Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнууд "U MONEY" картаа захиалж нийтийн тээврээр зорчино

Монголын мэдээ
2015 оны 10 сарын 9
Монголын мэдээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдааны үеэр их, дээд сургууль коллежийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг олгох мөн цэнэглэх, ашиглахад баримтлах журам батлах тухай хэлэлцсэн юм. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.

-Оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулах шинэ журам хэлэлцэгдлээ шүү дээ. Оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим картыг хэрхэн олгох вэ?

-Өмнө нь оюутнууд Нийтийн тээврийн газар болон Монголын оюутны холбоонд 8,900 төгрөг төлөөд картаа авдаг байсан. Шинэ журамд зааснаар бүх оюутнууд “U money” оюутны картыг авах ёстой. Тэгэхдээ сургууль бүх оюутнуудынхаа мэдээллийг бүрдүүлж,
Нийслэлийн Боловсролын газарт өгнө.

Харин боловсролын газар түүнийг нь нягталж үзээд, карт олгох хүсэлтийг “Улаанбаатар смарт карт” компанид өгнө. Үүний дараа Улаанбаатар компаниас оюутны цахим картыг сургуульд нь өгдөг, сургууль нь оюутнууддаа тараадаг тогтолцоо бий болох юм. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогоор иргэнд мөнгө нь шууд очдог шударга тогтолцоо бий болж байна гэсэн үг.

-“U money” картыг 3,600 төгрөгөөр худалдан авдаг шүү дээ. Оюутнууд цахим картаа мөнгө төлж авах уу?

-Нийтийн тээвэр шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлж мөн бүх автобуснуудыг цахим картжуулан “U money” картыг гаргасан. Үүний дагуу оюутнууд 3,600 төгрөгийг өөрийн мэдээллийн хамт сургуульдаа өгч, цахим картаа захиалах юм.

-Оюутнууд “U money” картаа ашиглаад нийтийн тээврээр үнэгүй зорчих уу?

-Зорчилтынх нь хязгаарыг мөнгөнд нь тааруулаад тогтоож өгнө. Тэгэхээр оюутнууд үнэ төлбөргүй зорчих нөхцөл нь байна.

“U money” картыг захиалахад эхний удаа 44 удаа явах эрх байгаа. Цаашид шаардлагатай, илүү явах хэрэгцээ  гарвал өөрсдөө цэнэглээд зорчих юм.

Жишээлбэл, хөнгөлөлтөө хэрэглэх боломжгүй амралтын өдрүүдэд явах болбол тухайн оюутан өөрөө нэмж цэнэглээд явна гэсэн үг.

-Өнгөрсөн хавар оюутнуудаас 8,900 төгрөг хурааж авсан шүү дээ. Тэр мөнгөний оронд “U money” цахим картыг үнэгүй өгөх боломж бий юу?

-Тэр 8,900 төгрөг бол нийтийн тээврийн салбарт хамаагүй асуудал. Монголын оюутны холбоо мэдэх асуудал шүү дээ. Тийм болохоор “Улаанбаатар смарт карт”-аас гаргаж байгаа “ U money” картаа л автобусандаа уншуулж явах ёстой.

-Налайх дүүргээс хичээлдээ явдаг оюутнууд байдаг шүү дээ. Тэдгээр оюутнуудад “ U money” карт хэрхэн үйлчлэх вэ. Хөнгөлөлт бий юу?

-Ерөнхийдөө хот орчмын чиглэлд хөнгөлөгдөх ёстой үнэ нь 500 төгрөг байдаг. Хот орчмын нэмэлт үнэтэй чиглэлүүдээр бол зөрүү мөнгөө төлөөд явах ёстой гэж ойлго. Картаа уншуулаад зөрүү мөнгө болох 400 төгрөгөө төлөөд явна гэсэн үг юм.

Зураг