Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Путины Сири дэх дайныг тайлбарлах ТАВАН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Геополитик судлаач Ян Бреммер Оросын ерөнхийлөгч Сирийн иргэний дайнд оролцохдоо ямар тооцоо хийснийг дараах таван баримтаар тайлбарлаж байна.

 

Путины нэр хүнд

Анхнаасаа л Путин гадаад бодлогын хатуу үг, үйлдлээрээ өөрийн оронд нэр хүндээ өсгөж ирсэн түүхтэй. 1999 онд Путиныг ерөнхий сайд  болоход 31  хувийн рэйтингтэй, Оросуудын 37 хувь нь түүнийг танихгүй байв.

Харин жил хүрэхгүй хугацааны дараа рэйтинг нь 84 хувьд хүрсэн нь орон сууцнуудад гарсан цуврал дэлбэрэлт, түүний буруутнаар Чечений босогчдыг нэрлэсэн явдлаас үүдэлтэй байлаа.

2008 оны наймдугаар сард Гүржийн эсрэг таван өдрийн дайн хийж 67 цэргийн албан хаагчаа алдан, хөршүүддээ хэн нь босс болохыг ойлгуулснаар дахин таван оноо нэмж авсан.

2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаар газрын тосны үнэ буурч Оросын ДНБ найман хувь унасан ч Путин Гүржийн эсрэг суртал ухуулга олон сар явуулсны хүчинд рэйтингээ 70-аас дээш хувь хадгалж чадсан юм.

 

Оросын живж байгаа эдийн засаг

Оросын эдийн засаг сүүлийн хэдэн жил маш хүнд байгаа тул Путинд Оросын нэр хүндийг өргөх хэрэгцээ байгаа. Хамгийн том хохирол нь газрын тосны үнэ буурч баррел нь $50 хүрэхгүй болсон явдал.

Газрын тос, байгалийн хий нь Оросын засгийн газрын орлогын 50 хувийг бүрдүүлж Оросын экспортын 68 хувийг эзэлдэг.

Москва газрын тосноос ийм их хамааралтай тул үнийн уналтын доллар бүрээс $2 тэрбумыг алдаж байгаа гэсэн тооцоо бий.

Украйны хямралаас үүдэлтэй хориг арга хэмжээ байдлыг бүр муутгаж байна.

Наймдугаар сараас хойш барааны үнэ 16 хувь нэмэгдэж, рублийн ханш долларын эсрэг 5.5 хувь буурч, Оросын эдийн засаг энэ жил 3.4 хувь агшихаар байна. Гэвч Путин Украйны асуудлаар олон нийтийн дэмжлэгийг авч чадсаны улмаас рэйтинг нь 84 хувь байсаар байгаа.

 

Оросын сүр хүч

Баруунд удирдагч нарынх нь нэр хүнд улсынх нь эдийн засгийн үзүүлэлттэй уялдаатай байдаг. Тиймээс ямар ч асуудалтай тулгарч байсан Ангела Меркелийн нэр хүнд Германы эдийн засагтай нэг түвшинд явдаг.

Харин Орос бол өөр. Оросын иргэдийн 90 хувь нь төрийн мэдлийн телевизийн сувгаас мэдээллээ авдаг. Үүнээс илүүтэй иргэдийн бараг 88 хувь нь Путины олон улсын бодлогод итгэдэг. Украйны хямралыг Орос болон Барууны хоорондын тэмцэл мэтээр харуулснаараа Путин Оросын үндэсний үзлийг дэвэргэж чадсан. Тиймээс 2014 оны нэгдүгээр сард 65 хувь байсан түүний рэйтинг Орост Крымийг нэгтгэсний дараа шууд 80 хувьд хүрснээс харж болно.

Өнөөдөр Оросуудын 61 хувь хөрш улсуудад нь Орост буцааж өгөх ёстой газар байгаа гэдэгт итгэж байна. 1992 онд ЗХУ задарсны дараа Оросуудын арван хүн тутмын дөрөв нь ийм ойлголттой байсан юм.

Энэ үзүүлэлт Латви, Эстони зэрэг улсуудад түгшүүр төрүүлж байгаа. Учир нь тэдний хилийн дагуу суудаг Орос үндэстнүүдийн тоо Украйныхаас ч илүү юм.

Путин Оросын эдийн засаг хяналтнаас нь гарсныг ойлгож байгаа. Тиймээс тэр одоо Оросын армийг ашиглан иргэдийнхээ эх оронч үзэл дээр тоглох гэж байна.

 

Украйн

Путины гадаад бодлогын нэг чухал хэсэг бол Европын Холбооны эсрэг Евразийн Холбоог байгуулах. Гэвч хэмжээний хувьд болон түүхэн ач холбогдлоороо Евразийн Холбоо Украйнгүйгээр байх боломжгүй. Гэтэл Украйны эрх баригчид Москвагаас илүү Брюссель руу нааштай хандаж байв. Тиймээс Оросууд эзлэн түрэмгийлсэн. Гэвч зорилго нь хэзээ ч Украйныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эзлэх биш байсан ба харин Украйны засгийн газрын Европын Холбоо болон НАТО-д элсэх бодлогыг нураах байлаа.

2014 оны дөрөвдүгээр сараас хойш дорнод Украйнд 8,000 орчим хүн амиа алдсан. Нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн энэ дайнаар Украйн улс өдөр бүр $5-$10 саяыг алдаж байгаа гэдэг. Энэ бүгд бол Оросын төлөвлөгөө бөгөөд Киевийг Оросын шаардлагыг биелүүлж үндсэн хуулиа өөрчлөн, Оросын орбит дотор Украйныг үлдээх хүртэл хэрэгжих юм.

Хямрал үргэлжлэх тусам Киев илүү их мөнгө алдана.

 

Сирийн дайнд Оросууд

Украйны хямралаар Путин Евразийн Холбооны мөрөөдлөө хадгалж үлдсэн. Гэхдээ үүний төлөө тэр их мөнгө төлж байгаа нь Олон Улсын Валютын сангийн гаргасан тооцоогоор ирэх хэдэн жилд Оросын ДНБ есөн хувь буурах төлөвөөс харагдаж байна.

Харин Сири Путинд үүнийг засах боломж өгч байгаа юм. Европ дүрвэгсдийн хямралд өртөж, АНУ Исламын улсыг хэрхэн дарахаа мэдэхгүй болоод байна. Хэрвээ Оросууд 28 байлдааны онгоц, 2,000 цэргээ илгээвэл Исламын улсын эсрэг дайныг эргүүлж, бүс нутгийг тогтвортой болгосноор дүрвэгсэд нутаг буцаж, үүний хариуд Европчууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ зөөллөнө гэж Путин тооцоолжээ.

Оросын холбоотон Башар аль-Ассадыг зайлуулахгүйгээр Сирийн асуудлыг шийдэхийг Америкчууд тийм амархан зөвшөөрөхгүй.

Гэсэн хэдий ч Путин энэ ажиллагаагаар өөрийн улс орондоо оноогоо дээшлүүлж чадна.

АНУ Сирид бүтэлгүйтвэл Путин 2024 он хүртэл өөрийн ерөнхийлөгчийн суудлыг хадгалж үлдэх бүрэн боломжтой болох юм.

 

Эх сурвалж: Time.Com