Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батаа: Хувийн хэвшлийнхэн ажилдаа гарахгүй байх ямар ч үндэслэл байхгүй

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээврийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аравдугаар сарын 7-ны өдөр нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа зарим аж ахуйн нэгжүүд түр зогсоол нэрээр ажил хаялаа.  Тэдний зүгээс сэлбэг хэрэгсэл авах, ажилчдынхаа цалинг тавих боломжгүй болсон учраас түр зогсолт хийсэн хэмээн мэдээлж байгаа. Тиймээс НЗДТГ-аас үнэхээр тийм нөхцөл байдал үүссэн үү гэдгийг тодрууллаа.

Автобус компаниудын зүгээс “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь хурааж аваад эргээд компаниудад өгөхгүй байгаа учраас ажиллах боломжгүй боллоо гэсэн мэдээллийг нийгэмд тараасан. Тиймээс нийслэлээс ажлын хэсэг гаргаж “Улаанбаатар смарт карт” компанид шалгалт хийлээ. Энэ компанийг нэг бүрчлэн мэргэжлийн байгууллагуудын оролцоотой шалгахад хувийн хэвшлийнхний яриад байгаа шиг байдал байсангүй. 

Автобус компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэдгийг үгүйсгэх хэд хэдэн баримт байна.

Нэгдүгээрт,Улаанбаатар смарт карт” компани Долоодугаар сарын 9-нөөс хойших хугацаанд нийт 10,398,574,000 төгрөгийн орлогыг хурааж авсан бөгөөд эргээд  11,176,000,000 төгрөгийг автобусны компаниудад тараасан байгаа юм. 

Хоёрдугаарт, Долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргаар  ахлуулсан нийтийн тээврийн зөвлөл хувийн хэвшлийн компаниудтай хамтран хуралдсан. Хуралдааны үеэр хувийн хэвшлийнхний зүгээс автобуснуудын машин цагийн тариф 34,000 төгрөг байгааг 44,000 төгрөг болгох болон найм, есдүгээр сарын нөхөн олговрын 80 хувийг олгооч ээ гэсэн хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу гурав хоногийн өмнө 1,500,000,000 төгрөгийн нөхөн олговрыг шилжүүлсэн бөгөөд тариф шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна.

Нийтийн тээврийнхэн шахалт үзүүлж, шантааж хийж, иргэдийг хохироолоо.

Энэ хугацаанд нийтийн тээврийнхэн шахалт үзүүлж, шантааж хийж, иргэдийг хохироолоо. Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ умартаж, гэрээгээ үл ойшоон ажил тасалсан үйлдэл боллоо. Ийм нөхцөл байдалд хувийн хэвшлийнхэн ажилдаа гарахгүй байх ямар ч үндэслэл байхгүй.

Ямар ч шалтаг шалтгаангүйгээр, хувийн компаниудын захирал эздийн эрх ашгаар  ажил таслалтыг зохион байгуулсан. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөл яаралтай хуралдаж, хуралдаанаас удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн.  

Мөн хот үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана. Одоогийн байдлаар 21 хувийн компани Нийслэлийн Тээврийн Газартай гэрээ байгуулан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эдгээр компаниудаас гадна хамтарч ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх саналтай компаниуд байгаа. Тиймээс удаа дараа хууль бусаар ажил хаяж, иргэдийг хохироож, НЗДТГ-аас мөнгө нэхэж, шантааж хийж байгаа компаниудтай гэрээгээ цуцлах болно.

Нийслэлийн зүгээс мэргэжлийн байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтран хувийн хэвшлүүдэд  шалгалт хийнэ. Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан энэ үйлдлийг хуулийн талаас шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцно. 

Мөн  “Улаанбаатар смарт карт” компанийг нийслэлтэй хамтран мөнгө угаах зорилготой байгууллага гэх мэдээлэл тараад байна. Үүн дээр тодруулга өгье.  

“Улаанбаатар смарт карт” компани нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн. Тус компанийг байгуулахад НЗДТГ-аас ямар ч мөнгө гараагүй хэдий ч 24 хувийг н эзэмшиж байгаа. “Улаанбаатар смарт карт” компани ашигтай ажиллавал нийслэл ашиг хүртэх тийм л ашигтай гэрээний үндсэн дээр байгуулагдсан байгууллага. 

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн хоёр сарын хугацаанд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагын 1,251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулсан.

Аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авсан байна. Энэ бол том амжилт” гэлээ.