Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйтний улиралд ханиадыг “давах” 20 АРГА

У.Хулан, iKon.mn
2015 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиад тусах нь их байдаг. Гэтэл ханиаднаас урьдчилан сэргийлж, туссан байлаа ч богино хугацаанд эдгэрэх арга байдаг байна.


Өглөөний цайндаа тараг уу

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайн байвал ханиаднаас урьдчилан сэргийлэхэд тустай. Тогтмол тараг уудаг хүмүүс амьсгалын замын халдвар авах эрсдэл нь 12 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Тасалгаандаа агаар оруулж бай

Өдөржин бүгчим өрөөнд хүмүүстэй хамт суух нь ханиад тусах нөхцөл болдог. Цонх онгойлгож цэвэр агаар оруулсанаар агаарт тархсан вирусыг багасгана.

Хүнсэндээ мөөг хэрэглэ

Мөөг дархлаа сайжруулдаг болох нь батлагджээ. Нэг сарын турш өдөр бүр цагаан мөөг (shiitake mushroom) идсэн хүмүүсийн Т эсийн тоо нэмэгдэж, үрэвсэл нь багассан байна.

Найтааж байгаа хүнээс аль болох зай барь

Хэдийгээр бүдүүлэг санагдаж болох ч найтаах үед ханиадны вирус 20 тохой зайд тархах боломжтой. Тиймээс хэн нэгэн таны хажууд ханиах юм уу найтааж эхэлбэл аль болох холдсон нь дээр.

Урууландаа гар хүрэх хэрэггүй

Нүүрэндээ гараараа хүрэхээ больсноор маш олон төрлийн өвчинөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хүмүүс цагт дунджаар гурван удаа гараа ам, хамарныхаа ойр орчимд хүргэдэг байна. Энэ зуршилаа болих хэрэгтэй.

Хангалттай унтаж амар

Хоногт долоон цагаас бага унтдаг хүмүүс ханиад тусах магадлал нь хоногт найм буюу түүнээс дээш цаг унтдаг хүнийхээс гурав дахин их байдгийг судлаачид тогтоожээ.

Хамар доторхоо цэвэрлэ

Буцалсан усанд бага зэрэг давс хийж хөргөөд хамрын дусаалга ашиглан хамар доторхоо зайлж цэвэрлэ. Хүйтний улиралд орой бүр ингэж хамраа цэвэрлэж заншвал өдрийн турш хамарт орсон бохирдол, вирусыг ариутгах боломжтой.

Цайрын агууламжтай бэлдмэл хэрэглэ

Ханиадны шинж тэмдэг илэрч эхэлмэгц яаралтай уух хэрэгтэй. Цайр нь дархлааны системийг дэмждэг бөгөөд 24 цагийн дотор ханиадны шинж тэмдгийг бууруулж, ханиаднаас үүдэлтэй зовиурыг багасгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Өдөрт 75 миллиграммыг хэрэглэхэд тохиромжтой юм байна.

Мөн цайрын агууламж ихтэй хүнс хэрэглэх нь ханиадны эдгэрэлтийг түргэсгэх, шархны эдгэрэлтэнд сайн нөлөө үзүүлэх, үрэвслийг намдаах зэрэг олон сайн талтай.

Цээжин дээрээ дар

Цээжнийхээ ясны дунд хэсэгт алгаараа дарах хэрэгтэй. Хоёр цаг тутамд нэг удаа минут хэртэй энэ цэг дээрээ алгаараа дарснаар булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, Т эсийг идвэхжүүлэн өвчний эсийг устгадаг байна.

Хангалттай шингэн уу

Өвчтэй үедээ шингэн зүйл их уух нь таны биеэс ялгарах нус, цэр зэргийг багасгадаг байна. Ингэснээр таны бие илүү хурдан цэвэрлэгдэх боломжтой. Өдөрт доод тал нь хоёр литр шингэн уухыг эмч нар зөвлөдөг.

Ханиад туссан л бол яаралтай арга хэмжээ ав

Ханиадны шинж тэмдэг илэрсэн бол 48 цагийн дотор вирусын тархалтыг зогсоох эм ууснаар бүтэн өдөржин орондоо хэвтэхээс аврагдах боломжтой.

Агаар чийгшүүлэгчээ асаа

Хэт хуурай агаар хоолойн өвчин болон ханиалгыг улам нэмэгдүүлдэг. Агаар чийгшүүлэгч хэрэглэснээр таны амьсгалах агаар чийглэг зөөлөн болдог байна.

Халуун ногоо хэрэглэ

Халуун ногоо нь хамрын хөндийг цэвэршүүлдэг байна. Халуун ногоо идсэнээр нүднээс нулимс гарч, хамрын нус гоождог бөгөөд хамар битүү үед түр боловч чөлөөтэй амьсгалах боломж олгодог. Түргэн хугацаанд хамрын битүүг арилгадаг хамрын цацлаганы найрлаганд халуун ногооноос гаргаж авдаг бодис ордог байна.

Хамраа ут

Ганга юм уу ургамлын анхилам үнэртэй тос буцалсан усанд дусаагаад амьсгалах хэрэгтэй. Жишээ нь гааны сэнгэнэсэн үнэрийг амьсгалснаар хамрын хөндий цэвэршиж, битүү нь арилна. Түүнчлэн ингэж утах нь хамрын хөндийн хана, салстад байгаа бактерыг устгадаг аж.

Өвчтэй үедаа дасгал хийх хэрэггүй

Заавал дасгал хийх шаардлагатай бол бага зэрэг алхах, хөнгөн төрлийн иогийн дасгал хийх зэргээр цусны эргэлтээ сайжруулж болно. Хэрэв ханиад чинь хүндэрсэн бол ямар нэг дасгал хийх хэрэггүй. Учир нь таны биед өвчний вирустэй тэмцэх хангалттай эрч хүч хэрэгтэй.

Давстай бүлээн усаар хоолойгоо зайл

Энгийн боловч маш үр дүнтэй арга. Давс нь өвчин үүсгэгч бактерыг устгадаг. Нэг аяга усанд цайны халбаганы талаар давс хийгээрэй.

Тахианы халуун шөл уу

Амттай тахианы шөлнөөс гарах уур нь хамрын хөндийд сайн нөлөөтэй бол шөл нь хоолойн өвчинд тустай. Түүнчлэн тахианы шөл нь халдвартай тэмцэгч цусны цагаан эсийн хөдөлгөөнийг сааруулдаг бөгөөд ингэснээр цусны цагаан эс биеийн өвчтэй газар илүү удаан байх сайн талтай гэнэ.

Нэг халбага зөгийн бал ид

Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хоолойн өвдөлтийг намдаадаг байна.

Зайрмаг ид

Юм залгихад хоолой чинь зовиурлаж байна уу? Зайрмаг нь хоолойны өвчтэй хэсгийг хайрч мэдээ алдуулдаг бөгөөд ингэснээр түр зуур өвчнийг нь намдаадаг байна.

Өөртөө тусла

Дээшээ харж хэвтэх үед нус, цэр хамрын хөндийд цугладаг бөгөөд ингэснээр дахин халдвар үүсэх боломжтой. Иймээс унтах юм уу хэвтэж амрах үедээ 45 хэмийн налуу байрлал хамгийн тохиромжтой гэнэ. 

 

Эх сурвалж: Health.com