Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Мал мах, түүхий эдийн үнэ буурснаар малчдын орлого ч унасан

Ж.Нарангэрэл
2015 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ орон нутгийн иргэдийн хувьд хүндхэн дуулдаж байгаа. Тиймээс аймгуудын удирдлагууд өвөлжилтөд хэрхэн бэлтгэж байгаа талаар Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газрын тогтоолын дагуу аймгууд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа хэдийн орсон. Өвөрөхангайхан ирэх өвөлд хэр бэлтгэсэн бол?

-Тийм ээ, өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын 292, 293 дугаар тогтоол гарсан. Тэнд тусгахдаа мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай бий.

Тэр дагуу бид өвлийн бэлтгэлээ хангахын тулд долоодугаар сард аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарган ажиллаж байгаа. Би өөрөө өнгөрсөн есдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд бүх суманд өвлийн бэлтгэл хангах ажлын групп томилж, тэндээ орж ажиллаад, дүгнэлтээ хийсэн. Манай нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь зуншлага сайтай байсан учраас нэг их гантай газар байхгүй. 

Гэхдээ малчдын өөрсдийн хүсэлтээс харахад аймгийн хэмжээнд 170 өрхийн 100 мянга гаруй малыг бусад аймагт өвөлжүүлнэ гэсэн бол өөрийн аймгийн нутаг дэвсгэр буюу сумаас суманд 600 орчим өрхийн 250 мянган мал оторлох гэсэн байгаа. 

Мэдээж мал ахуй гэхээр зөвхөн хаана оторлох тухай биш өөр бусад асуудлыг ч орхигдуулахгүйгээр хичээн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн зүгээс мал, мах борлуулах хүсэлт их ирж байгаа. Аймгийн хэмжээнд бол 700 мянган мал борлуулах шаардлага бий гэсэн тооцоо байгаа.

Мөн өөр аймгуудад өвөлжих, өвөлжүүлэх ажлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалтыг эхлүүлж байна. Өвөл, хаврын хүнд цаг үе тулгарлаа гэхэд аймаг, сумын өвсний аюулгүй нөөц чухал байдаг. Тиймээс энэ нөөцийг бүрдүүлэх, малчдын өвсний бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа. Тэгэхээр мал аж ахуйн тал дээр манай аймаг өвөлжилтөд гайгүй сайн бэлтгэж байгаа гэж ойлгож болно. 

-Засгийн газрын тогтоолд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай тусгасан гэсэн. Өвөрхангайн хувьд аймгийн төв сүүлийн жилүүдэд нэлээд өргөжин тэлж байгаа шүү дээ? 

-Ирэх өвлийн бэлтгэлд “Баян тээг” ХК 110 мянган тонн нүүрс олборлох боловсруулалтын ажлыг хэрэгжүүлсэн. Тэгэхээр нүүрсний хувьд асуудалгүй бөгөөд арваннэгдүгээр сарын 15 хүртэл сумдууд татан авалт хийх ажлаа зохион байгуулчихна.

Нүүрсээ дагаад дулааны асуудал сөхөгдөх байх. Үүнтэй зэрэгцээд уурын зуухнуудын засвар үйлчилгээний бүх ажлыг бүрэн дуусгасан. Харин цахилгаан тасарсан үед эх үүсвэр болгон ашиглах цөөн хэдэн зуухны дизелийн түлшний асуудлыг шийдчихвэл ерөнхийдөө цэгцэрчихэж байгаа. 

-Танай аймгийн хувьд дулааны цахилгаан станцаасаа болоод агаарын бохирдол улам бүр нэмэгдэж байгаа. Гэтэл бүтээн байгуулалт нь ч өссөөр байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Дулааны цахилгаан станцын хувьд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад гаргачихсан. Эрчим хүчний яамнаас зарласан тендерээр “Энерготех Сервис” компани шалгарсан. Даан ч өнөөгийн хэлдэг, тулгамдаад байгаа асуудал нь хөрөнгийн эх үүсвэр болчихоод байна шүү дээ. 

Тэр л зарчмаар бидний дулааны станцын ажил таг болчихоод байгаа. Яах вэ, аймгийн төвд жижиг оврын 20 орчим зуух байдаг бөгөөд агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байна гэж үздэг. Тиймээс тодорхой арга хэмжээ авч байгаа ч үр дүн нь учиргүй сайжирч байгаа зүйл алга. Мөн төвд утаа гаргадаг зуух 7,000 бий. Гэр хорооллын утааг бууруулах зорилгоор 7,000 зуухныхаа 50 хувь буюу 3,500-г нь бүрэн шаталттай болгож сольсон.

-Дулааны станцын ажил нь зогсчихоод байдаг. Гэтэл бүтээн байгуулалт нэмэгдсээр байгаа биз дээ?

-Аймгийн хэмжээнд энэ онд 17.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаагийн зургаан тэрбум нь орон нутгийн, 11.8 тэрбум нь улсын төсвөөр хийгдэж байгаа. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгууд энэ жилдээ багтаад 100 хувь ашиглалтад орчихно.

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаас ирэх жил хүртэл хойшлогдсон гурван барилга бий. Мэдээж бүтээн байгуулалттай зэрэгцээд автозамын асуудал ч яригдах байх. Энэ жил Арвайхээрт 3.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн км орчим автозам баригдаж байгаа бөгөөд бид хөрөнгө оруулалтад нь нэлээд анхаарч байна. 

Бүтээн байгуулалтаа дагасан аймгийн нүүр царай гэдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс ихээхэн хамаардаг. Худалдаа, үйлчилгээний барилгуудаас гадна орон сууцнууд ч ихээр баригдаж, ашиглалтад орж байгаа. 

Тухайлбал 2011 оноос хойш 1,050 айлын орон сууц ашиглалтад орсон. Ер нь энэ онд иргэдийн худалдан авах чадвар муудчихсан учраас орон сууц, бараа бүтээгдэхүүний борлуулалт буурсан. Үүнийгээ дагаад хувийн хэвшлийнхэн хэцүүхэн байдалд орж, шинээр орон сууц барих компаниуд гарч ирэхгүй байна шүү дээ.

Хэдий бидний зүгээс газар олгохоос гадна инженерийн шугам сүлжээ зэрэг ажлыг нь дэмжиж байгаа ч борлуулалтгүй болчихоор яах болж байна. Жишээлбэл дээр хэлсэн 1,050 айлын орон сууцны 300 нь эзгүй байгаа. Метр кв-ийн үнийг 1,100-1,200 төгрөгөөр тогтоогоод байхад л төлбөрийн чадвар алга.

-Уг нь малчдыг орон сууцжуулах, амжиргааг нь дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүд байдаг байх? 

-Малчдын хувьд жаахан ярвигтай шүү дээ. Мал мах, түүхий эдийн үнэ өссөн тохиолдолд л тэдний орлого нэмэгддэг. Жишээ нь өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр зарагдаж байсан эм хонь энэ онд 70-80 мянган төгрөг болчихсон. Махны үнэ 3,000 төгрөгөөр буучихсан.

Арьс шир, ноос, нэхий гээд түүхий эдийн 2014 оныхоос 50 хувь унасан. 

Арьс шир, ноос, нэхий гээд түүхий эдийн 2014 оныхоос 50 хувь унасан. Ийм байхад малчдын орлого эрс буурчихаж байгаа юм. Уг нь тэднийг усан хангамжаар хангах, мал маллах арга ухааны асуудлаар сургалт зохион байгуулж, малын үүлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарал тавьсаар байгаа ч эдийн засаг хүндхэн байвал өөрсдийгөө орлогожуулдаг хүмүүст хүндхэн л байна.

-Амьжиргаа муу, орлого бага байхаар ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, түүнийгээ дагаад хот бараадах явдал нэмэгдэх байх даа? 

-Энэ тал дээр харьцангуй гайгүй шүү. Нийслэлээс иргэд шилжиж ирээд байгаа. Үүнийг нь бид орон сууц, дэд бүтэцтэй холбоотой байх гэж боддог. Гэхдээ ажилгүйдлийн түвшин өнгөрсөн жилийн есөн сарын байдлаар 1,500 хүнийг ажилтай болгосон байхад өнөөдөр 689 хүнийг л хөдөлмөр эрхлэх боломжтой болгосон. Яах вэ, бусад аймагтай харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо бага байдаг л даа. 

Хямрал нүүрлэснээс болж хувийн хэвшлийнхэн орон тоогоо цомхотгож, цалингаа олгож чадахгүйд хүрсэн. Үүнээс үүдээд хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт санаа зовоох болсон. Өнөөдөр дээд боловсролтой ажилгүй хүний тоо өнөөдөр 2,000 гарсан. Энэ нь эзэмшсэн мэргэжил боловсрол нь зах зээлийн эрэлтэд нийцэхгүй байна гэсэн үг. Харин тусгай боловсролтой хүмүүст бол ажил олдоод байгаа юм. 

Зураг