Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Одбаяр: Замын цагдаагийн шалгах системд бүх иргэний мэдээллийг оруулна

Ж.Нарангэрэл
2015 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлээд өдгөө нэг сар долоо хонож байна. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд иргэдийн зүгээс нэлээд бухимдал, эсэргүүцэл илэрхийлж байсан. Харин өнөөдөр үр дүн нь хэр байгаа талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Х.Одбаяртай ярилцлаа. 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлж, хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Анх хэрэгжүүлж эхлэх үеэс болохгүй, бүтэх бүтэхгүйгээр нь чичилж байсан. Харин өнөөдрийн өнцгөөс харахад үр дүн нь хэр байна?

-Хуулийг шинэчилж, хэрэгжүүлээд нэг сарын хугацаа дөнгөж өнгөрч байна. Энэ хугацаанд ЗЦГ-ын зүгээс хэрэгжилтийн үр дүнг маш сайн гэж дүгнэж байгаа. Иргэдийн зүгээс ч бидэнд буюу манай хамт олонд хандсан талархлын үг олноор ирэх болсон.

Яагаад гэвэл зам тээврийн осол, хэргийн улмаас бэртэж, гэмтэх, эд материалаараа хохирох зэрэг зөрчил маш их байсан. Өнгөрсөн жил гэхэд зам тээврийн осол хэргийн улмаас 650 хүн нас барж, 1,600 гаруй хүн бэртэж, гэмтсэн гэх зэргээр өндөр тоо гарч байсан. Харин энэ хууль хэрэгжиж эхлээд тухайн сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулан харсан юм.

Замын цагдаагийн газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 2014 оны есдүгээр сард 10,110 дуудлага ирж байсан бол өнгөрсөн сард 8,324 болж 17.7 хувиар буурсан. Бүртгэгдсэн нийт зам, тээврийн осол 3,719 байснаа 2,734 хүрч 26.5 хувиар, эд материалын хохиролтой осол 3,282-оос 2,423 болон 26.2 хувиар, хүн гэмтсэн осол 437 байсан бол 311-т хүрч 28.8 хувиар буурсан байгаа юм. 

Энэ хуулийн үндсэн агуулга нь хүний амь нас, эрүүл мэндийг зам тээврийн осол гэмтлээс хамгаалах шүү дээ. Мөн хүн бүр адил, тэгш эрхтэйгээр замын хөдөлгөөн оролцох ёстой байтал “би л явж байвал боллоо” гэсэн сэтгэхүйтэй Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүй, зөрчдөг жолооч нартай тэмцэж, тэдэнд ойлгуулах үүрэгтэйгээр гарсан. Түүнээс ямарваа нэгэн байдлаар иргэн бүрийн халаас руу төр гараа шургуулах гээд буй асуудал бол биш юм. 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал хэзээнээсээ буурахгүй байсаар ирсэн. Харин энэ хуулийн ачаар нэлээд буурсан талаар яригдах болсон шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ төрлийн зөрчил ч буурсан үзүүлэлттэй гарсан. Өмнөх оны есдүгээр сард 2,500 жолооч журамлагдаж байснаа өнгөрсөн сард 1,551 болж, үндсэндээ 40.2 хувиар буурсан.

Согтуугаар автомашин жолоодно гэдэг нь нийгэмд учруулах хор уршиг нь маш өндөр байдаг. Хүний амь нас хохироох, мөргөж, гэмтээн эрүүл мэнд болон эд хөрөнгөд халддаг сөрөг үр дагаварууд үүсдэг. Энэ нь ийнхүү буурсан нь бусдын амь, нас эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой болж байна гэсэн үг. 

-Дуудлагын жолоочоор үйлчилдэг аж ахуйн нэгж нэлээд хэд бий. Тэдгээр компаниудтай танай байгууллага хэр хамтын ажиллагаатай байдаг вэ. Нэгэнт согтуу жолоочийн тоо буурч байна гэдэг нь цаад утгаараа энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниуд өргөжинө гэсэн үг биз дээ?

-Дуудлагын жолооч болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг газруудын өдөр тутмын үйл ажиллагаанд бол оролцохгүй. Тийм боломж ч байхгүй. Харин тухайн байгууллагуудад бид санамж, сэрэмжлүүлэг хүргүүлэх, жолооч нарт тавигдах шаардлага гэх зэргийг хэлж, ярьж байнга анхааруулдаг.

Дуудлагын жолооч болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг газруудын өдөр тутмын үйл ажиллагаанд бол оролцохгүй. 

Дуудлагын жолооч нартай холбоотой зарим гомдол, санал ирэх тохиолдол байдаг. Тэр тохиолдолд шалгаад цаад байгууллага буруутай нь тогтоогдвол арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. 

-Арга хэмжээ авагдахаас гадна энэ хуулийн хэрэгжил¬тийн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс биднээр үйлчлүүлж, манай үйл ажиллагаа өргөжиж байна гэх мэтээр талархлын үг сонсох, эсвэл хамтдаа согтуу жолооч гэдэг асуудлыг таслан зогсоож чадах юм байна гэхчилэн санал ирж байна уу?

-Одоохондоо манайд хараахан талархал дэвшүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж алга. Харин иргэдийн зүгээс Засгийн газрын 11-11-т ч юм уу цагдаагийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн зүйлүүд байдаг. 

-Үнэхээр талархал хүлээхүйц хэмжээнд хүрэлцэж ажиллаж чадаж байгаа юу, замын цагдаагийнхан?

-Гудамж, замд зөвхөн Замын цагдаагаас л гэхэд 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн бүх замыг 100 хувь гэж авч үзвэл хүний хүчээр үндсэндээ 20-30 хувийг нь л хяналтдаа байлгаж чаддаг. Ердөө л ийм бага хувийг хяналтдаа байлгаад өнгөрсөн жил л гэхэд 51 мянган согтуу жолоочийг журамласан байдаг. Үүнээс харахад манай алба хаагчид сайн ажиллаж байна гэж хэлэхээс аргагүй. 

Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 тоот тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг баталсан. Түүнд зааснаар гудамж, замд 350 тээврийн хэрэгсэл тутамд цагдаагийн нэг алба хаагч байхаар тогтоосон.

Ингээд харвал манай алба хаагчид яалт ч үгүй сайн ажиллаж, төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Дээр нь тэгж тогтоож өгсөн мөртлөө өнөөдөр манай замд байгаа цагдаагийн алба хаагч нар нэг нь 3-4 хүний ажлыг хийж, үүргээ гүйцэтгэдэг. Нийслэлд байгаа тээврийн хэрэгсэлийг алба хаагчиддаа хуваахад 1,000-1,200 тээврийн хэрэгсэл ногддог.

-Согтуу жолооч зэрэг тээврийн хэрэгсэлийн жолооч нартай тооцох хариуцлагыг бий болгож чадаж байна. Харин явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарах зэргийг хэрхэн зохицуулж байна вэ. Халаасанд мөнгө байхгүй юм чинь яах юм бэ гэсэн байдлаар хандаж байна шүү дээ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд зааснаар явган зорчигч дүрэм зөрчсөн тохиолдолд арга хэмжээ тооцно, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөг гээд заачихсан. Энэ дагуу бид хариуцлага тооцохоос аргагүй. Яагаад гэвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэдэг нь Монгол Улсын хэмжээнд бүх нийтээрээ дагаж мөрдөх хууль. Бүх хүнд хамааралтай. 

Энэ чинь торгохдоо бус өөрийг нь аюул, осол, эрсдэлд орохоос нь урьдчилан сэргийлж, таслан зогсоохын тулд шүү дээ. Мэдээж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал бий. Гэхдээ үүнийг давж байж үр дүнг нь хардаг. Угаасаа энэ заалт огт байгаагүй ч юм биш. Өмнөх хуулиудад ч байсан.

Явган зорчигчийг торгох гэхээр нөгөө хүн нь буруу ойлголттой учраас “чи намайг биш, цаад жолоочоо л торго” гэх байдлаар хандах үе бишгүй байсан. Нийтлэг үүргийнхээ хувьд тухайн алба хаагч явган ч бай, жолооч ч бай хариуцлага тооцох эрх нь өөрт нь байдаг гэдгийг иргэд ухамсарлах ёстой. 

Түүнчлэн явган зорчигчийг торгох гэхээр “надад бэлэн мөнгө байхгүй” гэдэг. Овог нэрийг нь асуухаар иргэний үнэмлэх нь байдаггүй. Өөрөөр хэлбэл хэн гэдгийг нь тогтооход хүндрэлтэй байсан.

Одоо бол Замын цагдаагийн газраас олон талт арга хэмжээ хэрэгжүүлж, олон нийтийн болон хэв журмын цагдаагийн алба хаагчдыг гудамж, замд үүрэг гүйцэтгүүлэхээр хамтарсан байгууллагуудтайгаа ажиллаж байна. Тэгэхгүй бол уулзвар бүрт цагдаагийн алба хаагч биет зохицуулалт хийгээд ажиллах гэхээр явган зорчигчоо яах вэ гэх мэт хүндрэл гарна. 

-Явган зорчигчийг жолооч шиг регистрийн дугаараар нь шүүх боломж хэр байдаг вэ?

-Замын цагдаагийн алба хаагч бэлэн бус торгуулийн системд шилжээд гурван жил болж байгаа. Бид жолооч нарын мэдээллийн санг шалгах төхөөрөмжид холбож оруулсан юм чинь дараагийн удаа бүх иргэний бүртгэлийг оруулахаар хариуцсан байгууллагатай нь хамтрахаар ярьж байгаа. 

Энэ тохиолдолд тухайн явган зорчигч дүрэм зөрчсөн тохиолдолд регистрийн дугаар, овог нэрээр нь тухайн иргэний мэдээллийг бүгдийг зурагтай нь гаргаад ирэх боломж бүрдэнэ. 

-Цагдаагийн бичээд өгсөн торгуулийг төлөхдөө их л хойрго ханддаг шүү дээ?

-Тухайн үед мөнгөтэй эсэх нь хамаагүй. Торгуулийн хуудсаа аваад 14 хоногийн дотор төлөхгүй, энэ нь удаа дараа тохиолдвол харьяа дүүргийнх нь шүүхийн байгууллагаас дуудан, албадан гаргах журамтай. 

-Хуулийн хэрэгжилтээс харахад ихэнх осол багассан ч бага насны хүүхэдтай холбоотой нь байсаар л байгаа. Бага насны хүүхдийг харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна гэдэг нь манайд биелүүлэхэд их хэцүү гэж яригдаад байгаа.

-Бид энэ асуудалд ч давхар хяналт тавьж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сард нэг хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Энэ оны мөн сард нэг хүүхэд өнгөрсөн. Гэмтсэн хүүхдийн тухайд бол адил хэмжээтэй байгаа. Тэдгээрээс харахад ердөө л эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдалтай холбоотой.

Осолд өртсөн хүүхдүүдийг харахад дийлэнх нь гэр, сургууль, гэр гэсэн маршрутаар явах үедээ гэмтэж, бэртсэн байдаг. Уг нь 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр оролцохыг хориглоно гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй эцэг, эхчүүдэд ч бид хариуцлага тооцно. Мэдээж үүнийг хуулийн дагуу тогтооно шүү дээ. 

Бид энэ ярьж буйтайгаа холбогдуулан ЕБС-ийн нийгмийн ажилтан, захирал, эцэг, эх гэсэн гурван талт гэрээ байгуулсан. Гэрээ зөрчсөн сургууль, боловсролын газруудад ч хатуу арга хэмжээ авахаар тохирсон. 

-Үүнийг заавал гэрээ байгуулж байхын оронд ЕБС-ын системд замын хөдөлгөөний хуулийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх хичээл оруулж болохгүй гэж үү. Угаасаа явган зорчигч ч замын хөдөлгөөнд оролцогч шүү дээ. Хүүхдүүд томчуудаас буруу арга барилд суралцаад байна?

-Үүнийг хуульд боловсролын системд нэвтрүүлэх талаар заалт орсон. Өөрөөр хэлбэл заавал үзэх хичээлийн хуваарьт орчихно. Тэгэхээр хүүхэд өөрөө мэдлэгтэй болоод бие даан замын хөдөлгөөнд оролцох чадвартай болох байх. Ингэсэн тохиолдолд арай өөр сайн үр дүн гарна. 

Зураг