Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу, томуу төст өвчний тархалт ихсэх болон хүндрэх эрсдэлүүд байна

Э.Туул
2015 оны 10 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, ор олдохгүйн улмаас коридорт хүртэл хэвтэн эмчлүүлэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа билээ. 

Тэгвэл томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулан НЭМГ-аас ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа талаар НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодрууллаа.

-Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Мөн янз бүрийн халдварт өвчнүүд сүүлийн үед гарах нь ихэссэн. Одоогийн байдлаар ямар үзүүлэлттэй байна?

-Томуу, томуу төст өвчний тархалт жил бүрийн аравдугаар сараас эхлээд гуравдугаар cap хүртэл өндөр байдаг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч буй тархалт судлалын мэдээгээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 4.6, хэвтэн эмчлүүлэгсдийн 6.7 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өвчлөгсдийн 91.5 хувийг 15, 75.5 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. 

Энэ жил өвөрмөц үүсгэгч бүхий халдвар гарахгүй гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч ТТӨ-ний тархалт ихсэх болон хүндрэх эрсдэлүүд байна.

Үүнд, 2015 оны 3-8 сард улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбоотой хүүхэд, залуучуудын дархлаа маш ихээр суларсан байгаа. Мөн сүүлийн 60 орчим жилийн тархвар судлалын үзүүлэлтээр 2016 онд менингитийн халдвар гарах эрсдэл өндөр байгаа зэрэг нь ТТӨ-ний тархалтад нөлөөлөхөөр харагдаж байна.

-Нөхцөл байдал ийм байгаа үед л НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байна?

-НЭМГ-аас ТТӨ-нөөс сэргийлэх,эмнэлгийн тусламжийг сайжруулахад чиглэсэн нийслэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний гол зорилго нь анхан шатны тусламжийг чанаржуулах, шаардлагагүй эмнэлгийн хэвлэлтийг бууруулах юм.

Төлөвлөгөөндөө урьдчилан сэргийлэх чиглэлээр, эмнэлгийн тусламжийн  чиглэлээр хийх ажлуудыг нарийн тусгасан ялангуяа урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний хүүхдийн өвчний цогц менежментийн хэрэгжилтийг сайжруулах, эмнэлгийнхалдвар хамгаалалын бэлэн байдлыг хангах, үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтуудыг хийх зэрэг ажлууд багтсан байгаа. Төлөвлөгөөний дагуу зарим ажлуудыг хэрэгжүүлээд эхэлсэн явж байна.

-Устаж үгүй болсон гэгдээд байсан улаанбурхан өвчин нэлээд өндөр тархалттай байсан. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгаа вэ. Энэ өвчлөл дахих магадлалтай юу?

-Улаанбурхан өвчний дэгдэлт анх гарч эхэлж байхдаа 0-5 насны хүүхдүүдийн дунд, ялангуяа вакцины нас болоогүй 0-1 насны хүүхдүүдийн дунд 90 орчим хувийг эзэлж байсан. Тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 10-ны хооронд зургаан сартайгаас таван настай хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийсний дараа өвчлөл эрс буурсан.

Харин 4-8 дугаар сард 15-29 насны залуучуудын дунд дэгдэлт ихэсч, бүртгэгдсэн тохиолдлын хувийг эзэлж байсан. Мөн наймдугаар сарын хагасаас 0-1 насны хүүхдийн дунд өвчлөл бүртгэгдэж эхэлсэн.

Одоогийн байдлаар өдөрт дунджаар 4-5 хүн ХӨСҮТ-д хандаж байна. Хүйтний улирал эхлэхээр өвчлөл буурч, улаанбурхан өвчний тохиолдлын голомтын арга хэмжээг сайн авч чадахгүй бол ирэх оны гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Ийм учраас улаанбурхан өвчний шинээр бүртгэгдсэн тохиолдол бүрийн эх сурвалжийг тогтоох, голомтод шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы вакцин хийж байна. Мөн 0-2 насны хүүхдийг товлолын улаанбурхан, улаанууд, гахайн хавдар өвчний эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамруулах шаардлагатай.

-Ер нь томуу, томуу төст өвчнөөс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? талаар зөвлөгөө өгөөч?

-Томуу, ханиаднаас иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ 18-20 хэмийн дулаан орчинд байх, халуун хоол, цай унд хэрэглэх, сайн унтаж амрах, сэтгэл санаа тайван байх зэрэг урьдчилан сэргийлэх аргыг хүмүүс өөрсдөө авах хэрэгтэй.

Томуу, ханиаднаас иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн гарын ариун цэврийг сахих, өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах, амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих, үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих, ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайлах, гичтэй бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрж, дараа нь хөлийн уланд иллэг хийх, дархлаа сэргээх цэгэн иллэг хийх, витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар хоёр удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх зэрэг арга хэмжээг авах ёстой.

Үүнээс гадна томуу, томуу төст өвчнөөр өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Мөн өвчилсөн үедээ гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

-Томуугийн дархлаажуулалтад хэдээс хэдэн насны хүн хамрагдаж болох вэ. Насанд хүрсэн хүмүүст томуутийн вакцин хийхэд төлбөртэй байдаг уу. Мөн энэ вакциныг хийлгэж болохгүн заалт гэж байх уу?

-Одоогоор томуугийн вакцины заавар, журам . ирээгүй байна. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад томуугийн вакциныг төлбөртэй хийдэг.

Аравдугаар сарын эхний 10 хоногт томуугийн шинэ вакциныг дээрх кабинетаар хийж эхлэх байх. Томуугийн вакциныг жирэмсний бага сартай, бөөр элэгний архаг өвчтэй хүнд хийж болохгүй гэсэн заалттай.

Энэ дархлаажуулалтын ээлжит 10 хоног бол дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ерөнхий боловсролын сургууль дээр сахуу, татрангийн вакциныг 7, 15 настай хүүхдэд хийх, сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатит-аас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, мөн шинээр бүртгэгдэж буй улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол голомтыг  нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийнэ.

Тиймээс эцэг, эхчүүд вакцин хийлгэх насны хүүхдүүддээ өглөөний цайг заавал уулгасан байх, вакцин хийсний дараа дааруулахгүй дулаан хувцаслахад анхаарах шаардлагатай.

Зураг