Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батсансар: Үр дүнтэй хурал зохион байгуулах зорилт тавьж байна

Ц.Баттуяа
2015 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IҮ чуулган энэ сарын 12-14-нд болох гэж байна. Анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулах энэхүү чуулганы талаар БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай Нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай уулзаж ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулганаар ямар, ямар асуудлыг авч хэлэлцэх вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний I чуулганыг тусгай хамгаалалттай газрын санхүүгийн байдалд үнэлгээ хийж, тогтвортой санхүүжилтийн эрх зүйн орчныг бий болгох гэсэн том сэдвийн дор зохион байгуулсан. Харин II чуулганы үеэр байгаль хамгаалагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалт явуулах талаар онцгой анхаарсан.

Тэгвэл III чуулганы зорилго нь улсын тусгай хамгаалалтад авсан газруудын үнэ цэнийг тодорхойлоход чиглэгдсэн юм. Энэ удаагийн чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг гол зорилгоо болгож байна. 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IҮ чуулганы онцлог юу байх бол?

-Чуулганыг анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, бид хамтран ажилладаг ОХУ болон БНХАУ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагуудынхаа дуу хоолойг сонсож, ололт амжилтаа ярилцахын зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдөнө. 

-Хоёр хөршөөс төлөөлөгчид ирнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. ОХУ-ын Онон Балжийн байгалийн цогцолборт газартай хиллэдэг Сохондын шим мандлын нөөц газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газартай хиллэдэг Тункены байгалийн цогцолборт газар, Сийлхэмтэй хиллэдэг Салюгемийн БЦГ, Монгол дагуурын ДЦГ-тай хиллэдэг Даурский ДЦГ болон Мөнххайрханы БЦГ-тай хиллэдэг БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл ирнэ.

Мөн Чех улсын Прагийн амьтны хүрээлэнгийн захирал, байгаль хамгааллын донор байгууллагууд бүгд ирж оролцоно. 

Иргэд нөхөрлөл, хоршоо байгуулаад тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалж болно. 

Энэ дашрамд дурдахад, манай тусгай хамгаалалттай газрууд олон улсын хилтэй залгахаас гадна орон нутаг дотроо Монгол Улсын газар нутгийн 17.4 хувь дээр 33 захиргаагаар 99 нэгж дээр тусгай хамгаалалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр эдгээрийг зөвхөн тусгай хамгаалалттай газар хамгаалах бус нутгийн иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах нь зүйтэй юм.

Энэ ч утгаараа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад, хамгаалъя, зөв зохистой ашиглая, хамгаалалтын менежментдээ тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлье гэдэг асуудлыг тусгаж өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулснаар улсын төсөвт ирж буй ачааллыг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой. Өөрөөр хэлбэл, монгол нутаг эзэнтэй. Тиймээс эздээр нь хамгаалуулъя гэсэн бодлого барьж байна. 

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах талаар иргэдтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг нь сонин байна?

-Иргэд нөхөрлөл, хоршоо байгуулаад тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалж болно. Ингэхдээ тэд зөвхөн хамгаалаад зогсохгүй байгалийн баялгаа ашиглаж болно. Энэ утгаараа нэг талаар ажлын байр бий болгож байгаа юм. Үүний цаана эдийн засгын том бодлого явж байгаа биз. 

-Манайхан тусгай хамгаалалттай газрын хамгаалалт, санхүүгийн тогтвортой байдал зэргийг их ярьж байна. Гэвч үүний цаана судалгаа шинжилгээний ажил орхигдоод байна уу даа?

-Судалгаа шинжилгээний ажлууд тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Энэ талаар цаашид ч анхаарахаар төлөвлөсөн зүйлс бий. Учир нь, тусгай хамгаалалттай газрууд экосистемийн хувьд маш их ач холбогдолтой. Богдхан уул л гэхэд хүмүүс байгалийн үзэсгэлэнг нь биширч, сэтгэлийн таашаал авч байна.

Шүтэн дээдэлж цайныхаа дээжийг өргөх зэрэг харилцан шүтэлцээгээр ёс заншлын маш том зүйл харагдаж байна. Мөн жимс ургамлаар нь олон хүн амьдралаа залгуулж байна. Нэг талаар ажлын байраар хүмүүсийг хангачихаж байна. Түүнчлэн Туул голд олон тооны горхи булаг ирж, цутгаж цэвэрлэж байна.

-Хамгаалаад байгаа хэрнээ л ургамал, амьтад нь хоргодоод байна гэсэн мэдээлэл ард иргэдийн дунд яваад байдаг. Энэ үнэн үү?

-Хүмүүсийн ярих өөр шүү дээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн амьтад ерөнхийдөө өсч байгаа. Хустайн нуруу л гэхэд 1,000 бугатай болчихлоо. Богд ханы буга ч өсч, бас шилүүс, гахайнаас авахуулаад байдаггүй амьтад олноороо ирж суурьшиж байна.

Энэ бол хамгаалсны л үр шим шүү дээ. Харин ургамлын цогц судалгаа дутагдалтай байгаа. Тиймээс бид Германы төслийн шугмаар ургамлын цогц судалгаа хийх бодолтой байна. 

-Хүмүүс тусгай хамгаалалттай газрыг хамгаалах ёстой л гэж ойлгоод байдаг. Гэтэл та зөв зохистой ашиглах талаар дээр цухас дурдаад өнгөрлөө?

-Энэ жилийн хувьд өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихлоо. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутаг дээр малчдын малыг өвөлжүүлж болно. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр мал хамаагүй ордоггүй учраас тэндхийн өвс сайхан, шим тэжээлтэй байгаа. Үүнийг ашиглах хэрэгтэй.

Тодорхой хугацаанд ийм хүний бөөгнөрөл үүссэнээр байгаль орчинд бас муу нөлөөлөл үзүүлнэ.

Ингэснээр тэнд онд орсон мал нь эргээд ард иргэд, орон нутаг, улсынхаа эдийн засгийг дэмжсэн үр шим өгнө. Иймэрхүү үр шим хүртэхэд л байгаль хамгаалахын учир утга оршдог юм. Үеийн үед ингэсээр л ирсэн.

-Мал оруулж өвөлжүүлснийхээ төлөө иргэдээс төлбөр авах уу?

-Үгүй. Мөн энд нэмж хэлэхэд, тусгай хамгаалалттай газар Монгол Улсын аялал жуулчлалын кемпийн 80 хувийг бүрдүүлдэг. Гэвч үйлчилгээний хураамж бага байсан. Бид бодлогын баримт бичигтээ энэ хураамжийг нэмэх талаар тусгасан байгаа Энэ жил Хөвсгөл рүү л гэхэд хэдхэн хоногийн дотор 60 мянган хүн орж гарлаа.

Тодорхой хугацаанд ийм хүний бөөгнөрөл үүссэнээр байгаль орчинд бас муу нөлөөлөл үзүүлнэ. Тэгвэл нутгийн удирдлагууд дагалдах баялгаас хураамж авч болно. Мөн гадны болон дотоодын байгууллагуудаас явуулж буй судалгаа шинжилгээний ажлаас ч мөнгө олох боломжтой. 

-Тусгай хамгаалалттай газраа бүрэн хамгаалж чадаж байна уу? Мөн бүрэн ашиглаж чадаж байна уу?

-Манайх хамгаалалт тал дээр түлхүү анхаардаг. Харин сүүлийн үед зөв зохистой ашиглах талаар бодлогоо хандуулж байна. Хамгаалалтыг маш сайн хийж байгаа. Ганц, хоёр газар хууль бусаар алт олборлоод, зугтчихдаг, манайхан араас нь очиж, нөхөн сэргээдэг гэх мэт муур, хулганы үлгэр шиг явдлууд бий.

Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Гурвансайханы Сэврэй, Баян сум, цаашлаад мянган угалзын цэцэг, Их богдын байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар алт олборлосон тохиолдол гарсан. Тухайн үед манайхан пост гаргадаг, байгаль хамгаалагч нь олборлосон алтыг хураагаад 20 мянган төгрөгөөр л торгох арга хэмжээ авдаг. Тиймээс энэ талын арга хэмжээг чангатгах талаар бас хуулийн төсөлдөө оруулж өгсөн.

-Тусгай хамгаалалттай газрууд дээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгоод байна гэсэн асуудал бас их хурцаар тавигдаж байгаа. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Тусгай хамгаалалттай газар дээр ашигт малтмал олборлох лиценз олгогдохгүй байгаа. Харин өмнө нь лицензтэй байсан газрыг тусгай хамгаалалтад авчихсан тохиолдлууд бол бий.

Жишээлбэл, Их газрын чулуу л гэхэд ашиглалтын нэг, хайгуулын найм, нийт есөн лицензтэй. Энэ газрыг хамгаалахад хэцүү. Нэг талаас лицензтэй компаниудын эрх ашиг зөрчигдөнө, нөгөө талаас тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг зөрччихсөн байх жишээтэй. Үүнийг холбогдох байгууллагуудад тавихад нөхөн олговрын асуудал гарч ирнэ.

Тэдний нөхөн олговрын асуудлыг төр засаг шийдээд өгчихвөл бид хамгаалалтын менежментээ хэрэгжүүлэхэд хялбар болно. Хоёрдугаарт, Хөвсгөлд хайгуулын нэг лицензтэй газар бий. Лицензийг нь цуцлах ёстой. Харин төр нөхөн олговрыг нь олгох ёстой.

Мөн Ноён уулын талаар хүмүүс их ярьж байна. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах ёстой юу, ёстой. Гэтэл тэнд 14 лицензтэй. Бүгд ашиглалтын лиценз. Тэр асуудлыг шийдэлгүйгээр тусгай хамгаалалтад авч болохгүй. Миний хувьд Ноён уулан дээр ажлаа хийж байгаа. Судалгааны баг бүрдүүлээд, тэнд ажиллуулж байна. Ирэх сарын дундуур надад тайлангаа танилцуулна. Түүний дараа Ашигт малтмалын газраас 14 лицензийг цуцалсан тухай мэдэгдэл ирвэл бид тусгай хамгаалалтад авах мэдээллээ дээш нь явуулна. Түүнээс биш худлаа хэлж, шоу хийж болохгүй. 

-Чуулганы талаарх яриан¬даа эргээд оръё. Чуулган гэхээр ярилцаад л өнгөрдөг. Ажил хэрэг болсон уу, үгүй юу гэдгийг эргэж хэлэлцдэггүй. Энэ удаа ч бас байдал давтагдах вий?

-Бид өмнөх чуулгануудаар хэлэлцсэн сургалтуудыг боломжийнхоо хэмжээнд явуулж байна. Мөн энэ удаагийн чуулганаар өмнөх чуулгануудын үр дүнг хэлэлцэж, товч дүгнэлт хийнэ. Өөрөөр хэлбэл, үр дүнгүй биш үр дүнтэй хурал болгох зорилт тавьж байна. 

-Тэгвэл энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Оролцогчид Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох байна.

Мөн дээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл тодорхойлогдсон байна гэсэн үр дүнг хүлээж байна. 

Зураг