Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

БиТиЖиТи ХХК: Автобусны компаниудын орлогоос хэт өндөр шимтгэл авч байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ шинэчлэлийн асуудлаар мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БиТиЖиТи ХХК -иас мэдээлэл хийлээ.

Тэд 2015 онд Улаанбаатар хотоос зарлагдсан "Нийтийн тээврийн ухаалаг төлбөрийн систем удирдлага хяналтын систем" нэвтрүүлэх сонгон шалгаруулалтанд оролцсон боловч тухайн үеийн Нийслэлийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн орлогч дарга Н.Батаа ахлагчтай ажлын хэсэг Солонгосчуудын “Дата карт консерциум” төслийг сонгож, тус компанийн төсөл ялагдсан байна.

Тэдний зүгээс өнөөдөр нийтийн тээвэрт үүсээд буй энэ хүндрэл, бэрхшээл “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай холбоотой гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Би Ти Жи Ти ХХК-ны захирал Л.Гантулга “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны төсөл мэргэжлийн хүний нүдээр харахад дараах алдаа дутагдалтай байна гэв.

 

"Тухайлбал:

  • Програм хангамж болон GPS хяналтын системийн ажиллагаа нь мэргэжлийн байгууллагаар шалгаж баталгаажуулсан дүгнэлт байхгүй.
  • Автобус компаниудын ажилласан цаг болон өдөр бүрийн гүйцэтгэлийг бодох систем нь тухай бүрт нь бодож гаргаж чадахгүй байна. MS-excel файл дээр ажиллаж хүний оролцоотой тайлан гаргаж байгаа нь хардалт үүсгэж байна.
  • Автобус баазуудад GPS системийг ашиглан автобуснуудаа хянах боломж байхгүй.
  • Автобусанд орсон иргэдийг бэлнээр төлбөрөө төлсөн эсвэл картаа уншуулан зорчиж байгаа эсэхэд хяналт тавих ямар ч шийдэл байхгүй. Энэ нь иргэдэд автобусанд үнэгүй зөрчих боломжийг бүрдүүлсэн байна.
  • Автобус компаниудийн орлогоос хэт өндөр шимтгэл буюу шууд 10 хувь суутгаж авч байгаа нь тэднийг хямралд оруулах үндэс суурь болж байна.
  • Иргэдэд 3600 төгрөгөөр карт зарж байгаа нь маш өндөр үнэтэй гэж үзэж байна.
  • Автобуснуудад түлш хэмжих төхөөрөмж суурилуулж өгөөгүй тул компаниуд түлшний зардлаа хянах боломж байхгүй.
  • Автобуснуудад суурилуулсан төхөөрөмжийн үнэлгээ маш өндөр тухайлбал мөнгөний хайрцаг 565 ам.долларын үнэтэй.
  • Энэ төслийн нийт санхүүжилт нь 15,000,000 ам.доллар бөгөөд манай санал болгосон төслөөс гурав дахин өндөр өртөгтэй байна.
  • Кондукторуудын ажлын байрыг шууд устгаж нийгэмд ажилгүйдэл бий болгосон.

Ийм илт мөнгө угаасан шинжтэй олон нийтийг хохироосон, Маш их алдаа дутагдалтай төслийг сонгон шалгаруулсан одоогийн нийслэлийн удирдлагууд өнөөдөр асуудал ийм түвшинд хүрсэн байхад тэдний алдаа дутагдлийг нь хаацайлан хамгаалсаар байна. Иймд эдгээр хүмүүс нь хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна" хэмээн онцоллоо.

Үүний дараа тэрбээр 2014 онд нийслэлд санал болгосон "БИ ТИ ЖИ ТИ" компаний төслийн онцлог давуу талуудыг танилцуулав.

  • Төслийн нийт үнэлгээ нь "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн төсөлтэй харьцуулахад гурав дахин бага үнэтэй.
  • 2011 оноос эхлэн тухайн салбарт хэрэгжүүлсэн туршлагатай.
  • Картын үйлчилгээний орлогоос 2-6 хувийн шимтгэл авах тооцоололтой.
  • Иргэдэд олгох карт үнэгүй.
  • Азийн Хөгжлийн Банкнаас хүүтэй зээл авах шаардлагагүй бид өөрсдөө санхүүжилтээ Чингис бонд болон бусад хамтрагчдаараа дамжуулан шийдвэрлэсэн.
  • Кондукторуудын ажлын байрыг хянагч, карт борлуулагчаар ажиллуулан хоёр жилийн хугацаанд хадгалж үлдэнэ.
  • UBBus аппликэйшн , Мэдээллийн самбар автобус хэзээ, ирэх хаана явж байгааг харуулсан олон төрлийн мэдээллийн олон нэмэлт үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэнэ.
  • Монгол инженерүүд өндөр цалинтай ажлын байртай болох боломжтой байсан гэв.