Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужингууд байндаа хүрэлгүй Иранд унасан уу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын батлан хамгаалах яам Каспийн тэнгис дэхь хөлөг онгоцноос Сирид байрлах террористууд руу холын зайн пуужин харваж цохилт өгсөн гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл үүний дараа CNN сувгийнхан эдгээр пуужин нь байндаа хүрэлгүй Ираны нутаг дэвсгэрт унасан гэж үл мэдэгдэх эх сурвалжаас мэдээлжээ.

Үүнээс болж байшин барилга нурж, энгийн хүмүүс амиа алдсан байж болзошгүй хэмээн мэдээнд дурдсан байна.

Мэдээллийн дараа ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэл хийж харвасан бүх пуужин байндаа хүрсэн гэлээ.

Тэр “өндөр нарийвчлалтай холын зайн цохилт манай түншүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой” гэжээ.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Жон Кирби CNN-ий мэдээг батлах боломжгүй байгаагаа Ройтерт хэлсэн байна.

Мөн Ираны батлан хамгаалах яамнаас РИА Новостид “Оросын пуужин унасан тухай мэдээлэл ирээгүй байна” гэж мэдэгджээ.

Лхагва гарагт Каспийн тэнгис дэх Оросын байлдааны хөлөг онгоцноос 26 пуужинг Исламын улс бүлэглэлийн байрлалууд руу харвасан юм байна.

 

Эх сурвалж: Russia Today