Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадам өнөөдөр эхэлж байна

ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр  кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн  нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”, “Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны  50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын олон улсын 9, Монголын 6 кино бүтээл олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.  

2015 оны 10-р сарын 09-11-өдрүүдэд болох Олон улсын кино хөтөлбөрийн зургаан бүтээл нь 2014, 2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагналуудыг хүртсэн бүтээлүүд байна. Үүнд:

  • 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Алтан Баавгай шагналт Ираны найруулагч Жафар Панахи “Такси”,
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Алтан навч шагналд нэр дэвшсэн, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан БНХАУ-ын найруулагч Жя Жанкэ “Уул усаа мартагсад”,
  • 2014, 2015 оны Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино төрөл, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан Туркийн кино найруулагч Дениз Гамзе Эргүвен “Зэрлэг адуу”
  • 2015 оны Канн олон улсын кино наадмын Director’s Fortnight Selection хэсэгт шалгарсан Колумбийн найруулагч Сиро Герра “Аварга могойн тэврэлт”,
  • 2014 оны Канн Олон Улсын Кино Наадмын Un Certain Regard шагналт Унгарын найруулагч Корнель Мундруцо “Цагаан бүрхан”,
  • 2014 оны Канн олон улсын кино наадмын Un Certain Regard  шагналт Исландын найруулагч Гримүр Хаконарсон “Ирэг” зэрэг уран сайхны кино тус тус гарна.

Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг 2015 оны 10-р сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах ба өдөрлөгийн нээлтийн киногоор дөрвөн орны залуучуудын тухай, тэр дундаа Монгол охины тухай өгүүлэх Францын кино найруулагч Паскаль Плиссон “Чухал өдөр” УСК нээлтээ хийнэ. Мөн найруулагч Ионис Нюге “Спартак ба Кассандра”, найруулагч Филипп Фокон “Фатима” УСК тус тус гарна.

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг олон нийтэд таниулах, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдэд  Монголын кино урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулагддаг Монгол кино хөтөлбөрийг Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.

Наадмын нээлтийн кино хөтөлбөрт богино хэмжээний УСК-ны төрөлд найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” кино, бүрэн хэмжээний УСК-ны төрөлд найруулагч Ш.Доржсүрэнгийн  “Элэг нэгтэн” УСК кино тус тус шалгаран дэлхийн нээлтээ 10-р сарын 7-нд хийнэ.

Монгол кино хөтөлбөрт найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, зохиолч, найруулагч Л.Номингийн “Хүрд” баримтат кино, найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Аав”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” зэрэг бүрэн хэмжээний УСК бүтээлүүдийг 10-р сарын 9-ний өдөр олон нийтэд үзүүлнэ.    

Мөн зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Наадмын хүрээнд гарах кино нь Тэнгис кино театрын кассаар 4000₮-өөр худалдаалагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг  www.facebook.com/UBIFF болон 319015, 313105 утсаар холбогдон авна уу.

 

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам урьж байна.

Зураг дээр дарж томруулна уу