөхөд цалинг нь хоёр дахин нугалсан хахууль сул ороод ирнэ. Хаялгатай албанд мэргэжилтэн хийхэд л машин зэрэг юу ч биш. Гацаанд орчихоод байсан томилолтын зардлыг гаргаад өгчихөд л дундаас нь 10 хувийг нь халаасалж орхино.

Энэ мэтчилэнгээр үйлдэл бүхнээ үнэлж, тэр хэрээр хөрөнгөжнө. Тендер энэ тэрийн асуудлыг зохицуулж чадсан бол жилийн хэрэгцээний асуудлыг шийдчих боломж бүрдэнэ. Тэгвэл хувийн хэвшлийнхэн яаж байна, цаг хугацаатай уралдан мөнгө олохын төлөө хуруу хумсаа хуйхлах шахан ажилладаг билээ.

Хувийн хэвшлийнхэнд өвдөх ч эрх байхгүй. Үйлчлүүлэгчээ алдахгүйн төлөө, тэдний бариад ирсэн мөнгийг авч үлдэхийн төлөө хүчээр ч болов инээн алгаа тосдог. Бас нэг жишээ.Төрийн албан хаагчийг дарга нь дуудвал дуртай дургүй суудлаасаа босч, “ Цаад баавгай чинь юу гэж байна. Ажлаа мэдэхгүй тэнэгтэж байна уу. Сонгууль хурдан болоосой эсвэл Засгийн газар хурдан унаасай. Тэгвэл энэ муу зайлахгүй хаачих юм” гэхчилэн элдвээр хараасаар өрөөнөөсөө гарч одно. Хувийн хэвшил ажиллаж буй албан хаагчийн тухайд “Яана аа, захирал дуудлаа.

Өнөө шөнө л бүртгэл тооцоогоо нэгтгэж дуусгая гэж хэлий эсвэл хаана ямар алдаа гарчихсан юм бол хэмээн түмэн зүйлээр тархиа гашилгасаар харайлгаж орох жишээний. Дээр нь компанийн орлого тааруу бол цалингийн барааг сардаа нэг харж байвал их юм. Ингэлээ тэд даргаа харааж зүхэн сүйд болдоггүй. Амьдралын зорилго, ажилдаа гаргаж буй сэтгэл нь гарын ар, алга хоёр шиг өөр байгаа биз. Нөгөөтэйгүүр,төр нүдгүй биш ажээ.

Төрийн албан хаагчдын сул задгай байдлыг эмхэлж, ачааллыг нь тэнцвэржүүлэх үүднээс ирэх оноос тоог нь цөөлөхөөр болсныг олон хүн баяртайгаар хүлээн авч байна. Тэгээд ч хувийн хэвшилд боловсролтой боловсон хүчин хэдэн мянгаараа орж ирэх нь сайн хэрэг. Сангийн сайд Б.Болорыг зөв зүйл хийж байгаад нь магтъя.

 

Зураг