Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд хямралын буянаар “хөрсөндөө” буулаа

Н.Пунцагболд
2015 оны 10 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг: mminfo.mn

Хямралын буян гэж хэлээд байх даа яах вэ гэж зарим нь бухимдаж магадгүй. Эсвэл “Амны билгээс ашдын билэг” гэдэг ч гэж сургааль айлдах хэн нэгэн байж магадгүй юм. Тэгвэл “Сохорсон биш завшив” гэдэг ардын зүйр цэцэн үг байдгийг сануулчихъя. Ёстой л хямарсан биш завшив болж байна, одоо.  

Хямралын буянаар л монголчууд хөрсөн дээрээ бууж ирлээ. Нэг хэсэг ургуулаад байсан “далавч”-аа хумиж, бүхий л зүйлийн үнэ буурлаа. Ердөө л “хөөс” байсан үнэ хагарч, хэвийн хэмжээ рүүгээ дөхөж явна. 

Орон сууцаар л жишээ аваад үзье. Нэг хэсэг барилгын бизнес хүчээ авч, бизнес хийдэг, жаахан мөнгөтэй, эсвэл их хэмжээний зээл авч чадах танилтай хүн бүр л орон сууц, оффисын барилга  барилаа. Ёстой л тааралдсан газар болгондоо амбаар ч хамаагүй босгосон. Ашиг олж, цөм баяжих л гэж тэр шүү дээ. Яаж ийж байгаад барьсан барилгаа зарахдаа амандаа орсон үнээ хэлнэ дээ. Тэр өдөр сайхан зантай байвал арай гайгүй, хар яр байж таарвал өндөр үнэ хэлээд, тогтоочихно.

Тэртэй тэргүй хүн авах юм чинь гэдэг байдлаар хандаж байсан байх. Угаасаа орон сууцны эрэлтийн “шуурга”-ыг нийлүүлэлтийн “хөлөг” нь дийлэхгүй бут үсэрч байсан цаг. Тийм болохоор Эрээний хямдхан материалаар барьсан чанар гэж “түй май” болсон орон сууцаа ам.метрийг нь 2-3 саяар зараад л, олсон мөнгөө чингэлэгт багтааж чадахааргүй болж байсан биз.  

Энэ мэтээр нэг хэсэг жаргасан нөхдүүд өнөөдөр үгээ хэлж, үсээ зулгааж, үнээ буулгаж байна. Энэ хямралын буян биш үү. Зарим нэг нь нийлүүлэлт ихэссэнтэй холбооотой гэж хэлж магадгүй.

Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд 170 гаруй мянган өрх амьдарч байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд 170 гаруй мянган өрх амьдарч байна. Тэдэнд орон сууц хэрэггүй гэж хэн хэлээд байгаа юм. Тэд бүгдээрээ л тохилог сууцанд амьдрахыг хүсч байгаа. Харамсалтай нь худалдаж авах чадал алга. Өнөөдөр Улаанбаатарын өнцөг булан бүрт орох эзнээ хүлээсэн эзэнгүй байр байна. Барилгын компанийн эзэд эдийн засаг сэргэхийг хүлээж, хямд зарахаас яс нь хавталзаад сууж байгаа нь үнэн. 

Зарим нь болохоор нэг орцонд 4-5-хан айл орчихсон. Тэр айлууддаа ус, цахилгаан, дулаан өгөхгүй бол болохгүй. Ингээд л бүхэл бүтэн байрыг ус, дулаан, цахилгаанаар хангаж, цөм шатаад л сууж байгаа сураг байсан. Дээрээс нь айл ороогүй байрыг өдөрт биш юм гэхэд долоо хоногтоо хоёр удаа эргэж тойрч, салхи савир оруулж, чийгийг нь гаргах ажилтай нэг орон тоо нэмж байгаа юм байх. Нөгөө дээгүүр “нисэлдээд”, дуртай үнээ хэлээд байсан барилгын компанийн захирлууд чинь одоо ярвайлт нь жаахан багасаад, банкны өр нь нэхэгдээд эхэлж. Улмаар үнээ бодит хэмжээнд аваачихаас аргагүй болж байгаа хэрэг. 

Гэхдээ бас гүрийгээд байна аа, муу хогнууд чинь.  Яг үнэндээ өнөөдөр том хорооллын байрууд сүртэй хямдарсан юм алга. Яах вэ, хэтэрхий их үнэтэй байсныг бодвол 300-400 мянган төгрөгөөр мэр сэр буурч байгаа нь үнэн. Гэтэл газраа авах гэж ямар ч авлига өгсөн байлаа ч байрны ам.метрийг нь 1.3 саяар зарахад ашиг олох боломжтой талаар эдийн засагчид ярьж байна.

Зарим нь үүнээс хямд зарсан ч ашигтай ажиллах байх. Зарим нь үүнээс үнэтэй зарж байж ч ашиг олох л байх. Гэхдээ л ихэнх нь энэ үнээр зарахад гомдоод байх зүйлгүй юм биш үү. Одоо дахиад жаахан хямраад, “бүсээ чангалаад” өгвөл бодит үнээ тогтоох гээд л байна.  Ер нь бол зарим газар 1.2-1.3 сая төгрөгөөр зараад эхэлсэн л дээ, байраа.

Үүнээс хямдарч байж ч болох. Ийм байхад хямралыг “буян” гэж баярлахгүй яадаг юм, ёстой яршиг л байна. Хэт дээгүүр “сэвээд” байсан үнийн “хөөс” хагарлаа. Ийм байхад баярлахгүй яах вэ дээ.  Бид өнөөдрийг хүртэл ийм л хэтэрхий даварсан нөхдүүдийн халаасыг түнтийлгээд, “хөөсөрсөн” үнэнд нь дарлуулаад сууж байсан байна.  

Үгүй ээ бод доо, нэг хэсэг оффисын барилга ямар ихээр баригдав. Хотын төв хавиар янз бүрийн гадаад нэртэй шилэн барилгууд шил дараад л сүндэрлэж байсан. Дотор нь мөнгө ихтэй хүн л хөл тавьж болно гэсэн журам гаргах нь холгүй байлаа. Тийм оффис дотор өнөөх дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд нь нээгдээд л. 10 саяар гар цүнх, гялалзсан гутал, ганц цамц авчих чадалтай нь ордог байсан цаг саяхан. Гэтэл одоо хаашаа л харна “оффис түрээслэнэ” гэсэн зар. Байгууллагууд аль болох хямдхан байр хайж эхэлсэн. Эсвэл яаж ийж байгаад умгар ч хамаагүй өөрийн гэсэн байртай болох гэж хичээж байгаа юм чинь аргагүй. 

Өнөөх брэндийн дэлгүүрүүдэд тоож орж байгаа хүн ч алга. Бодвол энэ төрд ажиллаж байгаа нөхдүүдэд “идэх” мөнгө ч олдохгүй байгаа юм байлгүй. Дээрээс нь улс орон мөнгө багатай болохоор авлигад цацдаг уут уут ам.доллар нь цөөрч байж болох юм. Тэгээд л үнэтэй брэндийн дэлгүүрүүд худалдан авагчгүй болж,  бүтээгдэхүүнээ 70 хувь хямдруулж байгаа юм гэж ярих ч хүмүүс байх.  Яг үнэндээ тэндэхийн үнийн “хөөс” хага явахгүй юу. 70 хувь хямдруулаад зарахад л ашиг олж байна гэсэн үг. 

Өмнө нь монголчууд хэт давилууун, давруу, баярхуу, мөнгө цацах өвчтэй байсан болохоор дураар тогтоосон өндөр үнийг нь төлөөд л цүнхний “өөдөс”-ийг хэдэн саяар авдаг байж. Тэгээд хоорондоо барьцана аа, ядаж байхад.  Дахиад л нэг хэсэг гэж хэлэхээс биш яах вэ, орон сууцны түрээсийн бизнес цэцэглэн хөгжиж эхэлсэн дээ, энэ улсад. “Нэг хүн 200 байртай гэнэ ээ” гэх үлгэр домог мэт яриа гарч, түрээслүүлээд л мөнгөөр уул барих шахдаг тухайг нь гайхдаг байж.

Тэгвэл одоо хоёр өрөө байр үнэтэй түрээслүүлэх гээд чадахгүй байна, хүмүүс. Угаасаа сард 400-600 мянган төгрөг төлөөд хоёр өрөө байр түрээслээд сууж байх тэнэг хүн Монголд одоо байхгүй. Хүн бүр лизингээр байр аваад, сардаа 400-600 мянган төгрөгөө төлөөд, өөрийн гэсэн орон сууцандаа амар жимэр амьдрахыг хүсч байна. Ийм байхад түрээсийн байрны үнэ хямдрахгүй гээд яах билээ.  Дахиад л нэг хэсэг, машины үнэ ямар байлаа. 

 Хямралын буян зөвхөн үнэ хямдарснаар дуусаагүй. 

Өнөөдөр Улаанбаатарын замыг эзэгнэж байгаа “Приус 20” гэхэд ердөө л жилийн өмнө 11-14 сая төгрөг байлаа. Гэтэл өнөөдөр 6.5-7 сая төгрөгөөр зарагдаж байна.

Тэгээд ч авч байгаа хүн байгаа юм уу, үгүй ч юм уу. Нөхдүүд 7-8 саяар зараад, ашигтай ажиллаж болох байтал 14 хүртэл нь нэмээд, нуга ашиг олдог байжээ. Тийм байхад монголчууд бид мэдэхгүй худалдаж аваад л. Үгүй ээ мөн тансаг байж шүү. Энэ мэтээр дурьдаад байвал монголчуудын хэтэрхий тансаглал, хийрхэл, үнээ дураараа нэмдэг байсныг бичээд дуусахгүй. 

Тэгвэл ердөө л ганц жил хямрахад ард иргэд үнэ яаж “хөөсөрч”, хэдхэн хүн задартлаа баяжиж байсныг ойлгож, ухаарлаа, мэдлээ. Үүнийг хямралын буян гэхгүй өөр юу гэх юм. Маргааш эдийн засаг сэргээд, хачин сайхан болчихдог байлаа ч гэсэн даварсан баагийнуудын орон сууц, машин тэрэг, элдэв барааг өндөр үнээр авах тэнэг хүн Монголд байхгүй. Угаасаа үнэ хямдарч болдог гэдгийг мэдэрчихлээ. Одоо бидний та нарт “салаавч гаргах” ээлж. 

Тийм болохоор байдал өөр болоод баахан ашиг олно гэж бодоод сууж байгаа нөхөр байвал дагз руу чинь алгадъя. Хямралын буян зөвхөн үнэ хямдарснаар дуусаагүй. Ердөө нэг жил хямарч, импортын бүтээгдэхүүн худалдаад ашиг олохоор больсон энэ үед үндэсний үйлдвэрлэл ямар хурдацтай сэргэж байна.

Худлаа хэлсэн хүнд монголчууд бид онгоц үйлдвэрлэх нь холгүй байгаа. Дахиад ганц, хоёр жил болоход бид дотооддоо юу ч хамаагүй үйлдвэрлэж мэдэхээр байна. Тэгэхээр бүсээ чангалаад ганц хоёр жил зүтгэхэд гэмгүй л байна шүү. 

Зураг